Баримт 1.
1968 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн.
Баримт 2.
1986 онд Ховд аймгийн 10 жилийн 1 сургууль, 1992 онд Москва хотын Усны Аж Ахуйн Дээд Сургууль, 1998 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, 2001онд Лондонгийн Стэнтон коллежийг төгссөн, усны инженер, эдийн засагч банк санхүүч мэргэжилтэй.
Баримт 3.
"Амлалт нэхэх ард түмний холбоо"-ны тэргүүн байхдаа олонд танигдсан тэрээр 2012-2016 онд “Шударга ёс эвсэл”-ээс МҮАН-аас нэр дэвшин Ховд аймгаас сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.
Баримт 4.
Тэрбээр УИХ-ын гишүүн, С.Бямбацогттой баз.
Баримт 5.
2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин, баз, хүргэн С.Бямбацогттойгоо өрсөлдсөн ч ялагдсан.
Баримт 6.
Тэрбээр УИХ-ын гишүүн С.Бямбацогттой баз, хүргэн хэмээн явдаг ч сонгууль бүрээр түүнтэй өрсөлддөг нь өнгөрснөөс өнөөдрийг хүртэл бий болгосон улс төрийн зарчим гэлтэй. Үүгээрээ улс төрд мөнхийн найз, дайсан байхгүй зөвхөн мөнхийн эрх ашиг байдаг гэсэн үгийн агуулгыг Д.Батцогт дарга хамгийн сайн илэрхийлдэг хүний нэг байж мэдэх.
Баримт 7.
2016 оны сонгуулийн үеэр Ховдод нэгэн дуулиант үйл явдал болсон нь гишүүн асан Д.Батцогттой холбогддог. УИХ-ын сонгуулийн 35-р тойрогт нэр дэвшигч С.Бямбацогтын нэрийг татуулах зорилгоор зохиомлоор мөнгө тараалгаж, түүнийгээ баримтжуулах гэсэн оролдлогыг АН-аас нэр дэвшигч Д.Батцогтын штабаас хийсэн тухай мэдээлэл гарч байв.
Баримт 8.
Үүнийг нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр “Д.Батцогт С.Бямбацогтыг татуулахын тулд шадар ухуулгачдыг нь авлигадахыг оролдсон байна. Эрх мэдлийн төлөө ийн улайрснаасаа болж Батцогт гишүүн 5-10 жилийн хорих ял авах нөхцөл байдал үүслээ” хэмээн жиргэж байсан юм.
Баримт 9.
2016 онд баз С.Бямбацогтод ялагдсан тэрбээр АН-ын даргын зөвлөх, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Баримт 10.
Энэ тухайгаа “Сонгинохайрхан дүүргийн АН-ын олон ч гишүүнээс, “М.Чинболд даргыг солихгүй бол болохгүй нь, бид ялмаар байна” гэдэг гомдол төв намд ирсэн байсан. Сонгинохайрханы АН бол дүүргийнхээ сонгуульд хэзээ ч ялж үзээгүй нам. Тиймээс энд очиж ажиллах даалгаврыг намын даргаас авсан” гэсэн юм.
Баримт 11.
Түүнчлэн “Ний нуугүй хэлэхэд би энэ ажлыг нэг их хүсч, дурлаж очсон юм биш шүү. Тэгээд яахав, намын даалгавраар хэрэгтэй газарт нь хэрэгтэй цаг үед нь очлоо. Дүүргийн намын гишүүд намайг сайхан хүлээж авч байгаа. Энд өөрчлөлт хэрэгтэй байсан гэдэг нь ч нотлогдож байна. Ажил маань жигдрэх тал руугаа орж байна” хэмээн тайлбар өгчээ. Өдгөө Сонгинохайрхан дүүргийн АН-ын хороо хоёр хуваагдаад байгаа юм.
Баримт 12.
Намын дарга С.Эрдэнийн дэмжлэгтэйгээр дүүргийн намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болсон Д.Батцогт “М.Чинболдыг өмнө нь Намын үндсэн дүрэм зөрчиж сонгосон байна гэдэг дүгнэлт гарчихсан байсан шүү дээ. Энэ нь нэгдүгээрт өрсөлдөөнгүйгээр сонгосон. Хоёрдугаарт 2012-2016 онд Засаг дарга хийж байсан мөртлөө намаа том сонгуульд ялагдуулсан гэх мэт гомдлыг намын гишүүдийн зүгээс Үндсэн дүрмийн хороонд тавьсан байсан. Тэр дагуу л гарсан шийдвэр. Тэгэхээр булааж авсан гэдэг ойлголт өрөөсгөл шүү” гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм.
Баримт 13.
330-340 мянган хүн амтай, монголын нийт хүн амын бараг 11 хувь нь амьдардаг, 32 хороотой Сонгинохайрхан дүүргий талаар тэрбээр “Нийслэлийн хөгжил хорооноосоо эхэлдэг. ХХI зуун гарчихаад байхад хороонд хөрс, агаарын бохирдол, утаатай тэмцэх ажлыг сайжруулахад төр засгийн бодлого, дэмжлэг туслалцаа мэдээж хэрэгтэй. Дээрээс нь иргэдийн өөрсдийнх нь оролцоо, чиг хандлагыг өөрчлөх нь чухал байна” гэв байв.
Баримт 14.
Намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч болсныхоо дараа “Иргэдтэйгээ нийлж байж энэ асуудлыг шийдэх боломж байгаа. Энэ чиглэл рүү томоохон судалгаа, төлөвлөлтүүдийг хийж бусад намаас, ялангуяа эрх баригчдаас ялгаатай сонгуулийн мөрийн хөтөлбөр, бодлогыг гаргана. Ингэж байж энэ дүүрэгт амжилт үзүүлнэ гэж харж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Баримт 15.
Нийслэлийн сонгогчдын дийлэнх хувийг бүрдүүлдэг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хороо 2020 оны сонгууль болоход жил хүрэхгүй хугацааны өмнө албан ёсны даргаа огцруулж үүрэг гүйцэтгэгчээр тус дүүрэгт төдийлөн танигдаагүй Д.Батцогтыг, С.Эрдэнийн дэмжлэг, шийдвэрийн хүрээнд томилсон нь 2016 оны сонгуулийн ялагдлаа давтлаа хэмээн шүүмжлэх хүн олон байгаа юм.
Баримт 16.
“Сонгинохайрхан дүүрэгт МАН мундаг, хүчтэйдээ ялаад байсан гэж бодохгүй байгаа. Харин АН дотроо дандаа хагаралтай байсан. Нэг хэсэг хоёр тамгатай, хоёр намтай шахуу болчихсон, эв нэгдэлгүй, нэгнээ дэгээдэж унагадаг байсан учраас тэнд дандаа ялагдаж байсан” хэмээн ярьсан нь АН-д эв нэгдэл гэхээсээ даргын үзэмж чухал болсныг харуулж байх шиг.
Баримт 17.
“Би намын даргын зөвлөхөөр гурван жил ажиллаж байна. Намын шинэчлэл сайн явж байгаа” хэмээсэн нь түүнийг АН-ын дарга С.Эрдэнэтэй хэр ойр хүн болохыг илтгэх мэт.
Баримт 18.
Сонгинохайрхан дүүргийн намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад удаагүй тэрбээр “АН-д цаашдаа гишүүдгүйгээр явдаг улс төрийн карьер гэж байхгүй болно. Өөрөөр хэлбэл, гишүүд гэдэг УИХ-д нэр дэвшигчийг хэн бэ гэдгийг танина, ард иргэдийн дунд хэр үнэлгээ авахыг нь мэднэ. Намын гишүүд үүнд баяртай байгаа” гэжээ.
Баримт 19.
Мөн тэрбээр “Хэзээ ҮЗХ-ны гишүүд биднийг тоож ирдэг байсан юм” гэдэг байсан. Одоо ҮЗХ-ны гишүүд өөрсдөө мөнгөө гаргаад гишүүдээ чадавхижуулах, мэдээлэлжүүлэх, дэмжих тал дээр эргээд ажиллаад эхэлж байна. Энэ өөрчлөлт урт хугацаандаа маш зөв төлөвшил болно” ярьсан ч дүүрэгтээ танигдаагүй хүний хувьд ирэх сонгуульд гишүүдээсээ дэмжлэг хүлээх эсэх нь эргэлзээтэй.
Баримт 20.
“Нам гэхээр л дандаа албан тушаалын хэрүүл ярьж байдаг биш, харин хөгжлийн бодлого ярьдаг газар байх ёстой гэж бодож байгаа” гэдгийг тэрбээр онцолсон ч Ховдын харьяалалтай эрхмийг Сонгинохайрхан дүүргийг намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь шинэчлэл гэхээсээ албан тушаалын ашиг сонирхлыг хөндсөн мэт.
Баримт 21.
МҮАН-ын гишүүнчлэлтэй явсан тэрбээр намаасаа өрх тусгаарлаж АН-ын харьяалалтай болсон удаатай. Улмаар АН-ын дарга С.Эрдэнийн тэргүүлдэг “Шонхор” фракц руу буурь сэлгэсэн юм. Энэ тухайгаа “АН-ыг фракцууд нь хуваагаад авчихсан байсан гэж. Одоо фракц гэдэг ойлголт байхгүй. Яагаад гэхээр ҮБХ дээр кноп тоолох ямар ч шаардлагагүй болчихсон” хэмээн ярьжээ.
Баримт 22.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаахад “Шударга ёс эвсэл”-ийн квотоор УИХ-ын гишүүн болсон Д.Батцогт дэмжиж кноп дарсан нь хожим түүнийг АН-д, тэр дундаа С.Эрдэнэтэй ойр болох эхлэлийг тавьсан байдаг.
Баримт 23.
Тэрбээр МҮАН-аас өрх тусгаарлах болсон шалтгаанаа гишүүдтэйгээ олон асуудлаар санал нэгдэхгүй, үзэл бодол зөрчилдөх болсон хэмээн тайлбарласан юм. Харин “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Түүний хувьд Шударга ёс эвслийн бүлгээс л гарч байгаагаас биш өөр намд элсэхгүй, МҮАН-д хэвээрээ үлдэнэ гэсэн” хэмээн мэдээллийг үгүйсгэж байсан юм.
Баримт 24.
Д.Батцогт нь Сонгинохайрханы намын хорооны даргын түр орлон гүйцэтгэгч болсноос харахад ирэх сонгуулиар тус дүүргээс нэр дэвших магадлал нь өндөр. Учир нь, гишүүн С.Бямбацогттой 2016 онд Ховдод өрсөлдөхдөө хийсэн үйлдэл нь түүнд сөрөг оноо болж тэнд дахин нэр дэвших эрхгүй болгосон байж мэдэх.
Сэтгэгдэл (19)