ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд балетчин М.Тэлмэн түрүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж чадсан билээ. Тус тэмцээнд монгол хүн анх удаагаа ийн оролцож, улмаар тэргүүн байрыг шагналыг эх орондоо авчирсан нь дэлхийд данстай балетчдыг гайхшруулсан юм. Ингээд балетчин М.Тэлмэнтэй хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө баяр хүргэе. “World Ballet Grand Prix” тэмцээний ялагчаар тодорч, Монгол Улс гэж зарлуулах тэр агшинд ямар мэдрэмж төрж байв?
-Баярлалаа. Эх орныхоо нэрийг олон улсын том тэмцээнд гаргаж чадсандаа баяртай байна. Намайг тэмцээнд ороход хүмүүс асуудаг байлаа. “Би Монголоос ирсэн” гэхээр “Ямар улс байдаг юм бэ. Тэнд балет байдаг юм уу” гэж их гайхдаг байсан. Биднийг Чингис хаан, таван хошуу мал, нүүдэлчний амьдралаар төсөөлөлтэй байх нь их юм билээ. Түрүүлсний дараа хүн бүр монголын талаар ойлголттой болсон. Үүнд их баярласан. Сэтгэл хөдөлж, эх орныхоо талаар бага ч болов таниулж чадсандаа баяртай байна. Цаашид эх орныхоо нэрийг улам өндөрт өргөхийг хичээх болно. Мөн ээж, аавынхаа ачийг хариулахын төлөө хичээнэ.
-Түрүүлнэ гэж бодож байв уу?
-Өөртөө итгэлтэй байсан. Гэхдээ тэргүүн байр авна гэж бодоогүй.
-“World Ballet Grand Prix” тэмцээнд хэдэн балетчин оролцсон юм бэ?
-Уг тэмцээнд Азийн ихэнх улс орон оролцдог. Энэ удаагийн тэмцээнд 1800 гаруй балетын жүжигчид оролцсон гэсэн. Би 19-21 насны мэргэжлийн бүжигчдийн ангилалд өрсөлдсөн. Энэ тэмцээнд түрүүлж, Нью-Йоркийн алдартай сургуулиас нэг жилийн сургалтын тэтгэлэг авсан. Энэ сургууль 60 мянган ам.долларын төлбөртэй юм билээ. Мөн Австрали, АНУ-ын театрын урлагаас ажлын санал ирсэн гээд олон олон боломжууд бий болсон.
-Шалгуурын хувьд?
-Тэмцээн хоёр шалгуураар явагдсан. Эхнийх нь видео бичлэгээр шалгаруулсан. Үүнээс шалгарсан оролцогчид дараагийн шатанд өрсөлдсөн. Мөн сонирхуулж хэлэхэд манай улсад балетын тэмцээн цөөхөн зохиогддог шүү дээ. Энэ утгаараа багш маань ирэх онд уг тэмцээнийг Монголдоо зохион байгуулахаар төлөвлөж, холбогдох хүмүүстэй уулзан, ярилцаж байгаа.
-Тэгвэл энэ урлаг цаашид хөгжихөд их түлхэц болох юм байна. Харин тэмцээн зохион байгуулагчдаас ямархуу шалгуур тавих бол. Том тайзнаас эхлээд асуудал гарах байх?
-Бид эх орондоо энэ тэмцээнийг явуулах бүрэн боломжтой. Хамгийн гол нь манай улсын Соёл, урлагийн газраас дэмжин ажиллавал бүр сайн байна. Балетын урлагийг хөгжүүлье гэвэл олон улсын тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулж, энэ урлагаар хичээллэдэг, сонирхдог хүмүүсийг дэмжих хэрэгтэй.
-Өрсөлдөгчдийн хувьд аль улсын балетчин хүчтэй өрсөлдөгч байв?
-Солонгосын бүжгэн жүжигчид бэлтгэл болон сэтгэл зүйн байдлаараа хамгийн сайн өрсөлдөгч байсан.
-Балетаар анх хэзээнээс хичээллэж эхэлсэн юм бэ?
-2010 онд Хөгжим бүжгийн балетын ангид элсэж, 2017 онд алтан медальтай сургуулиа төгссөн. Хөгжим бүжгийн сургуульд элсэх үед би 10 настай байлаа. Ингээд төгссөн жилдээ БНСУ-д тэмцээнд оролцож, Солонгосын урлагийн хоёр их сургуулиас тэтгэлэг авсан. Гэхдээ тэнд суралцаагүй. Монголдоо ирээд хэсэг хугацааны дараа багштайгаа танилцсан. Манай багшийг У.Бат-Эрдэнэ гэдэг. АНУ-д энэ чиглэлээр ажилладаг. Дэлхийд данстай балетчин бий. Багшийн ажилладаг сургуульд элсэхийн тулд ямар шалгуур өгөх вэ гэхэд бичлэг хийгээд явуулаад үз гэсэн. Багшийн хэлснээр л явуулсан. Үр дүнд нь 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрх авсан.
-Монголдоо ажиллах бодол байдаг уу?
-Манай улсын балетын урлагт дэлхийн бусад улстай харьцуулахад дутагдалтай зүйл олон бий. Тиймээс Хөгжим бүжгийн сургуулийнхаа дүү нартаа зааж өгөн тэдний хүсэл мөрөөдөлд нь жигүүр хийхийг хүсдэг.
-Мэдээж урлагын хүн бүр л дэлхийн тавцанд гарна, дэлхийн хэмжээний од болохыг хүсдэг. Харин чиний хувьд?
-Би Оросын урлагийн их театрт бүжиглэхийг хүсч байна. Учир нь Орос бол балетын урлагаар дэлхийд тэргүүлдэг орнын нэг шүү дээ.
Б.Лхам