Циркийн жүжигчдийн чадварлаг үзүүлбэрийг харсан хүү “Би том болоод циркчин болно, заавал” гэж хэлэв. Хүүгийн аавын хэлснээр хэдхэн хоногийн өмнө “Том компанийн захирал болоод ээж, аавыгаа дэлхийгээр аялуулж, жаргалтай байлгана” хэмээн амлаж байжээ. Гэтэл циркийн үзүүлбэрийг харсан даруйдаа тэрбээр мөрөөдлөө ийн өөрчлөв.
Хүү мөрөөдлөөсөө урвасан шалтгаан нь олон сандлыг давхарлаж, найман метр өндөр болгон дээр нь уран нугарсан циркчинээс болсон хэрэг. Аюултай үзүүлбэрийг нүд цавчилгүй харах хүүгийн энэ л баяр хөөртэй алга ташилт дор “Хятад орныг танин мэдэх” цуврал арга хэмжээний хүрээнд зохиогдсон циркийн үзүүлбэрийг үзэж сонирхов.
Зарим хүмүүс “Циркийн үзүүлбэрийг хүмүүс тэр бүр үзэхээ больсон” гэж ярьж байгаа сонсогддог. Тэгвэл энэ бол ташаа ойлголт тэр бүү хэл, циркийн үзүүлбэрийг иргэд ямар их үгүйлж байсныг баталсан тоглолт энэ сарын 5-ны өдөр “АСА” циркийн тайзнаа боллоо.
Үзэгч олны алга ташилт дор БНХАУ-ын Сычуань, Пужиан, ӨМӨЗО зэрэг хотын уран бүтээлчид циркийн үзүүлбэр үзүүлсэн юм. Гайхалтай нь тоглолтын мөчид алга ташилт үл тасрах аж. Магад циркчид элдэв бэхэлгээгүйгээр эрсдэлтэй үзүүлбэрийг чадамгай хийж байснаас болсон ч байж мэднэ. Жишээлбэл, бяцхан хүүг мөрөөдлөөс нь урвуулж чадсан үзүүлбэр байна. Хоёр сандлыг зөрүүлэн дөрвөлжилж дээр нь уран нугарах нугараачийн үзүүлбэр эхлээд хүмүүст тийм ч сонирхолтой санагдсангүй.
Зарим нь “ямар сонин үзүүлбэр бэ” хэмээн гайхаж байлаа. Дахин хоёр сандал дээр дахин хоёр сандал давхарлаж, мөнөөх үзүүлбэрээ үзүүлэв. Сандалаа жаахан л далий байрлуулбал тэр унах байв. Гэвч алдаа гаргасангүй. Энэ удаад үзэгчид “яанаа” хэмээн түгшиж байгаа нь харагдав. Үзүүлбэр ингээд дууссангүй. Дахин хоёр сандал зөрүүлэн давхарлан тавилаа. Тэр мөн л алдаа гаргасангүй. Мөн л өнөөх үйлдлээ давтан хийв. Гэхдээ энэ удаад “Би чадлаа” гэсэн шиг өөртөө итгэл төгс хийж байлаа. Зургаа дахь сандлаа тавьж байхдаа мэдэгдэхүйц хэмжээний чичирхийлж байсан түүний гар хурц ширүүн хөдөлгөөнөөр солигдов. Ийнхүү тэрбээр найман метрийн өндрөөс нэг гар дээрээ тогтон нугарч эхлэв. Аз сорьсон эсвэл гайхалтай гэх үү, хамгийн дээд талын сандал буюу зургаа дахь сандлыг хөндлөн тавьж байгаад нугарсан юм. Хүүхдүүд хашхиралдаж, ээж, аавууд “хөөх” гэдэг үгийг л амандаа бувтнана. Хамгийн эрсдэлтэй энэ үзүүлбэрээрээ тэрбээр дэлхийн циркийн наадмаас мөнгөн медаль хүртэж байжээ.
Мөн энэ үдэш күнфүгийн үзүүлбэр ихээхэн онцлог байлаа. Хятадын алдарт жүжигчин Жэки Чаныг мэдэхгүй хүн үгүй болов уу. Тэгвэл түүний орлон тоглогч уламжлалт тулааны урлагаараа мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ер нь үзүүлбэрүүдээс ажиглахад циркийн үзүүлбэртээ өөрийн соёл уламжлалаа чадмаг хослуулжээ. Тухайлбал, ногоон өмсгөл өмссөн цэцэгхэн охид. Тэд уг үзүүлбэрт тийм ч чухал үүрэг гүйцэтгээгүй ч тэдний уламжлалт хувцас, хэрэглэл чимэг болж байлаа. Нэг гараараа тэнцвэрээ олж шатаар өгсөх зэрэг тэсвэр тэвчээр шаардсан үзүүлбэрийг голлон үзүүлэв. Мөн хөлөөрөө ваар, ширээг яг л цаасан хайрцаг мэт эргүүлж, тойруулж наадаж байна. Бүр хоорондоо солбилцож, шидэж тоглохыг яана.
Аливаа улсын урлаг соёл бүр өөрийн өнгө аястай. Тэгвэл тэрхүү өнгө аясаар нэгэн үдэш аялуулсан үзүүлбэрээр дүүрэн байсан юм. Ингээд циркийн тоглолт өндөрлөж, уран бүтээлчид нижгэнэсэн алга ташилтаар сэтгэлийн цэнгэл эдэлсэн бол сэтгэлийн таашаал мэдэрсэн үзэгчид сэтгэл хангалуун гэртээ харихаар өндийсөн юм. Урлаг, спорт тухайн улсын соёл, түүхийг товч бөгөөд тодорхой тэр дундаа утга төгс илэрхийлж чадах зүйл болохыг БНХАУ-ын циркчдийн тоглолтоос бүрэн мэдэрсэн юм.
Б.Лхам