Баримт 1.
Х.Наранхүү 1955 оны аравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн II дунд сургуулийг 1973 онд дүүргэж үлмаар Киевийн Улсын их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр 1978 онд төгссөн. Орос, англи хэлтэй.
Баримт 2.
1978-1979 онд Гадаад хэргийн яаманд мэргэжилтэн, 1979-1989 Сайд нарын зөвлөлд референтээр, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайд, 1989-1994 онд Үйлдвэр, худалдааны яаманд газрын даргаар ажиллаж байв. Улмаар 1994-1998 онд АНУ дахь Монголын Элчин сайдын яаманд зөвлөх, 1998-2000 онд “СС Монгол” компанийн ерөнхий захирлаар ажиллажээ. 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан.
Баримт 3.
2000-2007 оны үед тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ.
Баримт 4.
Тэрбээр 2012 онд МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хуралд хотын дарга асан Ц.Батбаярын хамт гэрчээр дуудагдаж байв. Энэ нь түүнийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаярын ойрын хүн гэсэн хардлагыг улс төрийн хүрээнд төрүүлдэг.
Баримт 5.
Түүнийг АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа ган бөмбөлөг нийлүүлэх ажилд хуйвалдсан хэргээр баривчлахаар зэхэж байгаа талаар тухайн үед нийтлэгдэж байв.
Баримт 6.
Х.Наранхүү нь УИХ-ын гишүүнээр сонгогдож, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2000-2007 онд ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулж ашиглан, их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан хэргээр Авлигатай тэмцэх газраар шалгуулж байжээ.
Баримт 7.
Тэрбээр энэ талаар "Авлигатай тэмцэх газрын шалгаж байгаа асуудал бол хэрэглээнд байсан хуучин жийп машинаар ажилтнаа шагнасныг их хэмжээний мөнгө завшсан хэмээн ийнхүү шалгаж байгаа хэрэг. Миний хувьд эмзэглээд байгаа зүйл байхгүй. Харин удааж, улстөржүүлэх хэрэггүй. Ямарваа байгууллага үйл ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсан ажилчдаа шагнаж урамшуулдаг. Энэ зарчмаар л ажилласан. Үүнийг шалгаж байгаа эрх бүхий газрууд буруутай буруугүйг нь хурдан тогтоогоод өгөөсэй" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Баримт 8.
Х.Наранхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь 2011 оны аравдугаар сарын 21-ний өдөр. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1, 208.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзжээ.
Баримт 9.
Уг хэргийг нийслэлийн Прокурорын хяналтаас өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгожээ. УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн улсын мөнгө хувьдаа ашигласан гэх хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэгт хамаардаг юм байна. Хүндэвтэр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь таван жилийн хугацаанд хүчинтэй байдаг аж.
Баримт 10.
Ерөнхийлөгч Х.Баттулгын Засгийн газарт хүргүүлсэн албан бичгийн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татсан. Энэ үеэр түүний орыг залгах хүнээр Х.Наранхүү яригдаж байв.
Баримт 11.
Өнгөрсөн долоо хоногт шинээр байгуулсан “Эрдэнэс Тавантолгой”-н охин компанийн захирлаар УИХ-ын гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Х.Наранхүүг томилсон тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Ингэснээр Зүүн Цанхийг Х.Наранхүү хариуцахаар болж байна.
Баримт 12.
2006 оноос “Эрдэнэт үйлдвэрийг элгээрээ мөлхөхөд хүргэхэд тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч болон Х.Наранхүү, Ч.Ганзориг, нэр бүхий УИХ-ын гишүүн аснаас эхлээд улс төр бизнесийнхэн шахаа хийсэн шахаанаас үүдэлтэй гэх яриа 2011 оноос өмнө улс төр, нийгмийн хүрээнд анхаарлын төвд орж байлаа.
Баримт 13.
Х.Наранхүү нь Н.Энхбаярын дотнын хүн гэгддэг бөгөөд түүнийг 2000-2007 онд төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилогдон ажиллах үед МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайд, УИХ-ын даргын сэнтий хүртэл “мандаж” явжээ. Энэ үед “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг Ерөнхий сайд томилж, чөлөөлдөг тогтолцоо хүчтэй хэвээр байгааг түүний томилгоо харуулж байна.
Баримт 14.
УИХ-ын гишүүн байхад нь түүнийг “Будаа агшаагч” гэж хочилдог байжээ. Учир нь тэрбээр 2014 онд Дундговь аймгийн сонгогчдодоо “1000 ширхэг” будаа агшаагч тараажээ.
Баримт 15.
Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд их тусалдаг нэгэн. Тухайлбал, 2017 онд өрнөсөн “Халуун сэтгэл-1000” тархины саажилттай хүүхдүүдэд туслах аянд хандив өргөж байсан байна.
Баримт 16.
“Эрдэнэт үйлдвэрийг элгээрээ мөлхөхөд хүргэсэн хүмүүсийг Н.Энхбаяр тэргүүлж, Х.Наранхүү, Ч.Ганзориг, УИХ-ын гишүүн Т.Гандигаас эхлээд улс төр бизнесийнхэн толгой цохидог байна. Н.Энхбаярын гэгддэг, Гонконгод бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” гэдэг хоёр компани “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулан залилсан болохыг хууль хяналтынхан тогтоосон” хэмээн Х.Наранхүүг албан тушаалаа өгсний дараа улс төрийн хүрээнд харддаг байжээ.
Баримт 17.
Эрдэнэт”-ийн захирал асан Х.Наранхүү тус үйлдвэрийн 20 жилийн ойн баяраар Хятадаас олон тооны хадаг яндар, аяга таваг цуглуулан шахаж, улмаар ажилчдадаа бөөндсөн явдалд ахмадууд нь ихэд дургүйлхдэг тухай яриа одоо ч бий.
Баримт 18.
Х.Наранхүү нь УИХ-ын гишүүн байхдаа “Энэ том ордын өнөөгийн батлагдсан усны нөөцийг харахад жилд 15 сая тонн нүүрс гаргах уурхайг бүрэн хангахаар байгаа. Энэ нь хөрс хуулалттайгаа нийлээд Эрдэнэтийн тэнцэхүйц нөөцтэй гэсэн үг. Заавал энэ хэмжээгээр бүх тооцоог нь хийгээд, хайгуулаа дуусгаад тэгж байж ажлаа эхэлнэ гэвэл ойрын арван жилд бүтэхгүй. Тиймээс асуудлыг шат шатанд нь шийдээд ажлаа эхлэх нь зүйтэй” хэмээн ярьж байжээ.
Баримт 19.
Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын тал авахаас өмнө “Тухайн үед Оросын тал нарийн яривал манайхтай зөвшилцөхгүйгээр хувьчлах алхам хийсэн. Өөрөөр хэлбэл зарчим алдагдсан гэж хэлж болно. Ер нь эрх зүйн талаасаа сүүлд Эрдэнэтийн гэрээг шинэчилснээр хоёр тал эхлээд бие биедээ санал тавих ёстой. Одоогоор албан ёсоор ийм санал тавьсан асуудал байхгүй” гэдгийг хэлж байсан байна.
Баримт 20.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Х.Наранхүү гишүүн байхдаа “Багануур”, “Шарын гол”, “Эрдэнэт”-ийн орд, “Монголросцветмет”-ийн жоншны уурхай гээд бүгд л тэг цэгээсээ хамтын ажиллагаагаар эхэлсэн. Хөрөнгө мөнгө нь ч гаднаас ирдэг. Бид урьдчилаад авчихдаг. Дараа нь төлнө, төлөхгүй гэж ярьдаг. Манай зарим компани сүүлийн үед тодорхой туршлага хуримтлуулан гайгүй ажиллаж эхэллээ. Ялангуяа “МАК” компанийн хувьд уул уурхайгаар дагнан бараг 20-иод жил ажиллачихлаа. Тэд мэдэж байгаа. Заавал бүх зүйлийг гаднаас худалдаж авах шаардлагатай болдог гэж. Зураг төсөл, технологи, техник, менежмэнтээ хийхэд хүртэл тодорхой хэмжээгээр гадныхныг ажиллуулах болдог. Хөндлөнгийн хяналт тавихдаа хүртэл олон улсын стандарт шаардлагад нийцэх эсэхээ тодорхойлуулахаар гадны компани хөлсөлж байна. Ингэж зөв хийж чадвал итгэж болох юм” онцолж байсан аж.
Баримт 21.
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан тэрбээр “Оросын хувьд нүүрс импортолдоггүй. Бүх төрлийн нүүрсээр хэрэгцээгээ бүрэн хангадаг улс. Гэхдээ зарим үед сайн чанарын нүүрс импортлох тохиолдол гардаг” хэмээсэн нь одоо ч улс төрд маргаан дагуулдаг.
Баримт 22.
“Төмөр зам бол уул уурхай биш, дэд бүтцийн байгууллага. Магадгүй манай талын шийдвэрийг хүлээгээд байсан байж болно. Бид бас хөрөнгө мөнгө, дадлага туршлага аль ч талаасаа бодсон Оросын талын потенциалийг бид дутуу үнэлсэн байж мэднэ. Ялангуяа зарим гуравдагч оронд гарах нүүрс, Манжуур хавийн хэрэглэгчдэд хүргэх нүүрсийг хойшоо гаргахаас өөр аргагүй. Тэгэхээр Оросын төмөр замыг ашиглана гэдэг асуудлыг дутуу үнэлээд, дутуу хараад байх шиг санагддаг” хэмээн ярьж байсан тэрбээр өдгөө “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийн захирлаар очсоноор “таг” гацсан төмөр замын бүтээн байгуулалт “шийдэл”-ээ олно гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.
Баримт 23.
“Улсын компани ч ялгаагүй олон бэрхшээлтэй тулгарна. Тиймээс би “Эрдэнэс Тавантолгой” чадахгүй гэж урьдчилж хэлмээргүй байна. Гэхдээ маш сайн зохион байгуулалттай, нэгдсэн бодлоготой, их хичээж ажиллаж байж л амжилтад хүрнэ. Хөрөнгө мөнгийг гаднаас босгохоос өөр аргагүй. Тэд зүгээр “май” гээд өгөхгүй. Өгөхдөө ямар шаардлага тавих вэ гэдэг нь бас л өөр асуудал” хэмээн ярьж байсан Х.Наранхүү өнөөдөр олон улсын зах зээлд IPO босгох замаар төмөр зам, түүнийг дагасан бүтээн байгуулалтыг түүчээлэх хариуцлагатай албыг хашихаар болж байна.
Баримт 24.
Нэгэнтээ “Бид баялгийн хуваарилалтын тухай ярихдаа байгалийн хуваарилалт шиг тэгш хуваарилалт байдаг юм шиг ойлгоод байна. Энэ бол хийсвэр асуудал. Баялгийн хуваарилалтын тухай ярихад хэн нь ямар хэмжээний хөрөнгө гаргах, техник технологио хаанаас яаж олж ирэх, ажлыг хэн зохион байгуулах, боловсон хүчнээ яаж бэлтгэх, зах зээл хаана байна, баталгааг хэн гаргах вэ гээд олон асуудал бий. Энэ хэмжээгээр ашгаа ч, хариуцлагаа ч хуваарилдаг. Монголчууд өнөөдөр “Би мөнгө гаргая, техник олъё” гэж хэзээ ч ярьдаггүй. Зөвхөн “Би хэдэн хувийг нь авах вэ” л гэдэг. Энэ бол туйлын өрөөсгөл. Үнэхээр дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ цэнэ, ач холбогдол өсч байгаа нь үнэн. Тэглээ гээд түүхий эдтэй улс орон л бүхнийг шийддэг, бусдад асуудлаа тулгадаг юм биш. Цаана нь олон улсын харилцаа, худалдаа, улс төр гэж бий. Бид өөрсдийгөө том ач холбогдолтой, олон улсын анхаарлыг татаж байгаагаар мэдэрч байна” хэмээсэн түүний үг үйлдэл болохыг, бүр ажил хэрэг болж, бодит хөрсөн дээр буухыг харах л үлдэж байна.
Сэтгэгдэл (41)