Баримт 1.
1964 оны наймдугаар сарын 27-ны өдөр. Налайх дүүрэг. Энэ өдөр Монгол Улсын гарьд, ард түмний хайртай хүү П.Сүхбат нь 14 дүгээр баазад жолоочоор ажилладаг Пунцаг болон Цэргийн үйлдвэрийн оёдолчин Дашмаа нарын дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. Гурван ах, дөрвөн дүүтэй тэрбээр бага байхын л хөдөлгөөнтэй, сахилгагүй нэгэн байсан гэх. Тиймдээ ч аав нь “Миний хүү том болоод бөх болно” хэмээн билэгшээдэг байсан нь хожмоо биелэлээ олж, улсын гарьд цолыг тэргүүнээ залж, дэлхийн аваргын хүрэл медалийг эх орондоо авчирсан юм.
Баримт 2.
Хэдийгээр тэрбээр Налайх дүүрэгт төрсөн ч гэлээ түүний уугуул нутаг нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сум юм. Тиймдээ ч бөхийн дэвжээнээ энэ л нутгаараа цоллуулж ирсэн билээ.
Баримт 3.
“Том” хэмээх П.Сүхбат гарьд нь чөлөөт бөхөөр дэлхийд данстай нэгэн. Тэрээр тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдээс алт мөнгө, хүрэл медалийг хамсан гэхэд хилсдэхгүй. Энэ ч утгаараа дэлхийд данстай, улсын цолтон цөөн хэдхэн бөхийн нэг билээ.
Баримт 4.
Түүний бөхийн түүхэнд гаргасан амжилтыг тоочоод барамгүй. 1988 онд улсад зургаа давж улсын начин цол, 1990 онд долоо давж улсын заан цол, 1991 онд найм даван үзүүрлэж улсын гарьд цолны болзол хангажээ. Хожим улсын гарьд цол нь 2003 онд бий болсон бөгөөд энэ үед түүнд нөхөн олгосон байдаг. Тэрбээр улсын баяр наадамд нийт есөн удаа шөвгөрсөн юм.
Баримт 5.
Тэрбээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр томоохон амжилт гаргасан бөгөөд 1990 оны Токиогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, 1992 оны Барселона, 1988 оны Сөүлийн Зуны олимпын наадмын IV, V байр, 1990 оны Бээжингийн Азийн наадмын аваргын алтан медалийг тус тус хүртсэн юм.
Баримт 6.
1982 оны Улсын аварга шалгаруулах идэрчүүдийн барилдаанд анх түрүүлж, алтан медалиар анх энгэрээ мялаах үедээ тэрбээр МУИС-ийн оюутан байжээ. Мөн тэр жилээ Дорноговь аймгийн наадамд торойтол түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм. Энэ үеэс л монгол бөхийн түүхэнд том Сүхбат хэмээгдэж, бөхийн хорхойтнуудын анхаарлыг татсан хийморьлог бөхийн нэгэн болсон билээ.
Баримт 7.
Түүнтэй нас чацуу луу жилтнүүдээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын харцага М.Дармаабазар, улсын заан Ц.Баярсайхан, улсын начин Х.Амараа , Ло.Эрхбаяр, Ло.Энхбаяр зэрэг улсын цолтон 19 бөх төрөн гарсан нь Монгол бөхийн түүхийн бас нэгэн гайхамшиг билээ.
Баримт 8.
Бөхийн дэвжээнээ зодоглох болсон тэр үеэс өрсөлдөгчийнхөө баруун хөлийг барьцтай, барьцгүй авах, нэг бол тохой сөхөж хөлд орох, зүүн сугадаж мушгиж тонгорох мэхээрээ улсын наадмын дэвжээ, нэрэмжит барилдаануудад учраа бөхөө олон ч удаа өвдөг шоройдуулсан юм.
Баримт 9.
Тэрбээр “Унагалаа гээд сагсайдаггүй, уналаа гээд гутардаггүй” жинхэнэ Монгол бөхийн жудаг ханхлуулсан сайхан хүн хэмээн үе үеийн тэргүүн бөхчүүд ам нэгтэй хэлдэг байв. П.Сүхбатын хөл авч, авсан хойноо олон хувилбараар өрсөлдөгчөө өвдөглүүлдэг нь чөлөөт бөхөөр хичээллэсний үр дүн юм.
Баримт 10.
Улсын арслан М.Мөнгөн түүний тухай “Улсын начин цолтой байхад нь 1988 онд “Xоршоолол”' нийгэмлэгийн зааланд миний баруун хөлийг авахлаар нь хэд тийчлээд орхитол намайг даалгүй нэг унасан юм. Түүнээс хойш түүнийг огт дийлээгүй юм даг” дурсан ярьсан байдаг. Спортын төв ордонд болсон нэгэн барилдаан дээр М.Мөнгөн арслангийн хөлийг П.Сүхбат гарьд авах гэж сандаргаж. М.Мөнгөн арслан хоёр гараа савчаад хамгаалж байхад нь гарьд нэг ухасхийгээд хөл авах гэснээ буцаад арагшаа ухрахад нь М.Мөнгөн арслан өвдөглөчихөж. Үүнийг харсан үзэгчид инээлдэж, “Арслан арай нүдээ аньсан байгаагүй байхдаа” хэмээн шоолж байсан гэдэг.
Баримт 11.
Тэрбээр манай улсын шилдэг дасгалжуулагчдын нэг гавьяат дасгалжуулагч, улсын начин Д.Адьяатөмөр агсны “торгон” шавь нарын нэг. П.Сүхбат гарьд хөл авах дархан мэхэндээ өөрөө унасан түүхийг уншигч та санаж буй байх. 1994 оны улсын наадмын долоогийн даваанд Б.Гантогтохтой учраа таарсан тэрбээр баруун хөлийг нь баттай авсан ч дутуу цацаад дөрвөн хөллөхөөр нь унаж байна гэж хөөрч, дараад гүйцээх гэтэл өрсөлдөгчийнхөө хөрвөөлтөд тэсэлгүй дор нь орчихож билээ. Тус барилдаан шилдэг барилдаануудын сорд тооцогддог.
Баримт 12.
Тэрбээр дэвжээнээ гарахдаа нүүрээ нэг шувтраад л давшиж, баруун, зүүн хөлд нь дохиж эхэлсэн бол заавал унагаж байж л салдаг бөх байв. Ардын хувьсгалын 70 жилийн түүхт ойгоор тэр үедээ босоо байсан аварга Б.Бат-Эрдэнэ аваргыг өчүүхэн төдий гишгэдэл алдахад нь цөмөрсөн хөлийг нь этэж өвдөглүүлээд том шуугиан тарьж байлаа. Б.Бат-Эрдэнэ аваргыг унагаж ирчихээд сэтгэлийнхээ хөөрлийг дарж амжилгүй эхнэрийнхээ аягалсан халуун цайг хүйтэн цай шиг залгилсан гэдэг. Ингэж л дархан аварга Б.Бат-Эрдэнийн завсаргүй олон түрүүлсэн амжилтыг эвдсэн юм.
Баримт 13.
Пунцагийн Сүхбатын хүндэлж явдаг бөх нь дархан аварга Х.Баянмөнх. Бага залуудаа түүн шиг бөх болох юмсан гэж мөрөөдөж явсан гэдэг. Сүүлд чөлөөт бөхийн шигшээ багт хамтдаа зүтгэж, багш, шавийн барилдлага тогтоож, бүр түүний “алтан шавь”-иар нэрлэгдэх болсон юм. Мөн З.Дүвчин, Д.Баяраа, С.Сүхбаатар заануудтай нэгэн үе барилдаж, биенийгээ хурцалж, өрсөлдөж явсан бөхчүүдээрээ бахархаж явсан нэгэн.
Баримт 14.
Тэрбээр чөлөөт бөхийн дэлхийн алдарт бөхчүүд болох ах, дүү Сергей Антоний Белеглазов нарын сайн найз байлаа.
Баримт 15.
П.Сүхбат гэр бүлийн хамт таван жил АНУ-д амьдарсан юм. Энэ тухайгаа “АНУ-д очоод их зүйлийг хийсэн. Үр хүүхдүүддээ оюуны хөрөнгө оруулалт хийж, боловсролд нь анхаарсан. Угаасаа бидний үе харьсан учир АНУ явсандаа харамсдаггүй” гэжээ.
Баримт 16.
Түүнийг сагсан бөмбөгт шаггүй сайн байсныг олон хүн мэдэх биз ээ. АНУ-д болсон нэгэн тэмцээнд “Арслан” нэртэй баг байгуулж хүрэл медаль хүртсэн удаатай. Түүний дэмждэг сагсан бөмбөгч нь “Л.А.Лейкэрс” багийн домогт тоглогч Коби Брайнт.
Баримт 17.
Унасан ч давсан ч инээдэг, гүндүүгүй, элдэв маяггүй занд нь монголчууд их дуртай. Үүнээс нь болж түүнийг “инээдэг Сүхбат” ч гэж нэрлэсэн нь бий. Тэрээр өөрийг нь хайрлаж, хүндэлж явдаг хамгийн олон дэмжигчтэй бөхчүүдийн нэг. Түүнийг Монголын ард түмэн өнөө ч дурсч явдаг нь чухам үнэн билээ.
Баримт 18.
Тэрбээр гарьд цолоо “шөнийн цол” гэдэг байжээ. Энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Яахав дээ, барилдаан болоод олон жил өнгөрсөн. Хүний нутагт байхад нь өгсөн. Энэ утгаараа эмоци дарагдсан байсан гэх үү. Тэгээд л ингэж нэрлэсэн юм. Яг үнэндээ гомддог юм. Миний ид үед өгсөн бол би энэ цолыг хэд батлах ч байсан юм билээ. Илүү ахиулах урам болох байсан ч юм билүү.
Баримт 19.
Арслан цол хүртээгүй ч “гарьд” цолыг олгосон нь түүнд хангалттай байгаагүйг монголчууд мэднэ. Тиймдээ ч арслангийн дайтай гарьд шүү хэмээн урам өгдөг байв. Тиймдээ тэр үү, “том” цээжин дээрээ томоос том арслан шивүүлсэн юм. Тэрбээр “Авч чадаагүй арслангаа цээжиндээ дээрээ шивүүллээ” гэжээ. Гэхдээ л тэрбээр заан цолондоо дэндүү хайртай нэгэн байсан даа.
Баримт 20.
Тэрбээр улсын арслан цолны төлөө бараг арван жил “дайтсан”-ыг нь уншигчид мэдэх байх. Энэ асуудал дээр олон удаа “жижиг” болж, бүр сүүлдээ нулимсаа ч хайрлаагүй нэгэн. Нэгэн наадмаар үе тэнгийн луу жилтэн улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ түүнийг тавын даваанд амласан юм. Дэвжээн дээр нэг гарсан бол айна гэж байх биш. Арслан Д.Мөнх-Эрдэнэг элдэж хөөсөөр нэгэн засуулын хөлд тээглүүлэн давсан юм. Гэтэл “дэгээ тавьсан” засуул зөвдөж, давсан П.Сүхбат буруутаж таарав. Д.Мөнх-Эрдэнэ арслан хөлд тээглэсэн гэж, харин “Том” П.Сүхбат давсан гэж барилдалгүй хэсэг дургүйцсэнийхээ эцэст дэвжээг орхисон юм.
Баримт 21.
Тэрбээр Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор наймын даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнийг этэж давсныхаа дараа О.Балжинням заантай үзүүр түрүүнд үлдсэн юм. Барилдааны ид үеэр зааны баруун хавираанд явчих нь тэр. Тэгж унасандаа харуусал тээн “Нэгэнт түрүүлж чадаагүйгээс хойш Б.Бат-Эрдэнэ аваргынхаа завсаргүй 12 түрүүлэх амжилтад яах гэж тээр болж унагав даа их харамссан” хэмээн уулга алдсан байдаг.
Баримт 22.
Тэрбээр “Хүний хөл харахаар л инээд хүрээд байдаг” хэмээн нэгэн цагт ярьж байжээ.
Баримт 23.
2015 оны гуравдугаар сард “инээдэг” хэмээн алдаршсан улсын гарьд “том” П.Сүхбат бөхөд хайртай Монгол түмнийхээ сэтгэлийг эмтлэн байж бурхны оронд заларсан юм. Унасан, давсан ч инээж л байдаг гүндүүгүй зан нь өнөөг хүртэл Монгол бөхийн ёс жудаг, хийморь лундааг илтгэж буй.
Баримт 24.
Түүний инээмсэглэсэн төрх, ааг бярыг нь зөөллөсөн эгэл зангийнх нь цаана арслангийн энд багтам хүч баяр, хурд авхаалж байлаа. Тэр зүлэг ногоон дэвжээнээ хуйрнан шуугигч хүчит гарьд, хүч тэнхээ нь багтаж ядсан арслан явжээ.
Сэтгэгдэл (36)