Нэг мэдсэн чинь өвгөн өрөөсөн гартаа сийрсэн цагаан малгайгаа хумиад базчихсан байрныхаа гадаах сүүдрэвчинд “Яана гэнээ чи. Насандаа нэг бүтэн ном уншиж үзээгүй байж үлдсэн гурван номыг минь авах гэнээ чи. Хэзээ байтлаа чи номонд ингэтлээ хайртай болчихоов. Би ямар чамайг мэдэхгүй биш. Бас л нөгөө архиа гудрах гэж байгаа биз. Тэгж ч ярихгүй ээ хүү минь” гэсэн уур унтуунд ороогдон нилээн амьсгаатай сууж байв. Сая чухам юу болоод өнгөрснийг ухаарах сөгөө одоо л орж байх шиг.
“Наад муу цаасыг чинь хэн ч уншихгүй за юу, зарагдах ч үгүй. Харин ч би ганц нэгээр нь зарж өгч байгаад баярла. Одоо та нарыг уншдаг хүн гэж хаа байсан юм. Та нарын үе чинь өнгөрч байна шүү дээ, хөгшин зөнөгөө. Ер нь чиний зохиолч гэж юу байсан юм бэ, айн!” хэмээн чарлах согтуу хүүгийнх нь дуу чихэнд нь хадна. Баруун шанаа нь халуу дүүгэхийг сая анзаарч, чичирхийлсэн гараараа сэмхэн дарж үзвэл гайгүй нь ч гайгүй бололтой.
Цээжний нь гүнээс гомдол харууслын хар манан багтаж ядан огшиж, хүүгийн тухай бодол гашуун нулимс дагуулан гадагшилна.
“Даанч яавдаа хүү минь. Хөгшин болсон эцгийгээ ингэж ч зовоох гэж. Чамд ер нь юу дутлаа гэж энэ хар усыг эцэс төгсгөлгүй гудрана вэ. Миний хүү чинь ийм ч амьтан яваагүй шүү дээ. Ханьтай бол ханьтай, үртэй бол үртэй, ажилтай төрөлтэй, амьдралтай гялалзаж явсан хүн чинь одоо ийм дээрээ тулчих гэж. Ямар гээчийн хар дон хүүг минь ороочих нь энэ вэ, бүү мэд. Муу эх чинь чамайг ийм байхыг хараагүй нь яамай даа. Би ч одоо дүүрч. Үхэж өгдөггүй өгөр толгой үүнийг л үзэх гэж өдий хүртэл салгалж яваа юм байлгүй дээ, чааваас гэж. Уг нь эмгэн бид хоёрын хүсэж, хүсэж олсон хорвоо дээрх ганц үр юмсан даа” гэж бодон мохоо хутгаар өрөө зуруулах мэт тэртээ цаанаас эхэр татан санаа алдлаа. Үүнээс цааш өвгөн уйлсангүй. Циймэл хоёр нүдэнд нь тунарч ирсэн нулимс нь зовхио давалгүй үлдэв. Дахин нэг санаа алдсан өвгөн
- Заа, за. Энд ингэж суугаад яахав. Аягүй бол байрны хэдэн хөгшид мөдхөн гарч ирнэ. Тэгээд л нэг их хийх ажилтай болсон юм аятай муу хүүг минь хиймэл шүдээ амнаасаа унагачихаа алдан муулцгаах юм болох биз гэж хэн нэгэнд ярьж байгаа юм шиг амандаа үглэх нь саяхан гэртээ байж суух газаргүй болтлоо агсам тавиулж, эгээтэй л зодуулчихаагүйгээ албаар мартан, ганц хүүгээ өөрийнхөө бодлоос ч, өрөөлийн амнаас ч өмөөрч буй бололтой.
Өвгөн малгайгаа өмсөх гэтэл гурван ном хийсэн нэг муу даавуун уут бугуйнд нь санжих ажээ. Хэдийдээ аваад гартаа угалснаа ч санах юм алга. Хүүгийнх нь агсам тавих шалтаг ердөө л энэ хэдэн ном. Хэдэн жилийн өмнө нутгийнх нь нэг том ой болж нутгийн зөвлөл нь өвгөн зохиолчийн номыг хэвлүүлж өгсөн юм. Магнайгаа хагартал баярласан өвгөн номын дэлгүүрээр хэдэн номоо тараадаг ажилтай болсонсон. Тав арваар нь авч явж чадахгүй ээ зайлуул. Гурав гурваар нь зөөдөг ухаантай. Тэрнээс хойш бараг хоёр жил өнгөрөө юу даа. Өнөөдрийн энэ гурав нь хамгийн сүүлчинх нь. Заримыг нь хүн хард бэлэглэсэн байх, зарим нь ч зарагдсан байх. Ихэнх дийлэнх нь чухам хайчсаныг өвгөн мэдэхгүй. Тэр нь ч дүүрч. Харин өвгөн номоо тараах далимдаа хаа нэг таньдаг хүн таарвал мэнд ус солилцсон шиг явах нь хэдий насанд дарагдсан ч гэлээ хүний тоонд багтаж яваагаа мэдэрч, ёстой л нэг сайхан байдагсан.
Үнэн хэрэгтээ өвгөнөөс илүүтэйгээр уг номыг хүү нь борлуулсан гэхэд болно. Бараг өдөр бүр шахам шартах түүний шараа тайлах хамгийн сүүлчийн арга нь энэ байлаа. Эх нь өөд болсноос хойш долоон жилийн дотор бүрэн бүтэн байсан энэ айл одоо юу ч үгүй болсон. Байгаагаас ханхай оргисон гурван өрөө, хоёр түлэнхий сав, нэг муухан цагаан ор, эвдэрч унахаа шахсан ширээ сандлаас өөр юмгүй болтол нь хоосолсон өвгөн зохиолчийн ганц хүү өнөө өглөө гэртээ ирээд хамгийн сүүлчийн гурван ширхэг номыг авах гэлээ гэж өвгөн аавтайгаа муудалцсан ажээ. Тэр ч байтугай хүүгийн агсамнахдаа хаа хамаагүй савчсан гар аавынхаа шанааг оносон нь тэр аж. Санаатай, санаагүйг хэн мэдлээ дээ.
Өвгөн сийрсэн цагаан малгайгаа нэг гартаа, нөгөө гартаа даавуун ууттай номоо сайн гэгч нь атгасаар, хүн харахад гэлдрэх авч өөртөө бол нилээд дориухан алхалж явна. Моддын навчис хөгжөөх салхины хөнгөхөн сэвшээнд шингэн буурал үс нь намирч, ягаахан хуйхан дээр нь намрын налгар нар гялтганан ойно. Өлөн хиртэй дотуур цамцныхаа захыг товчилж, өмдөө баахан дээш нь татсан тул богиндсон шуумган доор нь маажиг хар гутал нь илхэн харагдана. Тэрээр энэ бүхнээ анзаарсан шинж алга. Уначихгүйг хичээн ус гүйлгэнэсэн циймэл нүдээр урдах замаа ширтэн явна. Уг нь намрын нар налайсан сайхан өдөр ажээ. Хотын гудмаар хүмүүс энэ өдрийн тийм ер бусын сайхныг анзаарсан шинжгүй хаа нэг тийшээ яаралдан сүлжилдэнэ.
“Аргагүй дээ, Өдийд чинь сургууль соёлын эхлэх цаг тулчихсан тул залуучууд, оюутнуудын ид бужигнадаг үедээ” хэмээн өвгөн бодоод ямар нэгэн юманд хөхүүн баясах шиг эсвэл юунд ч юм атаархах шиг болоод хөнгөн санаа алдлаа. Өвгөн зохиолч их хотын урсгалд ороод, ихийн их гомдлыг тэрүүхэн зуур мартжээ. Иймдээ ч тэр өөрийгөө урж, тасчин байж эсвэл уяран хайлж урсдаг уран бүтээлч байх.
Өвгөн өөрийнхөө явдаг, тэр байтугай амьдралынхаа ихэнх үед алхаж өнгөрөөсөн тэр л гудамжаараа явж байлаа. Хэд хэдэн их сургууль зэрэгцэн орших энэ гудамжинд цаг цагийн оюутан залуус хөлхөлдөн байдаг тул ёстой л мөнхийн залуу гудамж гэлтэй. Зөрөн өнгөрөх залуусын царайг ажин явахдаа “Энэ гудамжинд инээмсэглэл тасардаггүй байх” гэсэн ер бусын гэрэлт бодол зурсхийнэ. Энд бас гадаад монгол холилдсон нэртэй нэгэн номын дэлгүүр бий. Өвгөн өөрийн мэдэлгүй тийшээ явж байгаа. Энд ирж номын далайд умбан орчноосоо тасран жаргадаг гэж байгаа. Усан дунд ямар ч том амьтан хүнддэггүй шиг номон дунд байхдаа өвгөн хэзээ ч хөгшддөггүй юм. Юу ч худалдаж авахгүй хэрнээ тэр номнуудыг гарчигласан шиг зүгээр л барьж тавилан явах нь түүнд юутай ч зүйрлэшгүй жаргал болно. Уг нь өвгөн зохиолчийнд ийм их биш юмаа гэхэд өөрийгөө саатуулчих хэмжээний номын сан байсан уу гэвэл байсаан. Одоо байхгүй. Ад зэтгэрийн дон шүгэлсэн нэгэн муухай гар босож суух хооронд нь шургалсаар байгаад одоо зүгээр л сарзайсан тавиур л үлдсэн.
Өвгөн өнөөдөр ч гэсэн номын дэлгүүртээ ирлээ. Дэлгүүрийн хүүхэн
-Өө, сайн байна уу? Хэн гуай. Сониноос таны нэг ном зарагдсан шүү гэж их л баясангуй өгүүлээд түүнд номны тооцоо болох зургаан мянга хоёр зуун төгрөг өглөө. Зарим хүнийх хорь гучаараа зарагддаг байхад өвгөнийх бараг гурван сарын хугацаанд ганцхан зарагдаж. “Одооны хүмүүс ном бага уншиж байна гэж би хэлэхгүй ээ. Цаг цагт хүмүүс ном уншиж л байсан. Уншсаар ч байх болно. Харин хүүгийн хэлснээр намайг л хүмүүс уншихаа больсон нь үнэн бололтой. Хоцрогдоно гэдэг нь энэ юм байхаа даа. Гэхдээ яах вэ гэрээсээ хоосон гарсан хүн чинь хэдэн төгрөгтэй болчихлоо. Энэ чинь бас л буян шүү дээ. Хөөрхий, миний номыг авсан хүний буян нь дэлгэрч яваг. Надад ямар их тус хийж яваагаа мэдэхгүй л яваа байх даа, зайлуул” гэж бодон зогсов. Мөнгийг хоёр гардан авахдаа өвгөний гар салганаж байв. Хэн ч харсан өдий насны хөгшин хүний гар ингэж салганах нь энгийн үзэгдэл мэт боловч үнэн хэрэгтээ өвгөн зохиолч ойрд зарагдаагүй ном нь зарагдсандаа, огт санаагүй байсан мөнгө гэнэт гараад ирсэнд баярласандаа салганан чичирч байлаа. Энэ зургаан мянга хоёр зуун төгрөг сард оногддог түүний тэтгэвэрийн хэдээс илүү үнэтэй бас илүү жинтэй. “За, өнөөдөр сүү авч, нэг сайхан сүүтэй цай чанаж ууя байз” гэж санах түүний сэтгэл зүрх баяраар догдолж байв. Мөнгөө өвөртөлсөн өвгөн
- За, өвөө нь баяжиж орхилоо. Бүр баярлаад бүр сүйд гэж нүүрнийхээ түмэн үрчлээг яран байж инээмсэглээд
- Энэ гурван номоо зөрүүлээд өгчих нь өө гээд өнөөх хүүтэйгээ булаацалдан байж авчирсан сүүлчийн номнуудаа өгөхөд
- Таны ном ч цагтаа энэ байтугай зарагдаж байсан байлгүй гэх худалдагч бүсгүйн ухаалагхан урмын үг өвгөний алдарч буй сэтгэлийн ончийг атган авах шиг санагдсан ч ахмад хүний ухаалаг зангаар
- Цагийн юм гэдэг цагтаа шүү дээ хүү минь. Тэр цагийн юмаар өнөө цагт гул барьж яаж болох вэ дээ гэлээ.
Энгэрийнхээ дотуур халаасанд мөнгөө лавхан хийсэн өвгөн сурсан зангаараа дэлгүүрийн тавиур дээрх номнуудыг нүд гүйлгэн явна.
“Өнөө цагийн ном гэдэг зураг хөрөг, хийгээд цаас цавуу нь хүртэл мөн ч сайхан болжээ. Бидний үед ямархуу байлаа даа. Манай үеийнхний номнуудыг хүртэл өнгө будаг нь гялалзаад сайхан хэвлүүлж тавиур тавиураар нь өрж тавьсан байна. Бодвол үр хүүхэд нь л ингэдэг байх даа” гэж бодоод санаа алдав.
“Үгүй ээ тэр, Зураг хөргийг нь хараачээ яг л амьд сэрүүнээрээ, яг л өчигдөрхөн авхуулсан юм шиг яасан ч сайхан гараав дээ. Энэ хэнийг хараач, Бүр яг надруу хараад байгаа юм шиг. Энэ маань л гэхэд
...Бод л доо та нар! Тэгэхэд
Шиврээ борооны дусал
Шивээлсэн жадны үзүүрт бутарч
Шинелийн хормойд
Шингэж явсым . . . гэж бичиж явсан хүн шүү дээ. Уянгын халил гэж энийг л хэлдэг байх даа. Агуудаа агуу миний муусайн найз нар. Цаг үе биднийг юу гэж хэлэх нь яахав ээ. Бид л цаг үедээ хүн шиг явсан бол болох нь тэр” гэж өнгөрсөн үеээ өнөө цагийн өнгө аясаас өмгөөлөн бодов. Түүнтэй залгаа шахам тавигдсан номын зургийг харж
“Энэ нөгөө зурагтаар ойр ойрхон гардаг хүү байна. Биднийхээс жаахан өөр ч гэлээ бас л сайн бичдэг хүү шүү. Аргагүй биз дээ та нарын минь цаг үе өөр юм. Би ч бас уншихгүй биш уншдаг юмаа. Араасаа гарч ирж байгаа ирээдүйгээ харахгүйгээр үргэлж л өмнөхөө гөлрөөд явна гэж юу байхав. Бид чинь үе үеийн тасарч үл болох гинжин хэлхээ шүү дээ” хэмээн эгээ л ямар нэгэн сурвалжлагчид ярилцлага өгч буй мэт бодов. Тавиураас тавиур хооронд тэр байтугай номноос номны хооронд түүний бодол тэлээлэн урсана.
“Энэ зохиолч хүү лав миний хүүгээс насаар дүү дээ. Гэтэл ийм сүрхий байх гэж. Хүүгээ би зохиолч бол гэж шаардаагүй шүү дээ. Зүгээр л номыг сэтгэл зүрхнээсээ уншдаг хүн болоосой гэж хүссэн. Тэгсэн бол өдийд амьдралд хайртай хүн явахгүй юү. Юу боллоо гэж хамаг байдгаа өөрийн гараар үгүй хийж явахав” гэсэн бодол нь харуусал болон хувирав.
Тун удалгүй өвгөн номын дэлгүүрийн эргэдэг хаалгаар түүртэх маягтай гараад гудамж өгсөн гэлдрэв. Ийн гэлдрэхдээ тэртээ холын гэгээн алсад гэгэлзтэл санаа алдуулсаар харваж одсон хэдэн нөхөдтэйгээ эргээд нэг уулзсан мэт санагдан сэтгэл гэдэг хөнгөрчих шиг болов. Тэрээр тэрүүхэн буланд байрлах усан сангийн хажууд очин хэсэг суулаа. Намрын нар хамаг л чадлаараа халах авч цаанаа нэг тамир муутай. Цагтаа ажиллаж байсан энэ усан сангийн чулуун хашлаган дээр одоо хэсэг хүмүүс хуучин ном зардаг болжээ. Өвгөн тэрийг ч гэсэн үзэхгүй байж чадсангүй. Цаахан талд нь жижигхэн зөөврийн тэрэгтэй квас зарж байгаа харагдана. Өвгөнийг идэрхэн явахад энэ квасыг том том грушикээр л зардагсан. Одоо ч нэг муу жижигхэн хальсан аяганд зардаг болжээ. Түүнийг ном руу очиход тэндээс хуучирсан номны нэгширмэл үнэр хамар цоргих шиг болов. Халуунд хуучин цаас халсандаа тэр байх. Энэ үнэр өвгөнд тийм ч муухай санагдсангүй. Яагаад ч юм гэрийнх нь хуучин номын сан үнэртэх шиг цаанаа нэг таатай. Өвгөн зохиолч ганц нэг ном үзэн, авахгүй ч гэсэн үнийг нь сонирхон явав.
Тэгтэл . . . Тэгтэл яасан гээ. Өвгөний нүдний буланд нэгэн халцархай хүрэн хавтастай ном сэрвэлзэн үзэгдэв. Шаргалтаж хуучирсан хуудас нь ямар нэгэн далдын совин даллах мэт зөөлөн намирах тэр номыг хараад өвгөний зүрх өөрийн эрхгүй хурдан хурдан цохилж, амьсгаа нь давчдаж ирэх нь тэр.
“Мөн гэж үү? Арай биш байлгүй дээ” гэж бодон өвгөн алгуурхан дөхлөө. Тэрээр уг номыг гартаа барин барьталаа бүрэн дүүрэн итгэж өгсөнгүй. Гэтэл өвгөн чичирч салганасан гараараа халцарч холцорсон хавтастай номыг эргүүлж тойруулан үзээд
- Мөн байна. Эвий минь гэж тэр чигээрээ мөн байна гэж эвгүй саарал хоолойгоор цахиртан дуугараад, номыг амандаа барин үнсэх ая үзүүлэхэд номны хуучин хавтасыг түүний амнаас савирах цагаан шүлс норгон толботуулав. Ном зарж байсан тарган бор авгай ухасхийн босож
- Хөөе! Өвгөн гуай, та чинь яасан заваан юм бэ? Яах гэж наад номоо заваартуулаад байгаа юм. Одоо ингээд шүлстэй номыг чинь хэн авах юм. Балиар хог вэ. Алив цаашаа, цаашаа гэж хажиглан хөөхөд өвгөн ээрч мууран
- Үгүй ээ, энэ ном чинь хүүхээ . . .
- Та дийлэхгүй ээ, дийлэхгүй. Өөрөө авч чадахгүй байж хүнд гай болоод гэж үглэн өвгөний гараас номыг шувт татан авч өргөн банзалынхаа хормойгоор хэд шудраад буцааж тавихдаа өвгөнийг дахиад авах вий гэсэн янзтай цэвхэлзэн харна. Өвгөн дахиж номыг авч зүрхэлсэнгүй.
“Яг мөн байна. Дөчин хоёр жилийн өмнө хэвлүүлсэн миний анхны ном мөн байна. Хөөрхий минь гэж, хаагуур тэнэж яваад өдийд ингээд гэнэтхэн гараад ирэх нь энэ вэ дээ. Эвий минь гэж. Хавтсан дээр нь бүдэг бадагхан ч гэлээ миний нэр харагдаж байнаа. Намайг зохиолч хэмээн зарласан анхны ном. Чамайг хэвлүүлчихээд ёстой л нэг анхны хүүхдээ төрүүлсөн эх хүн шиг баярласандаа цээжээ дэлдэн гүйж явсансан. Хүүхэд гэснээс энэ ном чинь манай хүүгээс нэг ах юм шүү дээ. Хүүг гардагийн урд жил хэвлүүлсэн санагдана. Тэр үед одооных шиг ямар өөрсдөө зарах гэж хэд гурваар нь тэврээд гүйж явсан биш дээ. Хэвлэгдсэн л бол бусад нь бидэнд хамаагүй байсан үе дээ. Дам сонсоход гучин мянган хувь хэвлэгдлээ л гэж байсан. Үнэн байхаа. Залуухан байхдаа анзаарсангүй, хэд гурав байсныг нь тараагаад дууссан байсан. Хожим нь өөрөө олж авах гээд чадаагүй юмдаг. Гэтэл өнөөдөр өтөл насны шувтрага дээр ингэж таарах гэж. Ерөөсөө худалдаж авдаг хэргээ” гэж бодоод эргэж очин энгэрээ тэмтрэн зогсохдоо
“Би одоо энийг аваад ч яах юм билээ. Хэндээ ч гэж авч очих юм билээ. Аягүй бол манай өнөөх бас л нэг зуун граммнаас өгөөд шараа тайлчих биз. Манай тэрэнд ямар энэ аавын минь анхны ном юм шүү гээд нандигнаад явах ухаан байх биш. Тэгснээс хэн нэгэн сонирхсон хүн нь аваг дээ” гэж бодон өвгөн цааш эргэлээ. Гэхдээ тэр шуудхан яваад өгч чадсангүй. Үрдээ хорогдох амьтан шиг эргэж хургасаар байв. Нэгэнт явж чадахгүйгээ ойлгосон өвгөн өнөөх квасны тэрэгний дэргэд бетонон сандал дээр сууж авлаа.
Нилээн ч удаан суулаа. Нар ч нилээн дальдарч, үд хэвийхийн алдад том хар цүнх дамнуулан барьсан нэгэн залуухан хүү ирж хуучин номыг эхнээс нь үзэж явснаа яг өвгөний номыг авч эргүүлж тойруулан хэсэг үзээд юу юугүй авах болоход өвгөн хэрээрээ хурдхан босож, яагаад ч юм залуугийн хажуугаар дайран орж номны булангаас барьж автал ном зарагч авгай номыг угзран авч
- Та чинь одоо яагаад байгаа солиотой өвгөн бэ. Хүн юм авах гэж байхад гэнэтхэн босож ирээд булаацалдаад унах чинь. Өвчтэй юм уу хаашаа юм. Тийм л байсан юм бол өдөржингөө шахам гөлөрч суухын оронд авахгүй яасан юм гээд хариу хэлэх завдалгүй дуржигнуулснаа өнөө залууд өгөөд явуулчих нь тэр.
“Хэн нэгэн ирж аваасай” гэж бодож суусан өвгөн яг хүн авдгийн даваан дээр гэнэтхэн харамнах сэтгэлдээ хөтлөгдөн очсон нь тэр байлаа. Залуу номоо авч цүнхэндээ шургуулаад өвгөн рүү эргэн эргэн харсаар цаашаа явж одов.
“Миний ном. Энэ чинь миний ном шүү дээ. Та нарынх биш” гэж сэтгэлдээ шивнэж зогссон өвгөнд гэнэтхэн “Нээрээ! Миний номыг хүн авч байна шүү дээ” гэсэн гэрэлт бодол орж ирэв.
“Миний номыг бүр дөчин хоёр жилийн дараа ч гэсэн худалдаж авсаар, уншсаар байна шүү дээ. Би амьд байгаа юм байна. Энэн шиг сайхан юм гэж байх уу” гэсэн бодол харавахад туранхай хатингар цээжинд нь омогшил тодорч, ус гүйсэн үлбэгэр нүдэнд нь үл мэдэг оч гэрэлтэж эргэн тойрноо харав. Өдөржингөө шахам гадаа суусан тэр ам ангаснаа сая ухаарч өнөөх кваснаас нэг аягыг авч залгилав. Жижигхэн хальсан аяга гэж голмоглоод байсан ч өвгөндөө бол овоо сав бололтой хэд хэд тасалж уулаа. Хоолой сэрүү татаад даанч нэг сайхан. “Миний цангаа тайлах ч яахав. Өнөө муу хүү маань бүр харангадаад үхэх гэсэн юм хэвтээ байхдаа. Бодвол архи их уухаар хамаг цус нь хуурайшчихаа шахдаг биз. Энэ хэдэн төгрөгөөр би яагаа ч билээ. Сүүтэй сүүгүй болох л байлгүй яав гэж. Хүүдээ уух юм авч өгдөг юм билүү дээ. Өнөө маргаашгүй болсон би хэд наслана гэж хүүдээ хатуурхаж явахав. Намайг унаад өгөхөөр ухаан суух биз. Муу эх нь миний оронд байсан бол ганц хүүгээ ингэж явуулаа ч уу, үгүй ч үү. Энгэрээ цөмлөөд ч болов шарыг нь тайлж өгөх байсан биз. Эх хүний сэтгэл гэдэг тийм л байдаг хойно. Хүү маань ном уншихгүй ч гэсэн хэн нэгэн хүний хүү миний номыг уншиж л байна шүү дээ. Үүнээс илүү надад юу хэрэгтэй гэж” хэмээн бодох өвгөн зохиолч хүнсний дэлгүүр лүү алхав. Хүн харахад гэлдэрч явах шиг боловч үнэндээ бол тэр дэгдэж явлаа. Тэрээр “За байз, таван мянга есөн зуун төгрөг үлдсэн юмсан. Өнөөх юманд нь хүрдэг л байгаа даа. Саяын квасыг хэрэггүй ч уув уу…” хэмээн гэнэтхэн санаашрав.
Т.Бум-Эрдэнэ