ЭШЛЭЛ 1
Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бүх шатны шүүгч, ерөнхий прокурор түүний орлогчдыг томилж, чөлөөлдөг. Шүүх, прокурорын удирдлагуудыг томилох, чөлөөлөх, огцруулах эрх нь Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх.
ЭШЛЭЛ 2.
ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, прокурор, АТГ-ын байгууллагын удирдлагыг хуульчилчихлаа. Энэ зөвлөлд УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн ганцаараа хэнтэй ч хуваалцахгүйгээр хийнэ гэж заачихаад байхад УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг нэмчихээр хуулиа зөрчиж байгаа юм. Нэг хүнд хязгааргүй эрх мэдлийг өгөх нь хэтийддээ ялзрал, дампуурлыг бий болгоно. Өнгөрсөн үеийн энэ түүхийг дахиж турших гээд байх хэрэг байхгүй.
ЭШЛЭЛ 3.
Миний бодож байгаагаар энэ парламент өөрөө хүчингүй болгох байх. Магадгүй Ерөнхийлөгч өөрөө хүчингүй болгох байх. Яагаад гэхээр шинээр томилох шүүгч, прокурорт өөрсдөд нь халтай хууль. Хаан мөнх биш. Тэр тусмаа сонгуулийн хаан. Сонгуулиар юу ч болоо билээ. Шинэ хүмүүс нь гарч ирээд юу хийх бол. Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүхийн хүн гээд өөрчилж болно. Ийм боломжийг Үндсэн хууль зөвшөөрөхгүй. Үүнтэй маргаад байх юм байхгүй.
ЭШЛЭЛ 4.
Ромын эзэнт гүрний Цезирь гэдэг нь хаан биш цэргийн жанжин байсан. Дайн зарлах, энх тайван тогтоох эрх нь Сенатад байсан. Эзэнт гүрэн нь 300 муж буюу сурвалжит захирагч нараас бүрддэг байсан. Үндсэндээ хамтын шийдвэр гаргадаг, язгууртны засаг байсан юм. Дайн зарлах, зогсоох гэхээр цаг хугацаа алддаг байсан болохоор тэр эрхийг нь цэргийнхээ жанжинд олгосон байдаг. Гэтэл тэрийг нь цэргийн жанжин нь яаж ашигласан гэхээр эрх мэдэлдээ удаан байхын тулд дайныг зогсоох сонирхолгүй болсон. Дайны байдалтай үед бүх эрх мэдэл өөрт нь төвлөрөх учраас шүү дээ. Хууль гэдэг ямар утга учиртай нөлөө үзүүлдэг нь энэ.
ЭШЛЭЛ 5.
Хуулийн мафилаг шинжтэй хэсэг бүлэг сүлжээ үүссэн асуудал бий юу гэвэл бий. Сая бий болчихсон юм биш. Үүнийг шийдэхийн тулд хуулийн байгууллагын оройд байгаа хүмүүс нь холбоотой сэжүүр, таамаг гарсан. Гэтэл нөгөө хүмүүс нь өргөдлөө өгөхгүй гээд суугаад байхаар хуулийн бус Үндсэн хуулийн бус аргаар огцруулах шийдэлд хүрлээ. Уг нь Ерөнхийлөгчид бүх эрх мэдэл нь байгаа учраас дангаараа шийдэх боломжтой байсан. УИХ-аас дэмжлэг хүссэн бол нэг удаагийн үйлчлэлтэй шийдвэр гаргаж болох байсан шүү дээ. Гэвч Үндсэн хуулиа зөрчсөн урхагтай шийдвэр гаргачихлаа.
ЭШЛЭЛ 6.
Үндсэн хуулийн нэг зарчим бий. Төр хэн нэгэнд давуу байдал, муу байдлыг үзэх хууль гаргах ёсгүй гэж. Гэтэл түүнийг нь зөрчлөө. Модны нэг мөчир өтөнд идүүлсэн байна гээд бүхэлд нь тайрч болохгүй.
ЭШЛЭЛ 7.
Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчтэйгөө явж байна. Хамгийн дээд тал нь 74 хувь байсан бол сүүлийнх нь 50 хувиар сонгогдлоо. Болж бүтэхгүй, болохоо байчихсан аавын хүүхдүүд сонгогдож байсан гэж бодохооргүй байгаа биз. Гэтэл бүгдээрээ буухдаа хамгийн адгийн шаар болж байна. Өмнөх дөрвөн хүн бүгдээрээ ийм байдлаар буусан. Н.Энхбаяр буухдаа “Авлигын загалмайлсан эцэг” нэртэй байлаа шүү дээ. Ерөнхийлөгч болсон нь заавал улирах гээд байдаг. Ингэхдээ дандаа намтайгаа зөрчилддөг. Хоосон бэлгэ тэмдгийн чанартай хүн байхыг хүсдэггүй. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат үүний учрыг олохгүй явсаар буусан.
ЭШЛЭЛ 8.
Н.Багабанди Ерөнхийлөгчийн хувьд үүнийг нэлээд Үндсэн хуулийн бус аргаар өөртөө төвлөрүүлсэн. Шууд Ерөнхий сайдыг мэддэг болъё гэсэн. Хууль зүйн хувьд их үүрэг гүйцэтгэсэн нь Н.Энхбаяр. Энэ хүн өөрөө АТГ-ыг байгуулсан. Хуулийг нь батлуулсан. Хуульчид хэлдэг юм, хэрэг шийдвэрлэх явцад Н.Энхбаяр Ерөнхийлөгч нөлөөлдөггүй байсан гэж. Монгол жижигхэн шүү дээ. Гээндээ ч, гоондоо ч гэдэг шиг бүгдэд нь асуудал бий.
ЭШЛЭЛ 9.
Миний мэдэхийн Ерөнхийлөгчид Үндсэн хуулиас гадуур 10-аад өндөр албан тушаалтны томилгоонд оролцох эрхийг нь өгчихсөн. Хаандаа таалагдах, эсвэл сүрддэг ч юм уу эрх мэдлийг ингэж төвлөрүүлсэн. Энэ бүгдийг төвлөрүүлсэн оргил үед нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон. Жинхнээсээ бэлэн хоол өгсөн. Ширээнд нь залаад, титмийг нь залаад, сэлмийг нь гарт нь өгсөн. Парламент гэдэг муу юмаа засаад явж ирсэн. МАНАН гэж ярьж байгаа ч 76 хүнийг чадахүй. Ямар нэгэн байдлаар өөрийгөө илааршуулж явдаг.
ЭШЛЭЛ 10.
Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчих учраас УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг, парламенттай нь татан оролцууллаа. Парламентын гишүүд өөрсдөө дүгнэлт хийх ёстой. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоохоос илүү өндөр эрх мэдэл гэж байхгүй. Гэтэл өөрсдийнхөө дээр Үндсэн хуулийн бус аргаар гурван хүнийг гаргаад тавьчихлаа. Парламент Ерөнхийлөгчийг хянаж байх ёстой. Ц.Элбэгдорж боож үхлээ л дээ. Байн байн гадаадаас ирээд л юм ярина. Одоо дуугай болж, шийтгэлээ хүлээх ёстой.
ЭШЛЭЛ 11.
Санаж байгаа бол би Ц.Элбэгдоржийг 2014 онд Цэцэд өгч байсан. Шалтгаан нь парламент нь Ерөнхийлөгчтөө хяналт тавьж байх ёстой. Жил болгон тайланг нь хэлэлцэх, хууль бус шийдвэрийг нь хянах ёстой зэргээр. Анх удаа тайлангаа тавьсан биз дээ. Гэтэл нэг ч хүн асуулт асуугаагүй. Ө.Энхтүвшин гишүүн л асуусан. Сая Ерөнхийлөгч Х.Баттулга тайлангаа тавьсан. Тамгын газрын дарга нь тавьсан. Нөгөө шүүмжлээд байсан хүмүүс нь асуулт асуусангүй. Таг дуугүй. Барьцаалагдсан юм уу, “төмсөгдүүлсэн” үү.
ЭШЛЭЛ 12.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял ногдуулсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн тодорхой гэж ойлгосон. Эрүүдэн шүүх нь өөрөө гэмт хэрэг. Үүнийг хаацайлаад байх шаардлагагүй. Гэхдээ эрүүдэн шүүхийг өмнө нь байгаагүй, ямар аймар юм гэж яриад байгаа бол уучлаарай.
ЭШЛЭЛ 13.
2016 онд хуульд өөрчлөлт оруулах өргөн бариад баталж байсан. Тэнд хүнийг эрүүдэн шүүсэн, хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, нэг үгээр гэмт хэрэг илрүүлэх явцдаа гэмт хэрэг хийсэн бол тухайн хүнийг цагаатгах хуулийн төсөл өргөн барьж байсан юм. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчгүйгээр, эрүүдэн шүүж байгаад хэрэг хүлээлгэсэн бол цагаатгах хуулийг төслийг өргөн барьж байсан юм. Одоо юу яриад байгаа юм. Нэрийг нь хэлээд яах вэ. Тэгж яриад байгаа гишүүдийг гайхаж байна. Ер нь цагдан хорьдог байдал хэрээс хэтэрчихсэн байсан юм. Өмнөх хуулиар хүнийг хорьж мөрддөг байсан. Харин хангалттай үндэслэл нотлох баримтгүйгээр хорихгүй байх зохицуулалтыг шинэ хуульд хийсэн. Таамгаар цагдан хорихүй гэсэн үг. Цагдан хорих байранд гүйцэтгэх ажлыг хийж болохгүй гэсэн зохицуулалтыг оруулахад эрүүдэн шүүснийг гайхаж яриад байгаа хүмүүс эсэргүүцэж байлаа шүү дээ. Цагдан хорих байранд ямар нэгэн арга тактикаар хийх ёстой гэх зэргээр.
ЭШЛЭЛ 14.
Байнгын хорооны хаалттай хуралдаанд намайг дуудаад “Чи хэрэг мөрдөж үзээгүй байж хуулийн байгууллагынхаа саналыг сонсдоггүй юм. Үүнийг боль” гэж байсан. Гэхдээ бүгдээрээ биш л дээ. Тодорхой асуудалд залхаан цээрлүүлдэг юм бий. Миний хувьд ер нь дүлий цэрэг байсан. Гэтэл дуудаж авчраад намынхнаар нь дарамтуулж байгаа юм.
ЭШЛЭЛ 15.
2017 оны долдугаар сарын 1-нээс шинэ хууль үйлчилж эхэлсэн. Эрүүдэн шүүсэн тухай асуудал 2015 оны сүүл, 2016 оны эхээр явсан гэж яриад байгаа. Шинэ хуулийг өргөн барихаас өмнө байгаа биз. Шинэ хуулиар болохүй болоод ирэхээр нөгөө хүмүүс өөрсдөө гэмт хэрэгтэн болно. Хэн ч тэгэхийг хүсэхгүй. Тэгэнгүүтээ татсан байж магадгүй.
ЭШЛЭЛ 16.
Л.Гансүхийн, Н.Энхбаярын, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн гурван хүн гээд бүгдийг нь Төв аймагт цагдан хорьсон. Энэ яадаг газар вэ. Яагаад заавал тийшээ явуулаад байна вэ. Энэ нь өөрөө эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр. Үүнийг мэдэхгүй биш мэдэж байгаа шүү дээ. Хуулийг нэг хүнд зориулж гаргаддаггүй. Үзэгдэл, системтэй нь тэмцэж байгаа асуудал. Одоогийн 461 дүгээр анги өмнөхөөсөө өөр болсон. Хүн болгоныг тусдаа өрөөнд байлгадаг. Ахуйн нөхцөлийн хувьд өмнөхөөсөө дээрдсэн. Өмнө нь “Ганц худаг” гэж байхад тийшээ орсон хүнд бөөргүй, биегүй болчихдог байсан. Эрүүдэн шүүдэг, бүр хэрэг худалдаж авдаг байсан. Жишээ нь, нэг хулгай хийсэн ч таван жил, арван хулгай хийсэн ч таван жил байсан. Тэгэхээр арван хулгай хийсэн гээд ял авчихдаг юм. Шинэ хуулиар үйлдэл тус бүрт нь ял өгдөг болгосон. Энэ байдал нь багассан.
ЭШЛЭЛ 17.
АТГ-ыг анх байгуулж байхад Үндсэн хуулийн судлаачид шүүмжилж байсан. УИХ дэргэдээ мөрдөн шалгах байгууллагатай байж болохгүй гэж. Авлига даамжирсан бол хариуцлагыг нь Засгийн газар, Ерөнхий сайдтай ярих ёстой. Зарчмын хувьд АТГ УИХ биш Засгийн газрын харьяанд байх ёстой. Авлигатай тэмцэх асуудалд хариуцлага ярихаар бие бие рүүгээ түлхдэг. Хэн ч хариуцлага хүлээдэггүй.
ЭШЛЭЛ 18.
“Шүдгүй арслан”-гуудын шүд нь АТГ юм шиг байгаа юм. Төрийн ордноор дүүрэн шүдгүй хүмүүс. Шүд нь хаана байна гэхээр АТГ. Энэ газрыг авч байж шүд нь ургах юм шиг. “Шударга бус”-ын хоёр хонгил шүдээ булаацалдаж байна. Нэг нь тийм ариухан бурхан, нөгөөх нь чөтгөр гэж бодохүй байна. Хоёр хуулийн мафи шүдээ булаацалдаж байгаа юм.
ЭШЛЭЛ 19.
Хонгил гэдэг чинь сүүлд үүссэн. Харин хуулийн мафи гэдгийг 2013 оноос маш их бичиж ирсэн. Тухайн үед хүмүүс айдаг, дуугүй байдаг байсан. Эзэнтэй, нутаг ус сүлжилдсэн, нам үл харгалзаж парламентад кноп дардаг бүлэг байсан.
ЭШЛЭЛ 20.
ЖДҮ бол МАН-ын эмзэг цэг. Хэрвээ зарим гишүүний хэлж байгаа шиг 30, 40 холбогдсон бол сүйрэл. ЖДҮ эрхэлж байгаа зээлийг өөрсдөө авчихсан. Бид баахан ЖДҮ эрхлэгчдийг сонгосон ч юм шиг. Албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдвол 2-8 жил хорих ялтай. Тэнсэх байхгүй. Заавал өөрийн биеэр эдэлнэ. Хөөн хэлэлцэх хугацаа нь гэхэд 2030 хүртэл дуусахгүй. Үүнийг Бага хурал дээрээ ярьсан. Гэтэл тав өдөр нь дуудаад нэг дэх өдөр нь ажлаа өг гэсэн. Уг нь би хуулиа л ярьсан юм. Айлын гэрт ороод аяга авчихсан бол буцааж тавьсан ч гэмт хэрэг. Албан тушаалтан, ардын хүүхэд хоёр адилхан.э.
ЭШЛЭЛ 21.
Бүртгэлийн хуулийн гол зорилго нь нууц, хаалттай байсан асуудлыг ил болгосон. ТЭДС дээр гэхэд 18 компани байгуулчихаад нэг л хүн зээл яваад байна шүү дээ. Үүнийг нь нээлттэй болгочихоо ард түмэн өөрсдөө АТГ-ын албан хаагч болсон.
ЭШЛЭЛ 22.
“Хуулийн этгээдийн бүртгэлийг яах гэж ил болгосон юм гэж хэлж байсан гишүүд” байгаа. “Та бүхний баталсан хуулийг хэрэгжүүлсэн” гэж хариулсан. Хариуд нь “Ийм юм байгааг мэдээгүй ээ” гэсэн.
ЭШЛЭЛ 23.
Нэр дэвших эсэхийг намын хамт олон шийддэг. Нэг хүн шийдэхгүй. Намуудыг бүхэлд нь олон нийтийнх болгох шаардлагатай. Хүн ал гэвэл гүйгээд очих, Үндсэн хууль зөрч гэвэл тэгдэг хүнээр хууль батлуулж болохгүй.
ЭШЛЭЛ 24.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр давхар дээлийг больчихмоор байгаа юм. Тэгэхгүй болохоор хяналтгүй Засгийн газар гарчихаад байна. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх нь зөв. Одоо бол парламент хувааж томилгоог нь хийж байна. Сүүлдээ бүгдээрээ Засгийн газрын гишүүн болох жишээний. Хяналтгүй байна гэдэг нь дарангуйллыг бий болгож байна. Засгийн газрын гишүүд нь гэхэд УИХ-ынхаа дээр гарчихлаа шүү дээ.
Сэтгэгдэл (54)