ЭШЛЭЛ 1
“Сауд гоби коэл транс” компанийг 2010 оны хоёрдугаар сарын 22-нд байгуулсан. Сая төгрөгийн сантайгаар 100 хувь миний эзэмшилд байгуулагдсан. Компанийг байгуулсан нь шалтгаантай. 1988 онд аравдугаар ангиа төгсөөд ОХУ-ын Уралын их сургуульд суралцахаар очсон. Тэгэхэд манай үеийнхэн бүгдээрээ ганзагын наймаа хийдэг байсан. Тэр жишгээр гуравдугаар курсээсээ буюу 1991-1999 оныг хүртэл ОХУ-д бизнес хийсэн. Улаанбаатарт хааяа ирдэг, ихэвчлэн ОХУ-д суурьшилтай байсан. 2009 онд санаж байна. ОХУ-д байгуулсан хоёр бизнесээ зарсан. Яагаад гэхээр 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга болсон юм. Төрийн алба руу оччихоор бизнесээ эргэх, цаг зав зарцуулах нь хомс болсон. Ашиг багатай болсон. Зарсны дараа мөнгө орж ирнэ дээ. Тэгэхээр нь Монголд өөрийн гэсэн бизнес бий болгоё гэсэн бодол бий болсон. Тэгээд “Сауд Гоби коэл транс”, Сауд Гоби блэк гоулд” гэсэн хоёр компани байгуулсан. Тухайн үед уул уурхайн сэдэв Монголын нийгэмд бүүм болж байсан. Хайгуулын лиценз худалдаж авсан.
ЭШЛЭЛ 2.
“SGS” гээд компаниас тусгай зөвшөөрлийг нь худалдаж авсан. 2010 оны төгсгөлд. Би өөрөө хайгуулын мэргэжилтэй биш учраас мэдээлэл хомс байсан. Тиймээс шинээр авах биш хөгжүүлчихсэн тусгай зөвшөөрлийг худалдаж авсан. Зургаан хайгуулын тусгай зөвшөөрөл худалдаж авсан. Үүний нэг нь Тост, тосон бумбын орд. 3.6 сая ам.доллар, 294 сая төгрөгөөр тухайн үеийн ханшаар худалдаж авсан. 294 сая төгрөгийг нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын “SGS” компанид шилжүүлсэн. Хайгуулын ажлынх нь нөхөн төлбөр болгож өгсөн. Гадаад компанид нь 3.6 сая ам.долларыг шилжүүлэхээр тохиролцсон. Түүний 720 мянган ам.долларыг нь татварт суутгасан. Харин 2.8 сая ам.долларыг нь “SGS”-ын толгой компанид өгсөн. 2011 оны тавдугаар сард байх.
ЭШЛЭЛ 3.
Энэ компаниас миний хувьд ямар нэгэн ашиг олоогүй. Худалдаж авсныхаа дараа Хурд группийн дүрмийн санд нэмсэн. Тодорхой хэмжээний эс үүсвэрээр хайгуул хийсэн. Ямар хэмжээний хөрөнгө орохыг нь мэдэхгүй байсан. Манай компанийн хөрөнгө нь дууссаны дараа Худалдаа хөгжлийн банк дээр очсон. Зээл өгөөч гэсэн. Хайгуулын явцад нүүрс байгааг нь тогтоосон. Нөөцөө бүрэн гүйцээхэд мөнгө хэрэгтэй байнаг гэсэн. 2011 оны долоо, наймдугаар сард. 1993 оноос хойш харилцаж байсан банк. Тухайн үед зээлийн хэмжээ тодорхойгүй байсан. Эхний ээлжид нэг сая ам.долларын зээлийн шугам нээлгэсэн. Тэгсэн нөгөө зээл нь хүрэлцээгүй. Дахиж хүсэлт тавиад тав болгосон. Дараа нь нэг сая гэж явсаар 2014 онд хүртэл 16.1 сая ам.долларын зээл нэмж авсан байдаг юм.
ЭШЛЭЛ 4.
Намайг Д.Эрдэнэбилэгтэй холбож ярьдаг. Түүнтэй холбогдсон түүх нь зээлтэй холбоотой. Анх банк дээр очиход хайгуул болохоор эрсдэлтэй. Хайгуулын тусгай зөвшөөрөлд зээл өгчихөөр шүүхийн процесс нь хоёроос гурван жил болж байна. Зээл өгч чадахгүй гэсэн. Тэгэхээр нь зөрүүлээд тухайн үеийн удирдлагуудад нь хэлсэн. Компанийн 50 хувийг нь шилжүүлээд авчих. Шүүхдэхэд та нар хялбар болно гэж. Зээлээ эргэн төлж чадахгүй бол шүүхээс шийдвэр гарна. Тэр үед 50 хувийг нь өөрсдийн харилцаатай компанидаа шилжүүл гэсэн юм.
ЭШЛЭЛ 5.
Тухайн үед гүйцэтгэх удирдлагуудад нь тавьсан санал. Тэгэхэд “Монголиа найшнл коэл корпрэшн” компанийг олж өгсөн. Ийм л түүхтэй явж ирсэн. Түүний дараа 2014 онд хайгуулын ажил дууссан. Хайгуулаас ашиглалтын статус руу шилжүүлсэн. Нөөцийн хувьд 100 гаруй сан тонн. Зээлээ төлчихвөл 50 хувиа буцаагаад авахаар тохирсон. Одоо хүртэл зээлээ төлж дуусаагүй байна. 2014 оны зунаас улс төрд байгаа учраас уул уурхайтай холбогдож болохгүй. Учир нь, энэ орд эрсдэлд орно гэж үзсэн. Тэгээд 2014-2016 он хүртэл хэлэлцээр явсан. Улмаар 2016 онд хэдэн залуучуудад 100 хувь шилжүүлсэн. Одоо миний эзэмшилд байхгүй.
ЭШЛЭЛ 6.
Ерөнхий сайд намайг нэг удаа дуудаж уулзсан. 2018 оны зургадугаар сард байх аа. Хэрэг эрхлэхийн дарга байсан Г.Занданшатар залгаж дуудаад Ерөнхий сайд руу орсон. Тэр уулзалтаар янз бүрийн яриа болсон. Тэгэхэд нэг зүйлийг зөвлөсөн. Чамтай холбоотой Өмнөговьд байдаг ордтой холбоотой хэл ам гараад байна. Улстөрчийн хувьд сайн зүйл чамд дагуулахгүй. Чамаар дамжуулаад намд ч халтай. Үүнийгээ ашиглахгүй байж болдоггүй юм уу гэсэн. Нэгэнт өөр хүмүүст шилжүүлчихсэн, надад ямар ч хамааралгүй гэдгийг Ерөнхий сайдад хэлсэн. Хоёрдугаарт, энэ ордыг шилжүүлэхэд ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Хуулийн дагуу явсан. Мөнгийг нь бэлнээр өгөөгүй. Дансаар шилжүүлсэн. Ер нь хууль зөрчих ямар ч шаардлага байхгүй.
ЭШЛЭЛ 7.
Уг талбай нь Өмнөговь аймгийн хоёр сумын хилийн заагт байдаг юм билээ. Хоёр багийн иргэдийн нийтийн хурал нь хуралдсан юм билээ. Нэгэнд нь асуудал байхгүй. Нөгөөх нь буюу Тост багийн Засаг дарга нь гарын үсэг зураад явуулчихсан юм билээ. Өнгөрсөн долоо хоногт эрх шилжүүлсэн залуучуудтай уулзсан. Багийн иргэдийн дэмжсэн санал нь бичгээр байна лээ. Шаардлагатай бол тэр залуучуудад байгаа.
ЭШЛЭЛ 8.
Ерөнхий сайд ч хэллээ, олон нийтийн дунд “шуналтай” гэсэн шүүмжлэл гарч байгаа. Энэ бол бодох л зүйл. Ямар нэгэн шүүмжлэлийг сонсохгүй бол жинхнээсээ доройтно. Гэхдээ бодит байдлыг Монголын ард түмэнд хүргэе гэж бодож байна. Би гуравдугаар курсын оюутан байхдаа компани байгуулсан. 1991-2005 оныг хүртэл өөрөө удирдсан. Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирээд 2008 оноос УИХ-ын гишүүн болсон. 1991 онд компани байгуулж байхдаа 2008 онд улстөрч болно гэж бодоогүй. Хоёрдугаарт, бизнесмэн хүн болгонд түүнийгээ өргөжүүлэх хүсэл байдаг. Соёлтойгоор хэлбэл амбийц гэж ярьдаг. Амбийц байж тодорхой үр дүн гардаг. Энэ хүрээнд явахаар нь шуналтай гэсэн шүүмжлэл гарч байгаа байх. Ний нуугүй хэлэхэд бизнес хийж байгаа хүмүүс өөрийнхөө зовлонг нэрэлхээд хэлж чаддаггүй юм. Жишээ нь, барилгын “Хурд” компанийг үүсгэн байгуулаад энэ салбарт явсан. Манай компани зуны саруудад жилдээ 3000 орчим ажлын байр бий болгодог. Цалингийн сан нь зургаан тэрбум. Бас л хүнд шдээ. Саяных шиг огцом шийдвэр гарлаа гэхэд ажилчдынхаа цалинг тавих эх үүсвэргүй болно. Монголын барилгын салбарт гэхэд ажилчдынхаа гурван сарын цалинг тавих хэмжээний хуримтлал байхгүй. Тэгэхээр хуримтлал үүсгэх шаардлагатай болно биз. Татварт гэхэд 30 орчим тэрбум төгрөг төлдөг.
ЭШЛЭЛ 9.
Тусгай зөвшөөрлийг худалдаж авахдаа ирвэс байдгийг судлаагүй нь үнэн. Хайгуул хийж эхлэхэд хэн ч эсэргүүцээгүй, 2014 оныг хүртэл. 33 ашиглалтын зөвшөөрөл тэнд байна. Өөрийгөө өмөөрөх нь хаашаа юм. Тэнд үйл ажиллагаа явуулдаг компаниудтай зэрэгцээ орд. Өнөөдрийн байдлаар есөн компани үйл ажиллагаа явуулж байна. Таван компани үйл ажиллагаа явуулах хүсэлтээ өгчихсөн юм билээ. Урд талын есийг нь ярьдаггүй. Дараагийн тавыг нь ярьдаггүй. Дунд нь байгаа 10 дахь нь буюу “Коэл транс”-ыг ярьж байна. Асуудал байршилдаа биш би улс төрд байгаад буй юм.
ЭШЛЭЛ 10.
Хууль зөрчсөн, зөрчөөгүй гээд амаараа маргах шаардлагагүй. Бодитоор дээр яръя. Засгийн газраас 2012-2015 онд олон улсын байгууллагад захиалга өгч Монголын аль талбайг нь тусгай хамгаалалтад авах, ашиглах талаар судалгаа хийлгэсэн байдаг. Судалгаагаар тусгай хамгаалалтад авах газар нутгийн дүгнэлт гарсан. Энэ дотор Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт 693 мянган га газрыг хамруулахаар санал гарсан юм билээ. Хоёр дахь 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тост, тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан. 652 мянга га талбайг буюу намайг цөөнх байхад. Тэгэхдээ “Коэл транс”-ыг бас оруулаагүй. Түүний дараа ШУА-аас гаргасан судалгаагаар бас ороогүй. Харин эсрэгээрээ Ц.Оюунгэрэл нарын гишүүд энэ талбайг бүхэлд нь оруулах санал гаргасан. Дөрвөн санал байгаа биз.
ЭШЛЭЛ 11.
Ц.Оюунгэрэл нар ямар шалтгаанаар улс төр хийснийг чи ойлгож байгаа. 2016 оны УИХ-ын сонгууль дөхчихсөн үед ийм асуудал гарсан. Талийгаач Лхагвасүмбэрэлийн хэргийн дараа бөөн улс төр хийсэн. Ард түмэнд таалагдах гэж. Тусгай хамгаалалтад авах шийдвэрийг УИХ гаргадаг. Хилийн зааг тогтоохыг Засгийн газар гаргадаг.
ЭШЛЭЛ 12.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Тост, тосон бумбын нуруунд 743 мянган га-гаар тусгай хамгаалалтад авсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар болон бусад судалгааны байгууллагын саналаас нэмэгдүүлж авсан.
ЭШЛЭЛ 13.
Хуульд зааснаар улс тусгай хэрэгцээнд авч байгаа бол нөхөн олговор олгох ёстой. Би Сангийн сайдаар ажиллаж байхдаа нөхөн олговор авчихсан бол ордоо улсад шахчихлаа гэсэн шүүмжлэл гарна биз. 2015 онд Байнгын хорооны хуралдааны үеэр ч гишүүд хэлж байсан. Б.Чойжилсүрэн улсад шахах гэж байна гээд л. Нөхөн олговор олгоно гэсэн хуультай биз дээ.
ЭШЛЭЛ 14.
Засгийн газар нөхөн олговор өгөх эсэхийг мэдэхгүй. Компани шилжүүлж авсан залуучуудтай уулзсан. Тэгэхэд Засгийн газрын шийдвэрийн төслийг бичгээр аваагүй юм билээ. Ямар хуулийн үндэслэл гарсныг нь хараагүй гэсэн үг. Нэгэнт хуультай нийгэмд цаасан дээр буусан шийдвэрийг харуулах ёстой.
ЭШЛЭЛ 15.
Хоёр өдрийн турш өөрийн компани болон шилжүүлж авсан залуучуудтай хамтарч тооцоо хийлгэлээ. Миний оролцоотой байх үед нэг тэрбум 873 сая төгрөг, 14.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна лээ. Хоёр талаасаа өглөг авлагаа цэвэрлэхээр 2019 оны наймдугаар сарын 20-ны байдлаар 40.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон байна. Миний оролцоотой байх үед шүү дээ. Шилжүүлсний дараа 30 сая доллар буюу 81.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна лээ. Үнэхээр хүнд байдлаар оруулсан байсан.
ЭШЛЭЛ 16.
Намайг албаар энэ сэдэв рүү татаж оруулаад гүтгэж байна. 2011 онд авсан, 2014 онд шилжүүлсэн. 40 тэрбум төгрөгийн авлагатай. Тэдгээр залуусаас. Эхний ээлжид та нар банкны зээлээ төл. Хөрөнгө оруулалтаа ол. Үүнийгээ нөхсөний дараа магадгүй дөрөв, таван жилийн дараа ашигтай ажиллаж чадвал миний хөрөнгийг буцааж өг гэдэг нөхцөлтэйгөөр зарсан.
ЭШЛЭЛ 17.
Компанийн залуусаас тодруулж асуух шаардлагатай байх. Уйлсан залуу бил үү, Нямдаваа гэж. Хажуугийн уурхайд нь ажилладаг юм билээ. Сүүлд сошиалаас харсан. Нинжа бололтой хүн байна лээ.
ЭШЛЭЛ 18.
Би Х.Мандахбаярыг танихгүй. Надад тодорхой мэдээлэл байхгүй. Хэвлэлд гарсан мэдээллээр “Коэл транс”-ын залуус Х.Мандахбаярыг хувийн ашиг сонирхолтой учраас оруулахгүй. Дагаж очсон сэтгүүлчдийг нь дуртай оруулсан гэж ойлгосон. Тийм бичлэгүүд байна лээ, надад үзүүлсэн.
ЭШЛЭЛ 19.
Талийгаач ирвэс хамгаалагч залууг танихгүй. Огт мэдэхгүй. Гэхдээ сүүлийн гурван жил орчим энэ хүний үхэлд намайг болон хамааралтай этгээдүүдийг буруутгасан. Энэ хугацаанд хүн амины хэрэгт гүтгэгдэнэ гэдэг хүнд байна. Олон нийтэд нэг зүйлийг хэлье гэж бодож байна. “Эрс шинэчлэл” гээд хөдөлгөөнөөс энэ хүний үхлийг дахиж судлах санаачилга гарсан юм билээ. Үүнтэй бүрэн дүүрэн санал нэг байна. Үнэн зөвийг нь үнэхээр тогтоогоосой. Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргаж байгаа. Энэ хэргийг шалгаж тогтоосон юм бол олон нийтэд мэдээллээч ээ. Шаардлагатай бол дахин сэргээгээч. Хэрвээ талийгаачийн үхэлд би болон надтай хамааралтай хүмүүс оролцоотой бол хуулийн хамгийн дээд хариуцлага хүлээе. Хэрвээ оролцоогүй юм бол тэрийгээ зарла гэж байгаа юм.
ЭШЛЭЛ 20.
Үнэхээр хүнд сэдэв. Чи ч гэсэн хойноос нь явж нэвтрүүлэг хийсэн. Монгол ёс байдаг. Талийгаачийнхаа ясыг өндөлзүүлдэггүй. Гурван жил тэвчиж явлаа. Энэ асуудалд цэг тавиасай гэж бодож байна. Хэргийг нягт шалгаад олон нийтэд салаа утгагүйгээр хэлэх ёстой.
ЭШЛЭЛ 21.
Би Балдорж гэж дүүтэй. Дүүгээсээ асуусан компанитай гэж байна лээ. Надаас тусдаа амьдралтай хүн. Хятадуудтай нүүрсний наймаа хийдэг. Авлага байсан юм байна. Тэрхүү авлагадаа Хятадын компанийн эзэмшиж байсан Хамрын хийд орчмын талбайн талыг нь авсан юм билээ. Г хэлбэртэй тусгай зөвшөөрөл. Хамрын хийд рүү ойртож ирдэг толгой хэсгийг нь авсан юм байна. Тэр компанид ямар нэгэн асуудал гараагүй. Шилжүүлж авсных нь дараа Чойжилсүрэнтэй холбосон. Тусгай зөвшөөрлийг нь цуцалчихсан юм билээ. Хэчнээн төгрөгийн авлагатай байсныг нь мэдэхгүй.
ЭШЛЭЛ 22.
Намайг Сангийн сайд байхад Хурд групп 36 тэрбум биш 18 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголт гэж авсан. Ямар шалтгаантай гэдэгт нь тайлбар хийх хэрэгтэй байх. 2014-2016 онд Монгол Улс эдийн засгийн хямралтай байсан. Тэр тусмаа барилгын салбар. 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл нэг татварын байцаагч НӨАТ-ын үлдэгдлийг тогтоосон. Тэгэхэд 7 орчим тэрбум төгрөгийн илүү төтөлттэй гарсан. 2014-2016 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл гурван жилийн хугацаанд дахин илүү төлөлтийг баталгаажуулж, Татварын ерөнхий газар руу явуулсан. Тэр дагуу Сангийн яам руу явуулдаг. Тэр хооронд 320 орчим тэрбум төгрөгийн барилгын борлуулалт хийсэн байдаг. Зөвхөн Хурд групп. Барилга нь бага зарагдаад эхлэхээр байрны үлдэгдэл ихэснэ. Дотоодын 400 гаруй аж ахуйн нэгжээс 484 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Зөрүү нь 15.4 тэрбум болж байгаа юм. Өмнө нь байсан үлдэгдэлтэйгээ нэмэхээр 22.3 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг байцаагч баталгаажуулсан. Үүний 18 тэрбумыг нь буцааж авах хүсэлт гаргасан. Энэ дагуу найман тэрбумаар нэг, арван тэрбумаар нэг хоёр удаагийн үйлдлээр авсан.
ЭШЛЭЛ 23.
Төрийн банкны 25 хувийг Засгийн газар эзэмшдэг. Энэ эрхийг Сангийн сайдаар төлөөлүүлдэг. 75 хувийг нь Хадгаламжийн даатгалын корпораци, Монголбанк эзэмшдэг. 2016 оны арваннэгдүгээр сард байх Төрийн банкинд бичиг бичсэн. Агуулга нь нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээг таван тэрбумаас хэтрүүлж болохгүй гэж. Яагаад гэхээр Төрийн банк бол арилжааны банк. Хуулиар нэг зээлдэгчид олгох дээд хэмжээ нь хөрөнгийнх нь 20 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Тухайн үед Төрийн банк 180 орчим тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан. Үүний 20 хувь гэхээр 36 тэрбум орчим төгрөгийн зээл олгохоор байгаа юм. Ингэвэл эрсдэлд орох магадлалтай. Тиймээс бичиг явуулсан.
ЭШЛЭЛ 24.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд манай намаас нэр дэвшигчийг дэмжиж Увс аймагт ажилласан. Яаман дээрээ ирэхэд нэлээд зузаан шийдвэрлэх шаардлагатай бичиг байсан. Тэр дунд Төрийн банкнаас ирүүлсэн хүсэлт байсан. Та зээлийн дээд хязгаарыг таван тэрбум болгосноо нэмж өгөөчээ гэсэн утгатай. Тэр дагуу 36 тэрбум бол байж болохгүй. 20 тэрбум хүртэл нэмэгдүүл гэсэн. Яагаад гэхээр 2017 оны тавдугаар сард ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр Засгийн газартай хийх хэлэлцээрийг баталсан. Зургадугаар сард нь санхүүжилтийн эхний 100 сая ам.долларыг олгосон. Тиймээс 20 тэрбум хүртэлх зээлийг судал гэсэн юм. Энэ шийдвэрийг нэг өдрийн дотор гаргачихаагүй. Миний хувьд үе үеийн хотын даргуудаас нэг ч газар аваагүй. Энгийн ярианы хэллэгээр буюу худалдаж авсан.
Сэтгэгдэл (29)