Баримт 1.
Уг арга хэмжээгээр уран сайхны тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Баримт 2.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр БНХАУ-д айлчилж, тус улсын дарга Ши Жиньпинтэй гурав дахь удаагаа уулзаж 70 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагааны хүрсэн ололт амжилтаа дүгнэж, цаашдын зорилт, чиглэлээ тодорхойлох чухал хэлэлцээр хийсэн.
Баримт 3.
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр улсын уламжлалт найрсаг харилцаанд шинэ боломжууд нээгдэж байгаа цаг үе хэмээн онцолж, Монгол Улсын язгуур эрх ашгийг ямагт хүндэтгэнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Баримт 4.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө, “Хөгжлийн зам" болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг нийт 18 баримт бичиг байгуулсан юм.
Баримт 5.
Тухайлбал, “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулснаар Монгол Улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түргэтгэх, хөгжлийн саад тотгорыг арилгах, ард түмний амьдралыг сайжруулахад илүү анхаарал хандуулах боломжийг олгох, уг санаачилгаас бодит ашиг хүртэх, байгаль орчныг хамгаалах, өөрийн тогтвортой хөгжлийг хангах чадварыг дээшлүүлэх зэрэг ашиг тустай гэж үзэж буй.
Баримт 6.
Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны ойн баярын хүрээнд эхний уулзалтыг өнгөрсөн нэгдүгээр сард Төрийн ордноо зохион байгуулсан юм. Энэ үеэр ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байхдаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзахдаа цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.
Баримт 7.
Тухайлбал, Тяньжин хотоор үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, компаниуд гааль, хорио цээрийн болон холбогдох бусад бүрдүүлэлтийг Улаанбаатар хотод хийдэг болох талаар судалж хамтран ажиллах талаар ярилцсан.
Баримт 8.
Улмаар Нийслэлээс 50 га газарт Агро парк байгуулж, Хятадын төрийн өмчит “Тяньжин фүүдс” компаниар хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн гуравдугаар сарын 27-ны өдөр хэлэлцэгдсэн юм.Энэ хуралдаанаар “Улаанбаатар агро парк” компанид 61-ийн гарам орчимд 50 га газар олгохоор урьдчилсан тооцоо судалгаа хийгдсэн байжээ.
Баримт 9.
Мөн өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр хоёр улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Бээжин хотноо зохион байгуулсан. Энэ хүрээнд өнгөрсөн 25 жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтыг бататгаж, талуудын хамтын ажиллагаа, харилцааг шинэ шатанд гаргахад нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.
Баримт 10.
Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” арга хэмжээн хүрээнд Хятадын түүх, аялал жуулчлал, соёл, урлагийг Монголын ард түмэнд таниулах, сурталчлах ажил ийнхүү орон нутагт урлагийн тоглолт үзүүлж, уран зургийн үзэсгэлэн дэлгэв.
Баримт 11.
БНХАУ-ын талаас хоёр улсын ойн арга хэмжээн хүрээнд дараах төслийг товлосон хугацаанд нь дуусгахад бүхий л талаар хамтарч ажиллахаа илэрхийлээд байна. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй билээ.
Баримт 12.
Цаашид тавьсан зорилтуудаас дурьдвал, ирэх 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэж тооцоолжээ.
Баримт 13.
Монгол-Хятадын харилцааны асуудлаар тулгамдсан асуудлаар шийдэл олох, цаашдаа үйл ажиллагаа тодорхойлох олон асуудлуудыг хэлэлцэх хоёр улсын эрдэм шинжилгээний хурал удахгүй болох гэж байна. Уг хурлыг өнгөрсөн жил Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И нар тохиролцсоны дагуу ГХЯ-ны санаачлага, дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар болсон юм.
Баримт 14.
БНХАУ-ын Засгийн газраас олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Баримт 15.
Энэ онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв"-ийн барилгыг хүлээлгэн өгөв.
Баримт 16.
Өнгөрсөн жилүүдэд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар ямар ажил хийсэн талаар товч мэдээлье. Тухайлбал, өнгөрсөн онд БНХАУ-аас олгосон 350 сая юанийн хандивыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд зарцуулахаар болсон. Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн IX, X, XI, XII хороонд орон сууц барихаар төлөвлөсөн.
Баримт 17.
Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 68 жилийн ойгоор Монгол-Хятадын түүх соёлын дурсгалын цахим архив нээж байв.
Баримт 18.
БНХАУ-ын Засгийн газраас хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тус хөрөнгийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцэд зарцуулахаар тусгасан. Ингэснээс 2020 онд агаарын бохирдол 30 хувь буурна гэж үзэж байгаа юм.
Баримт 19.
Манай улсад хятад барилгачдын барьсан 850 орчим барилга, байгууламж байдаг аж. Тухайлбал, та бидний сайн мэдэх Монголын үйлдвэрчний эвлэл, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн IV байр, Сэлбийн дунд гүүр, Арслантай гүүр, Баянзүрхийн гүүр, "Ард" кино театр, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүүхдийн урлан бүтээх төв, Спортын төв ордон зэрэг олон арван барилга, байгууламжийг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар тэдний ажилчдын оролцоотойгоор барьж, ашиглалтад оруулж байжээ.
Баримт 20.
ӨМӨЗО-ны “Өдрийн сонин”-ы хорооноос эрхлэн, Монгол Улсын уншигчдад зориулж монгол хэл, кирилл бичгээр гаргадаг, улсын зэрэглэлийн, сар тутмын “Солонго” сэтгүүл 25 жилийн түүхт ой болсон. Ойн баяраа “Сэтгүүлчдийн форум, уншигчдын уулзалт” хэлбэрээр манай улсын мэргэжил нэгтэн сэтгүүлчид, тус салбарт хамтран ажилладаг түншүүдийн хамт тэмдэглэсэн юм. Энэ нь Монгол-Хятадын найрсаг харилцаанд нэгэн чухал түлхэц болж буй.
Баримт 21.
Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд "Тэргүүлэгч од" тэтгэлэгт хөтөлбөр, "Ирээдүйн эзэд" ивээн тэтгэх хөтөлбөр, хятад хэлийг шамдан суралцаж буй сурагчдыг дэмжих тусгай хөтөлбөрүүдийн тэтгэлэг тэтгэмж олгосон билээ.
Баримт 22.
Хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хятадын 30 орчим хотод Монголын 8000 гаруй оюутан баклавр, мастер, докторын боловсрол эзэмшиж байна. Тухайлбал, Бээжинд 800, Шанхайд 1000 гаруй оюутан сурдаг бол хамгийн олон буюу Хөх хотод 2000 гаруй оюутан суралцдаг.
Баримт 23.
Өнгөрсөн 2018 онд ЕБС-ийн сурагчдын дунд англи, хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулсан билээ. Шалгалтад нийт 790 гаруй сурагчид оролцсоноос 180 хүүхэд тэнцэж, үүнээс эхний ээлжинд 40 сурагч өөрийн мэдлэг боловсролоороо ялгарч БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт хамрагдсан юм.
Баримт 24.
Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (2)