БНХАУ тусгаар тогтнолоо дэлхийд зарласан 70 жилийн түүхт ой энэ онд тохиож байна.
Тодруулбал, Хятад улс тусгаар тогтнолоо зарлахад Мао Зэдуны гүйцэтгэсэн үүрэг туйлын их юм. Тухайлбал, 1924-1949 оны хооронд хятадад иргэний дайн өрнөсөн бөгөөд уг дайнд Мао идэвхтэй оролцжээ. Цзянси-ээс Шаньси хүртэл явсан хятадын ажилчин, тариачны улаан армийн давшилт, Их аян буюу хятадын төрийг тухайн цагт удирдаж байсан гоминданы намтай өрнөсөн тулааны үеэр тэрбээр намынхаа удирдлагыг бүрэн авсан байна. Гоминданчуудтай хийсэн тулаанд коммунистууд ялалт байгуулснаар 1949 оны аравдугаар сарын 1-ний өдөр Мао Зэдун БНХАУ байгуулагдсаныг зарлан тунхаглажээ. Энэ өдрийг улс даяар долоо хоног амарч, гурав хоног хилээ хааж, өргөн дэлгэр тэмдэглэдэг юм.
Хятадад хувьсгал байгуулж чадсан Мао Зэдун нь энгийн л нэг тариачны гэр бүлд төрж, өсчээ. 1911 онд хятадад хувьсгал гарахад хувьсгалт армид элсэн орж улмаар 1912-1918 оны хооронд Чангша хотод суралцсан байна. Дараа нь 1921 онд болсон хятадын коммунист намыг байгуулах хуралд оролцон намын үйл хэрэг, үзэл баримтлалыг хөдөө тосгодуудад түгээх ажлыг хийх болжээ.
Мао Хятадын Коммунист намын төв хорооны дарга болсныхоо дараа эхэндээ зөвлөлтийн коммунист намын үйл хэргийг үлгэрлэн дуурайж байв. Гэвч Сталин нас барсны дараа зөвлөлтийн коммунистуудыг хувьсгалын үзэл суртлаасаа урваж байна хэмээн шүүмжилж, өөрсдийн коммунист үзэл суртлыг боловсруулан, дэлгэрүүлэхийг зорих болжээ. Түүнийг намын төв хороог удирдаж байх үед хятадын хөдөө тосгодуудад төмрийн үйлдвэр бий болж, хөдөө аж ахуй хөгжих сууриа тавьсан байна.
Түүний байгуулсан гавьяа хятадын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхлөн үлджээ. Үүний тод илрэл бол Бээжин хотын Тянь Анмэний төв талбайд Мао Зэдуны хөргийг бүтээсэн бөгөөд жил бүр түүнд цэцэг барьж, хүндэтгэл үзүүлдэг юм. Өнгөрсөн онд түүний хөшөөг сэргээн засварласан билээ.
Мао Зэдуны байгуулсан Хятад улс өдгөө дэлхийн хөгжлийн түүхэнд өөрийн томоохон данстай болж, хурдацтай хөгжлөөрөө дэлхийд гайхагдаж байна. Сүүлийн жилүүдэд маш эдийн засаг хурдацтай хөгжсөний нэг илрэл нь сүүлийн таван жилийн хугацаанд 54 триллион юаниас 82.7 триллион юань болж өссөнийг дурдаж болох юм. Мөн хот тосгонд амьдрах иргэдийн тоо 66 саяар өсч, 1.35 миллярд хүнээ эмнэлэгийн даатгалд хамруулсан байна. Түүнчлэн 68 сая хүнийг ядуурлаас гаргаж, агаарын бохирдолтой том хотууд 50 хувиар багасч байна гэж өнгөрсөн онд тайлагнажээ.
БНХАУ дэлхийн эдийн засгийн хөгжилд “Дэлхийн эдийн засагт шинэ боломж нээнэ, инновацийн загвар улс болно, засаглалын шинэ үзэл баримтлал дэвшүүлнэ, Хятад илүү их нээлттэй болно, олон улсын үйл хэрэгт илүү их үүрэг, хариуцлага хүлээнэ” зэрэг хэд хэдэн нөлөөг үзүүлнэ хэмээн судлаачид үзсэн байдаг. Уг өөрчлөлтүүд 2020 он гэхэд бий болно гэж үзсэн юм. Тэр үед хятадад 70 сая хүн ардыг ядуурлаас гаргаж, хүн ам нь 1.4 тэрбумд хүрсэн байх аж.
Түүнчлэн энэ жилийн хувьд манай улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Өөрөөр хэлбэл, Хятад улс тусгаар тогтнолоо зарласны дараа манай улстай дипломат харилцаа тогтоосон гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр, тус улс энэ үеэс дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай байхыг чухалчилж ирсний жишээ юм. Хоёр улсын хувьд уг арга хэмжээг жилийн жилд ихээхэн ач холбогдол өгч тэмдэглэж ирсэн бөгөөд соёл, зан заншил, аялал жуулчлал, эдийн засаг хамтын ажиллагааны хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Хоёр улсын хамтын харилцаа, хөгжил дэвшил цаашид ч гэгээтэй байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)