Баримт 1.
Дашдоржийн Цэрэнтогтох нь 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, баяр наадмын манлай даяар дурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын гавьяат тамирчин бөх билээ.
Баримт 2.
Тэрбээр Үндэсний Их Баяр Наадамд дөрөв түрүүлж, тав үзүүрлэсэн манлай бөх юм.
Баримт 3.
Чөлөөт бөхөөр зуны олимпод хоёр удаа оролцсон бөгөөд 1980 оны Москвагийн олимпод V байр эзэлж байв. Ид үедээ 90кг-ийн жингийн ангилалд барилддаг байсан. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа эх орноо төлөөлөн оролцож байлаа. Мөн 1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадмаас анхны алтан медалийг хүртсэн Монгол болсон юм.
Баримт 4.
Бөхийн спортод 1969 оноос хөл тавьсан тэрбээр хугацаат цэргийн албанд 20 насандаа татагдаж бөхийн эрдэм мэдлэгийг Монгол Улсын ардын багш Чимэдбазарын Дамдиншараваар заалгаж явсан. Улмаар 1971 онд Батлан хамгаалах нийгэмлэгийн бөхийн дугуйланд хичээллэж эхэлсэн байна.
Баримт 5.
Тэрбээр 1972 оны баяр наадмаар цэргийн хүү байхдаа зургаа давж улсын начин цол хүртсэн бөгөөд Монгол Улсын аварга Ч.Бээжин, улсын арслан П.Дагвасүрэн нараар давж өсөх идэр чимэг хүртэж байжээ.
Баримт 6.
Тус наадамд тэрбээр гурав давах зорилготой гарсан гэдэг. Тухайн үед тэр Зүүнбаянгаас “Алдар“ нийгэмлэгт ирчихсэн байжээ. Тус наадамд зургаа давж 15 хоногийн ар гэрийн чөлөөгөөр шагнуулсан байна.
Баримт 7.
Тэрбээр улсын начин цол хүртсэнээсээ хойших дөрвөн жилд улсын наадамд зодоглож амжаагүй юм. Учир нь тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд давхацдаг байжээ.
Баримт 8.
Тэрбээр Монгол Улсын аварга Д.Хадбаатартай он жавууд билээ.
Баримт 9.
Улсын гарьд Д.Рагчаа түүний хүргэн хүү юм.
Баримт 10.
Тэрбээр хамгийн анх 1961 онд сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ. Түүний дараа 1967 онд сонгуулийн барилдаанд оролцож 16 настайдаа өөрөөсөө том бөхчүүдтэй таарч түрүүлж байжээ.
Баримт 11.
Тэрбээр чөлөөт бөхийн 90 кг-ын жинд хүч үздэг байсан бөгөөд олон улсын тэмцээн уралдаанд алгасалгүй оролцож 80 гаруй медаль хүртснээс олонх нь алт, мөнгөн медаль гэнэ шүү.
Баримт 12.
Тэрбээр заан, арслан, аварга, даян аварга, дархан аварга гэсэн монгол бөхийн таван өндөр дараалсан цолыг таван жилийн хугацаанд авсан. Д.Цэрэнтогтох аваргаас гадна аварга Д.Дамдин, дархан аварга Ж.Мөнхбат ийм амжилт гаргажээ.
Баримт 13.
Х.Баянмөнх аварга 1987 оны баяр наадмаар түүнтэй таарчээ. Баянаа аварга өрж байхдаа “Чи ид гарч ирж байгаа Бат-Эрдэнийг ийм амархан хаяж байгаа юм чинь над шиг хөгшнийг гарын үзүүрээр л хаяна. Яарч хаях гээд яахав. Түрүүлэх чинь тодорхой юм чинь жаахан тогтож барилдаарай” гэжээ. Харин энэ үед Д.Цэрэнтонтох аварга “Нээрээ ч тийм дээ“ гэсэн шүү юм бодоод Баянаа аваргыг тулаад зогсож байтал гэнэт хүчтэй зайлжээ. Тэрхүү барилдаанд тэрбээр хамгийн их харамсдаг байлаа.Улмаар уг наадамд Х.Баянмөнх аварга арав дахь удаагаа түрүүлсэн юм.
Баримт 14.
Тэрбээр улсын заан цолтой байхдаа “Хоршоолол” нийгэмлэгт болсон Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны баярт зориулсан барилдааны их шөвөгт Баянаа аварга, Галдандагва начин хоёртой тунасан. Баянаа аварга, Цэрэнтогтох аварга хоёр өмнөх даваануудад гоц мөргөсөн учир гурван бөх үлдэхэд хуваарь ёсоор Галдандагва начин гоц мөргөж, Баянаа Цэрэнтогтох хоёр тунажээ. Тус барилдаанд Баянаа аваргад өвөрмөц мэх хийж давсан бөгөөд өнөөх нь “Самбо” бөхийн мэх байсан байна.
Баримт 15.
Тэрбээр гурван дархан аваргыг хаяж анх удаа түрүүлж байсан.
Баримт 16.
Баянаа аварга хувцсаа өмсөөд зогсож байх зууртаа “Би сая хөдөөгүүр хэд хоног ан ав гэж яваад шууд ирлээ. Ямар ч бэлтгэлгүй ирээд чамд уначихлаа. Дараагийн барилдаанд бэлтгэлтэй очиж чамтай барилдана. Чи миний гараас хаа холдох вэ дээ” гэсэн байна. Уг барилдаанаас долоо хоногийн дараа Хөнгөн хүнсний үйлдвэрийн ажилчдын баярт зориулсан барилдаан болж Баянаа Цэрэнтогтох аваргууд түрүү үзүүрт шалгарсан байна. Цэрэнтогтох аварга энэ тухайгаа ингэж дурссан байдаг. “Аварга элэг бүсний барьцаа улам лавшруулж шуудагдаад бярдаж хаядаг байв. Яг тэгээд дайраад ороод ирэхээр өмнөөс нь цохио маягийн мэх хийлээ. Ийм хариу мэхийг би олон хоног бэлдсэн юм. Наадмаар хийнэ ээж бодож байсан ч тэвчээр алдаад хийчихсэн. Баянаа аварга алга болчихдог юм. “Энэ чинь яав” гэтэл дээшээ хөөрөөд явчихсан байв. Тэгээд газарт далаараа буунгуутаа өмнөөс өрсөн чигээрээ босоод ирдэг юм. Унаж үзээгүй хүн чинь тийм байдаг юм билээ. Яг тухайн агшинд өөр тийшээ анхаарал хандуулсан хүн “юу болов” гэж алмайран гайхахаар. Аваргын царай нь хүрлийгээд сонин болчихсон тахимаа өгч байсан. Одоо ч нүдэнд харагддаг” гэжээ.
Баримт 17.
Түүний аав “хөл” Дашдорж хэмээх барилддаггүй хэрнээ бие томтой, хүдэр чийрэг хүн байжээ. Харин ээжийнх нь талд Довчиндагва гэж цэргийн заан цолтой, Матад, Тамсагийн дивизэд алба хаасан сүрхий эр байсан бөгөөд аваргыг багад хараад “Хөлийн энэ хар сайн бөх болно шүү” гэж хэлсэн гэдэг.
Баримт 18.
Түүний хүү Ц.Базаррагчаа нь аймгийн начин цолтой.
Баримт 19.
Тэрбээр 1972 оны улсын баяр наадамд нөхөөстэй зодогтой цэрэг ирээд заан цолны даваанд очиж шуугиулсан удаатай.
Баримт 20.
1990 онд 41 настай байхдаа тухайн үеийн улсын баяр наадмын босоо бөх дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй түрүү үзүүр булаацалдан хоёр цаг 37 минут барилдан тахимаа өгч байжээ.
Баримт 21.
Түүний хүрэл хөшөөг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо босгосон. Хөшөө барих санаачилгыг Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Чинзориг гаргаж, нутгийн зон олон, түүний гэр бүл үр хүүхэд, ахан дүүсийн дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул сийлбэрч, уран дархан Намхайдагвын Оргил урлан бүтээж, Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны 290 жилийн ойгоор буюу долдугаар сарын 28-ны өдөр нээсэн билээ.
Баримт 22.
Тэрбээр ээрмэлийн үйлдвэртэй байсан бөгөөд саяхныг хүртэл тус үйлдвэртээ борлуулагч, менежер, аж ахуйн дарга зэрэг олон төрлийн ажлыг хийж байсан юм.
Баримт 23.
Түүнд бөхийн 32 шинж бий гэж бөхчүүд, бөх сонирхогчид, судлаачид ярьдаг байсан. Харин С.Цэрэн аваргад 31 байсан гэдэг.
Баримт 24.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, баяр наадмын манлай Даяар Дурсагдах Далай Даян Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох агсан нь улсын баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ 18 жил зодоглож уран хурц, түргэн шаламгай барилдаанаараа олон жил наадамчин түмнээ цэнгүүлсэн бөгөөд 2015 онд насан эцэслэсэн билээ.
Сэтгэгдэл (22)