ЭШЛЭЛ 1
З.Энхболд: Би З.Энхболд гэдэг хувь хүнийхээ үүднээс бус Ерөнхийлөгч Х.Баттулгын байр сууриа илэрхийлж суугаа хүн. Ардчиллын 30 жилийн эрдэм шинжилгээний хуралд хоёр хуудсанд багтааж байр сууриа илэрхийлсэн. Алдаатай, оноотой 30 жил болж өнгөрсөн байна. Зөвхөн монголчууд алдаж ирсэн юм биш. Суралцах цаг бидэнд хэрэгтэй. Алдсан алдаагаа залруулах боломж УИХ-д байсан боловч боломжоо алдчихлаа. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Ерөнхийлөгч санаачлаагүй. Гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой байдал гэсэн УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл. Гоё реклам цацагдсан. Энд бичигдсэн зүйл нь биелэх юм байх гэж бодоод Ерөнхийлөгч хуулийн төслөө хүргүүлсэн. Гэтэл 80 хувь нь алга болсон. УИХ-ын гишүүдийнх болохоор 80 нь дэмжигдсэн. Тиймээс Ерөнхийлөгч энэ сарын 9-ний өдөр бичиг хүргүүлж, саналаа татсан. Асуудал маш энгийн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь гүйцэтгэх засаглалаа бэхжүүлье гэдгээс эхэлсэн. Гэтэл Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг тогтолцоон дээр 62-ын бүлэг нөгөө тийш нь дараад хуучнаар нь үлдээсэн. Ийм өөрчлөлт хийх хэрэг байна уу.
ЭШЛЭЛ 2.
Д.Лүндээжанцан: Гурван парламент дамжиж яригдсан сэдэв. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулахыг Үндсэн хуульдаа тусгасан. Энэ бодит механизмыг эцэг хуульдаа тусгасан байх ёстой. Гэтэл төрийн эрх мэдлийн тэнцвэргүй байдал үүссэн. Их хурал хоёр том эрх мэдлээсээ татгалзая гэсэн шүү дээ. Нэг нь томилгоо буюу Ерөнхий сайдл танхимаа бүрдүүлэх. Нөгөөх нь төсөв.
ЭШЛЭЛ 3.
З.Энхболд: Ерөнхий сайддаа эрх мэдэл өгөхгүй гэж байгаа юм бол ард түмэнд сонголтыг нь өгчих л дөө. Ерөнхий сайдыг сонгодог 39 гишүүн бүх асуудлын суурь юм биш үү. Засаглал тогтворгүй байгаа нь улс төрийн намд биш юм байна. Тэрбумтангууд улс төрд өөрсдийн төлөөлөө суулгадаг байсан бол одоо өөрсдөө орж ирээд суудаг боллоо. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх тогтолцоог Ц.Мөнх-Оргил гишүүн хамгийн их эсэргүүцсэн. Тэдний компани хохирох гээд байна аа даа. MCS-ийн эрх ашгийг хамгаалж байна гэж наанаа хэзээ ч хэлэхгүй шүү дээ. Ерөнхий сайдаа ард түмэн сонгодог байя гэсэн энгийн санал хүргүүлсэн. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог биз дээ. Ард түмэн сонгууль өгөөд сурчихлаа шүү дээ.
ЭШЛЭЛ 4.
Д.Лүндээжанцан: Шинэ Ерөнхий сайдыг нэр тодруулчихаад оруулж ирдэг, Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлдэг заалт олонхийн санал авч чадаагүй. 57 гишүүн дэмжих ёстой. Гэтэл 54, 55 болчихоод байсан. УИХ-ын гишүүд өөрсдийн саналаа өгсөн. АН-ын 7 гишүүн өөр өөр санал хүртэл өгдөг. Ийм байхад гол асуудалд дэмжлэг авч чадсан нь сайшаалтай.
ЭШЛЭЛ 5.
З.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах нь учир дутагдалтай. Ялангуяа 30 тэрбумыг зарцуулах юм бол больчих хэрэгтэй. Үүнийхээ оронд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийж чадаагүй засаглалынхаа хэлбэрийг асуух хэрэгтэй.
ЭШЛЭЛ 6.
Д.Лүндээжанцан: Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх заалт унасан. Учир нь нэг хүний дарангуйлал тогтох гээд байна гэж эмзэглэсэн. Буруу зүйл хийвэл огцруулж чадахгүй байдалд хүрэх байх гэж шүүмжилсэн. Гэтэл нөгөө талд Засгийн газар нь богино настай, байнга солигдож байна. Ийм хоёр туйлширлын дундуур “Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжвэл Засгийн газрыг огцруулна” гэсэн заалтыг “Нийт гишүүдийн” гэж өөрчлөх гэж оролдсон. Хэрвээ Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол тараах зарлигийг Ерөнхийлөгч гаргаж байя. Хяналтыг ингэж тэнцвэржүүлэхийг хичээсэн.
ЭШЛЭЛ 7.
З.Энхболд: Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхээр Х.Баттулга шууд Ерөнхийлөгч болчих юм шиг инээдтэй юм яриад байхын. Бүх зүйл шинээр эхэлнэ шүү дээ. Нэг гараанаас эхэлнэ гэсэн үг.
ЭШЛЭЛ 8.
Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд жижиг нэмэлт, өөрчлөлт гэж байхгүй. Орсон нэмэлт, өөрчлөлт бүр цаанаа утга, агууллагатай. Дагаад маш их эрсдэлийг дагуулж байдаг.
ЭШЛЭЛ 9.
З.Энхболд: Органик хуулиар зохицуулж болж байгаа юм бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ямар хэрэгтэй юм бэ. Ямар ч хэрэггүй биз дээ?
ЭШЛЭЛ 10.
Д.Лүндээжанцан: Яахав, баталгааг нь давхар хийж өгсөн юм. Шүүхийн хараат бус байдлын заалтууд Ерөнхийлөгчөөс ч, УИХ-ын гишүүдийн саналыг ч оруулсан. Ард нийтийн зүгээс гишүүдийн тоог нэмэх хэрэггүй ээ. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг зардал мөнгө нь дийлдэхгүй гэсэн.
ЭШЛЭЛ 11.
З.Энхболд: Монголын ард түмэн гишүүдийн тоог нэмэх дургүй байгаа юм бол цөөлбөл дуртай байх юм биш үү
ЭШЛЭЛ 12.
Д.Лүндээжанцан: Тийм саналтай хүмүүс байсан. Та Ерөнхийлөгчийн засаглалыг агуулж байх шиг байна. Нэг хэсэг нь ийм бодолтой байж болно. Хэт цомотгох нь бас эрсдэлтэй. Үндсэн хуульд парламентийн засаглалтай байна гэж заасан. Энэ ч утгаараа засаглалаа асуух боломжгүй. Үндсэн хуулийн журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа дараагийн асуудлаа ярих ёстой.
ЭШЛЭЛ 13.
З.Энхболд: Үндсэн хуульд ямар ч асуудлаар санал асуулга явуулж болно гэж заасан байдаг. Гэтэл Лүндээжанцан гишүүн болохгүй гэх юм. Өөрөө зохиож яриад байна.
ЭШЛЭЛ 14.
Д.Лүндээжанцан: Ерөнхийлөгчийн засаглал муу гэж би хэлэхгүй. Гэхдээ би дэмжихгүй.
ЭШЛЭЛ 15.
З.Энхболд: Д.Лүндээжанцан гуай шиг хүмүүс “Ерөнхийлөгчийн засаглал бол тоталитар дэглэм юм” гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлчихэж. Үүнд тайлбар хийх ёстой. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээ парламентаас сонгож байвал парламентийн засаглал. Харин ард түмэн сонгож байвал Ерөнхийлөгчийн засаглал. MCS группт таалагдахгүй бол хэзээ ч Ерөнхий сайд болохгүй. Яагаад гэвэл, Ц.Мөнх-Оргил гишүүн зүтгэсээр байгаад аваад үлдчихэж байгаа биз дээ. Сайдаа мэдэхгүй Их хурал гэж юу байсан юм бэ гэж хоёр өдөр дайрлаа.
ЭШЛЭЛ 16.
Д.Лүндээжанцан: Яагаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг ярих болов гэхээр үүнийг бахь байдгаар нь байвал парламентийн засаглал бүтэхгүй юм байна гэдэг өнцөг гаргаж ирж байна. Тиймээс л сайн, муу нэр зүүсэн ч хамаагүй, өөрчлөх ёстой. Парламент нь парламент шиг байя. УИХ-ын гишүүд хариуцлага алдвал эгүүлэн татая. Төсөв рүү хутгалдаг асуудлыг зогсооё.
ЭШЛЭЛ 17.
З.Энхболд: Ийм юм болдоггүйг өөрөө мэдэж байгаа биз дээ.
ЭШЛЭЛ 18.
Д.Лүндээжанцан: Засах гээд байгаа юм биш үү. Ерөнхийлөгчийн засаглал руу явуулах нь улс орноо хорлосон зүйл болно. Боломжтой саналуудыг дэмжсэн. Давхар дээлийг тайлах асуудалд бид анхнаасаа Ерөнхий сайд болон дөрвөөс дээшгүй гишүүн байя гэдэг санал гаргасан. Ерөнхийлөгчийн засаглалын хувьд “Олноороо хэлэлцвэл буруугүй” гэдэг монгол үг бий. Тиймдээ ч парламентийн засаглалыг монголчууд сонгосон.
ЭШЛЭЛ 19.
З.Энхболд: Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн засаглалтай, эсвэл парламентийн засаглалтай байх эсэхийг ард түмнээсээ асууж өгөхийг гишүүдээс хүссэн. Гэтэл тулгаж байна гэх юм. Яагаад үүнийг асууж болохгүй байгаа юм бэ.
ЭШЛЭЛ 20.
Д.Лүндээжанцан: Үндсэн хуулиар болохгүй байгаа юм. Үндсэн хуульд гар хүрч болохгүй, нөгөөх нь дорвитой өөрчлөлт алга гэсэн хоёр туйлшрал байна.
ЭШЛЭЛ 21.
З.Энхболд: Энэ сарын 9-ний өдөр Ерөнхийлөгч албан бичиг явуулах хүртлээ парламентийг парламент шиг байна гэж найдсан. Адаг сүүлд нь бүгдийг нь будаа болголоо. Энэ зургаан хуудас юмыг хэн ч уншихгүй. Ач холбогдолтой биш. 30 тэрбум төгрөгөө больсон юм байна. 15 тэрбум төгрөгийг салхинд хийсгэвэл цамаан зан шүү.
ЭШЛЭЛ 22.
Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн нэг үгийг өөрчлөхийн тулд 15 тэрбум төгрөг зарцуулах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Дэлхийн улс орнуудад 20 жил ярьсан заалт ч байдаг.
ЭШЛЭЛ 23.
З.Энхболд: Гүйцэтгэх засаглал ч ялгаагүй. 2016 онд М.Энхболд намаа ялуулахад бүх ард түмэн түүнийг Ерөнхий сайд болох юм шиг санаж байсан. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ болсон. 1996 онд Ц.Элбэгдорж сонгуульд хамгийн олон суудал авсан. Баянхонгороос нааш ирэх замд нь Ерөнхийлөгч асан П.Очирбат, нийтлэлч Баавар нар хуйвалдаад сонгуульд огт оролцоогүй Энхсайханыг Ерөнхий сайд болгочихсон юм шүү дээ.
ЭШЛЭЛ 24.
Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн 19 зүйлд өөрчлөлт оруулах гэж байна. Дээд талдаа 24 зүйлд өөрчлөлт оруулах ёстой. Парламент тарах эсэх асуудал гэнэтийн асуулт байна. Ордонд яригдсан юм билээ. Хариулцлага алдсан парламент тардаг байх ёстой. Миний амьдралын түүхээс харахад бүхий л парламент муу нэртэй байсан. Нэг юм болонгуут тараад байвал муу жишиг тогтоно. Зүй тогтлоороо явах ёстой юм л даа. Түүнээс биш сандал ширээтэйгээ зууралд гэхгүй. Бүлгийн хурлаар УИХ тарах ёстой гэдэг зүйл яриагүй. 51 гишүүн дэмжиж байж шийднэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг ярьж дууссаны дараа ийм яриа гарсныг үгүйсгэхгүй. Миний зарчмын байр суурь байвал Засгийн газар тогтвортой байна гэдэг шиг УИХ ч гэсэн бүрэн эрхийн хугацаанд сайн ажиллах ёстой.
Сэтгэгдэл (55)