“Монгол-Хятадын Эскпо 2019" ӨМӨЗО-ны Улаанцав, Хөх Хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн хоёр удаагийн экспод нийт 700 орчим ААН оролцож, 2.2 тэрбум юанийн үнийн дүн бүхий 278 баримт бичиг, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр 1.1 тэрбум юанийн худалдаа хийжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин тус экспогийн нээлтэд оролцож, Зүүн хойд Азийн бүс нутгуудын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд үг хэлсэн юм. Үүний дараагаар Шадар сайд Ө.Энхтүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ удаагийн экспогийн онцлогийг дурдвал?
-2015 оноос эхэлсэн “Монгол-Хятадын экспо” хоёр жил тутамд зохион байгуулагддаг уламжлалтай ирсэн. Өнгөрсөн хоёр экспо их үр дүнтэй болсон учраас Монголын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгдөг, бизнес эрхлэгчид хүсэн хүлээдэг арга хэмжээ болоод байна. Энэ удаад бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллага, урлаг соёлынхон гээд нийт 1100 гаруй хүн оролцож байна.
БНХАУ-ын талаас ч мөн ач холбогдол өгч байна. Хоёрдугаарт, зөвхөн манай хоёр улс бус зүүн хойд Азийн улс орнууд, ОХУ, БНСУ, Япон бүр Израйлаас ч оролцож байгаа нь онцлогтой. Экспогийн нээлтэд оролцоход Израйлын 47 компани оролцож байна лээ. Энэ нь жилээс жилд хүрээгээ тэлж, үр дүнгээ өгнө гэж үзэж байна.
-Илтгэлийн үеэр хоёр орны худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгааг дурдсан.
-Тийм боломж бий. Хоёр орны худалдааны эргэлт 2018 оны дүнгээр 8.4 тэрбум америк ам.доллар байсан. Энэ нь 2017 онтой харьцуулахад 21 хувиар өссөн үзүүлэлт. Сүүлийн жилүүдэд жилээс жилд тогтмол өсөж байгаа нь 10 тэрбум америк долларт хүрэхэд ойрхон байгааг илтгэж байна. Бидэнд маш их бололцоо бий. Харин бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Бололцоотойгоо харьцуулахад 8.4 тэрбум америк доллар бол бага. Тиймээс энэ талаар анхаарах хэрэгтэй. Худалдаа гэхээр зөвхөн нүүрс экспортлох бус газар доорх баялагаас илүүтэй уул уурхайн бус бүтээгдэхүүний хэмжээг гаргах, худалдааны бүтцийг сайжруулах, шинэ технологид анхаарах нь зүйтэйг Засгийн газар, Ерөнхийлөгч хэлсээр байгаа юм.
-Сүү, сүүн бүтээгдэхүүн, махны экспортод стандартын асуудал хөндөгддөг.
-Тарифын болон тарифын бус хориг саадыг багасгах, болж өгвөл арилгах нь хоёр улсын Засгийн газар хооронд маш олон жил яригдаж буй асуудал. Үүний дунд стандарт хэмжил зүйн салбарын асуудал багтдаг. Энэ асуудалд тусгайлан Стандартчилал хэмжилзүйн газрын даргаар ахлуулсан том баг ирж, экспогийн өдрүүдэд ойр ажиллан, хориг саадыг арилгах арга замыг ярилцана.
-Монгол Улсаар дайран өнгөрөх зам харилцааны асуудлын тал дээр ч учир дутагдал байгаа. Энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?
-Тээвэр, ложистикийн салбар нэг үеэ бодвол хөгжиж байгаа ч хангалттай биш байна. Шинэ төвүүдийг байгуулж байна. Ойрын үед Тианжинд том төв байгуулна. БНХАУ-ын талаас манай улсад 10 мянган га газар өгсөн. Гэрээ хэлэлцээр хийсэн. Энэ оноос ажил эхэлнэ. Төв байгуулагдвал Монгол Улс уруу орох чингэлгийг тэнд нь шалгах боломж нээгдэнэ.
Хэдэн тонн нүүрс гаргаснаа яриад хэдэн тоонд санаа амарч болохгүй. Гол нь худалдааны бүтцийг сайжруулах хэрэгтэй. Уул уурхайн бус бүтээгдэхүүн, олон төрөл, чиглэлд худалдаа хийх, тарифын болон тарифын бус хориг саадын багасгах, аль болох шинэ технологи нэвтэрсэн салбарт хамтран ажиллах гол бодлого барьж байна. Хүмүүнлэгийн салбарт манай хоёр улсын харилцаа маш сайн. Маш олон оюутан БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурч байна. Төгсөж ирсэн боловсон хүчин бол нэлээн чадалтай байна.
-Экспо болж буй Улаанцав хот маш бага хугацаанд бүтээн байгуулалт хийж, үйлдвэрлэлийг хөгжүүлж буй шинэ хот. Манай улс бүсчилсэн хөгжлийг туршлага болгон авбал?
-Энд ирэхээс өмнө Улаанцав хотын талаар төдийлэн мэдээлэлтэй байгаагүй. Ирэхэд үнэхээр хөгжжээ. 2.1 сая орчим хүн амтай. Манай Улаанбаатар бол 1.3 сая орчим. Хот төлөвлөлт нь ямар их зохион байгуулалт, алсын хараатай байгааг бид харж байна. Бид ийм л болох ёстой. Бидэнд бусдаас санаа авч, суралцаж, хийж бүтээх зүйл их байна.
-Замын-Үүд, Эрээний чиглэлийн чөлөөт бүсийн хэлэлцээрийг хэзээ соёрхон батлахаар байгаа вэ?
-1995 онд чөлөөт бүс байгуулах анхны баримт бичиг гарсан ч олигтой бүтээн байгуулалт хийж чадаагүй. БНХАУ тал ч гайхдаг. Харин хэлэлцээрт энэ жил гарын үсэг зурсан. Одоо УИХ-аар соёрхон батлах ажлыг л хийнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийн дараа хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал. Аравдугаар сард хэлэлцээрийг соёрхон батлах болов уу гэж бодож байна. Тэнд нэлээд ажил хийгдсэн байгаа. Нийт 60 гаруй сая америк долларын хөрөнгө оруулалт хийж, дулааны цахилгаан станц, ус цэвэршүүлэх байгууламж баригдсан. Зам, гэрэлтүүлэг бүгдийг хийсэн. Одоо гагцхүү хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газар соёрхон баталвал энэ ажлууд хүчинтай явна гэж харж байна. Наашаа ирэхийн өмнө Азийн хөгжлийн банкны удирдлагуудтай уулзсан. 30 сая америк долларын хөрөнгө оруулалтыг хийж хамтран ажиллая гэсэн. Энэ бол хоёр улсын харилцааны маш том боломж тавигдаж байна гэж бодож байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)