Баримт 1.
Б.Лхагважав 1969 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Аав Базарсадын Баатаржав нь ЗХУ-ын Москвагийн Радио технологийн дээд сургуулийг төгсөөд Завханы холбооны ерөнхий инженерээр ажиллах болох үед ээж Алтанхуягийн Дондовсамбуу нь УБДС-ийг Хими-биологийн багш мэргэжлээр төгсч таарсан байна. Залуу боловсон хүчнүүд нутагтаа ажиллаж байхад нь Б.Лхагважав мэндэлсэн ажээ. Аав нь Холбооны дээд сургуульд 20 гаруй жил багшлахдаа энэ салбарын бүхий л сэхээтнүүдийг бэлдэж өгсөн ачтан юм байна. Холбооны АТС технологийн аналоги системийн хамгийн том мэргэжилтэн нь аав байжээ. Харин ээж нь Зоос гоёлд 10 гаруй жил ажиллаж байгаад сүүлд өөд болтлоо Урт цагааны гоёл чимэглэлийн газар мастераар ажиллаж байжээ
Баримт 2.
Гэргий Ариунтуяа нь боксын дасгалжуулагч, ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн охин аж. Банди багш гэргий Цэцэгдэлгэрийн хамт математикийн анги дүүргэсэн. Тэдний том хүү Энхжаргал нь АНУ-ын Мичиганы их сургуульд эдийн засаг, математикийн чиглэлээр суралцжээ.Түүний хувьд 1988 онд Польш Улсад төгссөн оюутануудын нэг. Тухайн үед нийгэм, эдийн засгийн өөрчлөлт ид өрнөж байсан цаг. Энэ үеэс Монголоос хурганы арьсан дээл хийж аваачиж зардаг байжээ. Тэрбээр Монголоос анх зургаан ам.доллартай хилийн дээс алхаж, хичээл эхлэхэд 12 хоног дутуу байсан тул зах дээр гарч бараг л Польшоор мэндэлж сурахаасаа өмнө оймс, цагаан бээлий аваачсанаа борлуулсан түүхтэй.
Баримт 3.
Хурган дотортой дээл зардаг оюутан хүүгээ харсан аав нь “Миний хүү контейнерээр наймаа хийхгүй бол наадахыг чинь ямар юмных нь наймаа гэх вэ дээ” гэж хэлсэн нь ой тойнд нь үлдэж, ганзагаас контейнероор бараа зөөх том алхам хийх болсон байна.
Баримт 4.
Ингээд 1991 онд Польш дахь Венера цууны үйлдвэрт очиж хоол амтлагч оруулж эхэлсэн бөгөөд 1993 онд “Урбанек” компани дээр очиж гэрээ байгуулан Монгол руу оруулж эхэлсэн байна. Урбанек компаник ингэж л байгуулагдсан түүхтэй.
Баримт 5.
Монголд болох нийгмийн өөрчлөлтийг тус улсад харсан болохоор Польшийн үндсэн хуулийг орчуулах санаа төрж, эх хэл дээрээ хөрвүүлж байсан хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Баримт 6.
Түүний автороор тодорхойлогддог “Урбанек” компани 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ихэнх бүтээгдэхүүнээ Польш Улсаас оруулж ирдэг байна.
Баримт 7.
Энэ ч утгаар түүнийг “Урбанек” Б.Лхагважав хэмээн цоллож, уг нэрээр нь иргэд андахдахгүй таних билээ.
Баримт 8.
Тэрбээр чөлөөт цагаараа уран зураг зурах сонирхолтой бөгөөд уртын дуу судлах дуртай гэнэ. Энэ нь өвөө, ээж хоёроос нь улбаатай аж. Өвөө нь нутаг усандаа алдартай уртын дууч, уяач, бөх байжээ.
Баримт 9.
Б.Лхагважав өвлийн идэр есийн хүйтэнд харзны усанд ордог заншилтай.
Баримт 10.
Түүнийг зөвхөн бизнесмен, улстөрч гэж харж болохгүй ээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр сонгодог урлагийг дэмжигч, уран бүтээлч бөгөөд гимнастикийн спортын хоёрдугаар зэрэгтэй.
Баримт 11.
Тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, Урбанек компанийн ерөнхийлөгч, Гимнастикийн холбооны ерөнхийлөгч гээд гурван ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг давхар дээлтэн юм.
Баримт 12.
“Урбанек”-ийн Б.Лхагважавын талаар сайн, муу мэдээ сүлэлдсэн байдаг. Муу мэдээ гэвэл Гемнастикийн холбооны байрныхаа арын газрыг зарсан гэх хэрэгт нэр нь холбоотой гэх. Энэ талаар гимнастикийн тамирчид бараг л үлгэр шиг ярих ярих юм билээ.
Баримт 13.
Тэрбээр гурван ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашихаас гадна “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн, МАН-ын гишүүн, УИХ-ийн сонгуульд хүртэл нэр дэвшиж явсан удаатай.
Баримт 14.
Тодруулбал, тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшихдээ Лу.Болд, Ц.Оюунгэрэл, Ц.Батбаяр нартай өрсөлдсөн юм.
Баримт 15.
Сонгогчидтой уулзалт хийх бүртээ хувийн тоглолт хийж, намын нөхөд болон нэг тойрогт нэг намаас хамт дэвшиж буй хүмүүсийнхээ дургүйг нэлээд хүргэсэн байдаг.
Баримт 16.
2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр МАН-ын гишүүнээр элссэн. Энэ үед иргэдийн зүгээс нэлээд шүүмжлэлтэй хандсан юм. Учир нь “Үндэсний соёмбо” хөдөлгөөнөөр дамжуулж, МАН-ыг харлуулсан атлаа намдаа шургаллаа гэж иргэд шүүмжилсэнтэй холбоотой.
Баримт 17.
Гудамжны тэмцэгчдээс улс төрийн намын нөмөрт шургасан иргэний хөдөлгөөнийхний жагсаалт О.Магнай, Ж.Батзандан, Б.Лхагважав гээд үргэлжилдэг.
Баримт 18.
Б.Лхагважавыг 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр МҮХАҮТ-ын ээлжит XIX их хурлаар МҮХАҮТ-ийн удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчөөр томилсон. Тухайн үед С.Дэмбэрэл, О.Амартүвшин, Б.Лхагважав нар ерөнхийлөгчид өрсөлдөж байв.
Баримт 19.
МҮХАҮТ 118 ажилтантай, жилд дөрвөн тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ төсвийг захиран зарцуулах эрхийг Б.Лхагважав 2015 оноос эдэлсэн.
Баримт 20.
Ингэхдээ тус байгууллагын удирдах албан тушаалтнуудыг дөрвөн жилд нэг удаа Удирдах зөвлөлийн хурлаар томилдог бөгөөд дүрмээрээ улиран сонгогдох эрхтэй байдаг байна.
Баримт 21.
Б.Лхагважав хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Улстөрчдөд хоёр их наяд төгрөг ч үнэ цэнэгүй, хоёр төгрөг ч үнэ цэнэгүй. Учир нь тэд энэ мөнгийг өөрсдөө олдоггүй. Уурхайчдын хөлсөө дуслуулж төлсөн татварын мөнгийг юман чинээ бодохгүй цацдаг” хэмээн ярьсан байдаг. Гэхдээ түүний эл шүүмжлэлд иргэд тийм ч итгэл үнэмшилтэй хандаагүй юм. Учир нь тэрбээр гудамжны жагсагчаас нөлөө бүхий улстөрчдийн ивээлийг хүртсэн учир ам, ажил хоёр нь зөрдөг гэж дүгнэсэн удаатай.
Баримт 22.
Б.Лхагжавыг МҮХАҮТ-ыг тэргүүлэх хугацаанд Монголын бизнесийн орчин 20 байраар ухарчээ. Түүнийг МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн ерөнхийлөгчөөр томилогдох үед буюу 2014 онд 56 дугаарт жагсаж байсан аж.
Баримт 23.
Энэ талаар өчигдөр телевизод өгсөн ярилцлагын үеэр “Монгол Улсын эдийн засаг 2013, 2014 оны үед -1 бланст хүрсэн. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг долоон хувь хүрч өслөө. Эдийн засаг долоон хувьд хүрэхэд танхимын үүрэг оролцоо асар их байсан. Энэ хугацаанд Өршөөлийн хууль гаргаж, 17 аж ахуйн нэгжид эрх чөлөө олгож, дөрвөн их наядыг эдийн засгийн эргэлтэд оруулсан гэх мэтээр гурван Засгийн газартай хамтран ажилласан. Хасах бланс заасан эдийн засгийг нэмэх тоо руу оруулахад бидний гавьяа маш их бий” гэж өөрийгөө онцолсон юм.
Баримт 24.
Түүний эл үгэнд танхимын ерөнхийлөгчид өрсөлдөж буй өрсөлдөгчид хатуухан хариулт өгсөн юм. Тодруулбал, эдийн засаг хасах блансаас нэмэх рүү шилжсэнд танхим ямар ч оролцоогүй. Дэлхийн зах зээл дээр эрдэс баялагын салбарын түүхий эдийн ханш өссөнөөс үүдэж, Монголын эдийн засаг сэргэж байна. Нөгөөтэйгүүр, компаниудад өршөөл үзүүлсэн гэлээ. Үүнийг та биш харин нэр бүхий улстөрчид санаачилж, хуулийг нь батлуулсан. Тийм атал та сайн нэрийг өөртөө наах гэж оролдох хэрэггүй гэсэн. Тэдний эл хариултын араас Б.Лхагважав үг хэлж чадаагүй юм.
Сэтгэгдэл (21)