Баримт 1.
FATF буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага байдаг. Энэ нь олон улсын хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр улс орнуудаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг үнэлж, зөвлөмж өгч ажилладаг.
Баримт 2.
2011 онд Монгол Улс FATF-ийн “Хар жагсаалт”-д орох эрсдэлтэй байсан ч тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний хүчинд “тэнсэн”-гээс мултарч байв.
Баримт 3.
“Хар, саарал жагсаалт’’-д орсноор санхүүгийн системийн гадаад харилцаанд шууд нөлөөлж, түншийн харилцаа зогсонги байдалд орох, хөрөнгө татах боломж буурах буюу хязгаарлагдах, банкнуудын гадаад гүйлгээ зогсох сөрөг үр дагавартай юм.
Баримт 4.
FATF-ийн “Хар, саарал жагсаалт”-д орсныг зарлахад олон улсын санхүүгийн байгууллагууд тус улс руу шилжүүлсэн мөнгөө шууд татдаг.
Баримт 5.
Мөн жагсаалтад орсон улс орны бизнес эрхлэгчид болон иргэд гадаад улсад картаар мөнгөн гүйлгээ хийгдэх боломжгүй болно. Гадаадаас манай улс, манай улсаас гадаа улс руу гүйлгээ хийх зэрэгт тодорхойгүй хугацаагаар шалгаж удаадаг.
Баримт 6.
"Хар, саарал жагсаалт’’-ын арай сул хувилбар болох "Саарал жагсаалт"-д манай улс 2013 онд орж байжээ.
Баримт 7.
Харин тус байгууллагын шаардлагуудыг биелүүлсний дүнд 2014 онд тус жагсаалтаас гарч байсан юм. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг харьцангуй тогтвортой, гадаад нэр хүнд сайн байсан учраас төдийлөн хохирол, чирэгдэлгүйгээр хүндрэлийг даван туулсан байдаг.
Баримт 8.
“Саарал жагсаалт”-нд орно гэдэг нь уг 40 зөвлөмж бүхий стандартын биелэлт, хэрэгжилт хангалтгүй дүнтэй гарсан байна гэсэн үг. Тиймээс 2013 онд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, 2014 онд Эрүүгийн хуульд энэ чиглэлээр нарийвчилсан зохицуулалт оруулж, холбогдох журмуудыг мөн баталснаар 2014 оны зургадугаар сард Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарч чаджээ.
Баримт 9.
FATF нь “Хар, саарал жагсаалт”-д орсоныг зарлахаас бус ямар нэгэн хориг тавьдаггүй. Гэхдээ тухайн улс нь идэвхи санаачлага гарган ажиллах юм бол жагсаалтаас гаргадаг.
Баримт 10.
Хуулиараа улсын хэмжээнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий зөвлөл байдаг. Тус зөвлөлд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, шүүх, прокурор, ТЕГ, АТГ, цагдаа, гааль, татварын байгууллагуудын төлөөллөөс бүрддэг.
Баримт 11.
Эдгээр байгууллага нь болгон өөр өөрийн үүрэгтэй. Цагдаагийн байгууллага, АТГ, тагнуул нь ийм хэргийг илрүүлээд прокурор нь хянаад, шүүх нь түүнийг зөв таниад ял оноох. Банк, санхүүгийн байгууллагын хувьд гэвэл эрсдэлтэй гүйлгээг ялган таних, сэжигтэй гүйлгээ орж ирсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэн, хуулийн байгууллагатай хамтран ажилладаг тогтолцоотой.
Баримт 12.
FATF (Financial Action Task Force) буюу Олон Улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд тодорхой хугацааны давтамжтайгаар хяналт шалгалт хийж, үнэлгээ дүгнэлт өгч, рейтинг тогтоодог.
Баримт 13.
Тус байгууллагаас гаргасан 40 зөвлөмжийг дэлхийн бүх банк, санхүү, хил гаалийн байгууллага дагах ёстойгоос гадна жагсаалтад орсон орнуудын бизнес, зээлийн харилцаанд холбогдох хориг арга хэмжээ авдаг.
Баримт 14.
Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Брюссель хотноо хуралдаж, “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэв. Тус Зөвлөл өмнө нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж уг жагсаалтаад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулсан байсан бол Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээсний үндсэн дээр тус жагсаалтаас гараад байна.
Баримт 15.
Ингэснээр Монгол Улсын чухал “Гуравдагч хөрш” Европын Холбоотой болон түүний гишүүн 28 оронтой манай улс түншлэл, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээлгүй болсон юм.
Баримт 16.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага /FATF/-ын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлэг /APG/-ийн жилийн уулзалт Балба Улсын Катманду хотод өнгөрсөн оны 7 дугаар сарын 21-27 -ны өдрүүдэд болж байлаа.
Баримт 17.
Тус хурлаар Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд 2017 онд хийсэн Харилцан үнэлгээний тайлангаар өгөгдсөн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хэлэлцээд, Олон Улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын “Саарал жагсаалт”-нд оруулах эсэхийг шийдвэрлэх хугацааг дахин 12 сараар сунгахаар болсон юм.
Баримт 18.
Зөвлөмжийг хэрэгжилт хангалтгүй гэсэн үнэлгээг авсан тул 2019 оны 9 сарын 20-нд Монгол улсыг "Саарал жагсаалт"-д оруулахаар болсон албан бичгийг Монголбанк, Сангийн яаманд хүргүүлсэн байна гэж өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлсэн.
Баримт 19.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монгол Улс одоо саарал жагсаалтад орох эрсдэлтэй байгаа. Цаашдаа хар жагсаалт руу орох, эсэх асуудлаар бид маш их ажил хийж байна. Хар жагсаалт руу орох мөнгө угаах терроризмын асуудлаар бид маш хүнд байдалд ороод байна. Өнөөдөр бид саарал жагсаалтад ороход ойрхон байна” хэмээн Байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдэж байсан удаатай.
Баримт 20.
FATF-аас Монгол Улсыг гурван үндсэн шалтгаанаар буруутгаж “Саарал жагсаалт”-д оруулах эсэхээ шийдвэрлэх гэж байна.
Баримт 21.
Нэгдүгээрт, Хойд Солонгосын иргэд Монголд ажиллаж, үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ мөнгө Хойд Солонгост тодорхой төсөл хөтөлбөрүүд санхүүжилт болж очиж байна. Үүнийгээ тайлбарлахыг шаардсан байна.
Баримт 22.
Хоёрдугаарт, 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж, 35 их наяд төгрөгийн эх үүсвэр гарч ирсэн. Энэ нь тухайн үеийн Монгол Улсын ДНБ-ээс 1.5 дахин их хэмжээтэй хөрөнгө байсан юм. Ийм их хэмжээний мөнгө гарч ирж байна гэдэг нь Монгол Улс татвараа авч чаддаггүй, мөнгө угаадаг юм байна үүнийгээ зас гэсэн сануулга өгчээ.
Баримт 23.
Гуравдугаарт, Монголд 540 гаруй банк бус санхүүгийн байгууллага, 2000 гаруй хадгаламж зээлийн хоршоо бий. Гэвч энэ бүхэнд хяналт тавьдаг газар байдаггүй аж.
Баримт 24.
Эдгээр гурван шалтгаанаар биднийг “Хар, саарал жагсаалт” руу оруулах боломжтой гэж үзжээ. Уг шалтгааны улмаас Төв банкнаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлаа хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулж ажиллаж эхэлжээ. 2019 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд Монгол Улс тайлан гаргаж, түүнийг олон улсын байгууллагад хүргүүлэх ёстой.
Сэтгэгдэл (16)