“+17” төслийн гишүүн, жүжигчин Ц.Цогтбаяртай ярилцлаа.
-Таныг урлагт хэрхэн хөл тавьснаас ярилцлагаа эхлүүлж болох уу?
-Бололгүй яах вэ. Би тавдугаар ангиасаа хүүхдийн жүжгийн дугуйланд хамрагдсан. Тэгж анх драмын урлагтай холбогдож байлаа. Түүнээс өмнө анх дөрөвдүгээр ангидаа шүлэг бичээд “Залуучууд” театрын тайзан дээр уншиж байв. Манай ээж зохиолч, сэтгүүлч, нэвтрүүлэгч хүн. Харин аав маань гарын ур дүйтэй, зураач, мужаан хүн. Аав, ээж хоёр маань хоёулаа урлагийн хүмүүс. Тиймдээ ч яах аргагүй намайг урлагаар хүмүүжүүлсэн. Урлаг гэдэг зүйл өөрөө гоё, сайхан ухагдахуун шүү дээ. Хүн үүсэхээс өмнө байгаль гэдэг урлаг үүссэн гэж би боддог.
-Урлагийн хүний хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Би бусдаас юугаараа илүү билээ гэж бодож, тэр талаа сайн хөгжүүлэхийг хичээдэг. Нэг ном байвал тав, арван хуудас гүйлгэхийг боддог. Сонин хачин зүйл байвал үзэж, судлахыг зорьдог. Автобусанд явахдаа ч хүмүүсийн хоорондын харилцааг анзаардаг. Нөгөөтэйгүүр, уран зохиолын авьяас үл ялиг илүү байх гэж боддог. Үүгээрээ бусад жүжигчдээс давуу болов уу. Тиймдээ ч текстэн дээрээ илүү их ажилладаг.
-“+17” цуврал нэлээд шинэлэг зүйл болсон. Хэн ийм зүйл хийе гэж санаачилсан юм бэ?
-Яахав. Төслийн хувьд Орос, Америкаас санаа авсан гэж болно. Гэхдээ хамгийн гол нь хөрөнгө босгох ажил байсан юм. Хөрөнгө босгосныхоо араас жинхэнэ оюуны өмчийн бүтээлээ гаргана гэж төлөвлөсөн. Энэ ч төлөвлөгөөгөө дагаж байна. “UB comedy”, “Онц дүмд” зэрэг төслийн хувьд бидний өмнө гарсан шүү дээ. Эдгээр нь ямар ялгаатай вэ гэхээр “Онц дүмд” гэхэд аниме буюу зурган хэлбэрээр контентоо гаргадаг. Харин манайх бол арай амьтай. Үүгээрээ ялгарч байгаа. Текстийн хувьд “UB comedy” ёс бус үг их хэрэглэж гарч ирсэн. Төсөл санаачилсан хүн гэхээс илүүтэй бид гар нийлж ажиллаж чадах эсэхийг харуулсан бүтээл болсон гэж дүгнэмээр байна. Жижигээ ах “Маск” продакшинд 11 жил, би “Эмоци”-д зургаан жил болж байна.
-“Эмоци” продакшинтай ажил амьдралаа холбосон дурсамжаасаа яриач?
-Хувийн ажил, хувьсгалын ажил гэж ярьдаг шүү дээ. “Эмоци” продокшин бол миний хувьсгалын ажлын маань нэн тэргүүнд тавигдана. Хамт олонтойгоо гар гараасаа атгалцаж “Эмоци”-ийг байгуулаад зургаан жил өнгөрлөө. Миний амьдралын хамгийн чухал зүйлсийн нэгдүгээрт, гэр бүл хоёрдугаарт, хамт олон маань байдаг.
-Хошин урлагийн салбар олон залуу жүжигчинээр цус сэлбэсэн. Тэдний нэг нь та. Яагаад ийм сонголт хийсэн юм. Чухам юу таныг ингэж татав?
-Би хошин урлагийн ах, эгч нараа арай даруухан гэж боддог. Тэд нар маань үзэгчдээ их хүндэлдэг. Тиймээс алдаа гаргахыг хүсдэггүй. Жижигээ ах бид хоёрыг хошин урлагийг шинэ төвшинд хүргэсэн гэж яриад байдаг юм. Ямартай ч төсөл хэрэгжүүлсэн. Тэр маань амжилттай болсон. Миний амьдрал хошин урлагтай салшгүй холбоотой. Учир нь зохиолч, сэтгүүлч Б. Цэнддоо “Би хүнийг доромжилдоггүй. Шоолдог юм” гэж хэлсэн үг байдаг. Түүн шиг яагаад бусдыг шоолж болохгүй гэж. Гэхдээ зөв байдлаар шүү дээ. Жишээлбэл, манай ангийн Баатар хувцас, шүдээ угаахгүй явдаг бол би түүнийг шоолно. Тэр эмзэглээд шүд, хувцасаа угааж өмсөөд ирвэл тэр хүнд би буян болж байна гэсэн үг биз дээ. Тиймээс л амьдралын бүхий л шатанд хошин урлаг зайлшгүй байх смтой гэж боддог. Гэхдээ хэм хэмжээ гэдэг зүйлийг баримтлах хэрэгтэй.
-Танай цуврал нэг хэсэг хулгайд алдагдсан. Мэдээж уран бүтээлч хүний хувьд хэцүү л байсан байх. Оюуны өмчийг үл хүндэтгэгч нарт хандаж юу гэж хэлмээр байна?
-Бүүр цаад нарийн учрыг нь би ойлгосон л доо. Саяхан би гадагшаа яваад ирлээ. Уран бүтээлч хүний хийсэн бүтээлүүд хүний амьдралыг хөглөдөг шүү дээ. Тухайлбал, эхнэрээсээ хол байлаа гэж бодоход хайрын дуу сонсоод л эхнэрээ санаад л ирнэ. Орлоод байна гэсэн үг байгаа биз. Гадаадад бол уран бүтээлчийг, оюуны өмчийг нь маш ихээр дээдэлж, хүндэлдэг юм байна лээ. Харин Монголд бас л хэцүү шүү дээ. Учраа мэдэхгүй хүмүүс хулгайлдаг юм байна даа гэж бодсон. Эдгээр хүмүүсийн ухамсрынх нь гүнд ойлгуулж өгөх хэрэгтэй байх. Зүгээр хэлбэл ойлгоод больчих зүйл бийш байх. Тэдэнд хэлээд ч нэмэр байхгүй. Тоглоомоор хэлэхэд “хулгай хийвэл буудна” гэж хууль батлаад хэд хэдэн хүнийг “цааш нь харуулж” байж л зогсох байх. Гэхдээ хэсэг хугацааны ард оюуны өмчийг дээдэлдэг болно гэсэн итгэлийн өчүүхэн хэлтэрхий сэтгэл дотор байдаг.
-Уран бүтээлээ хийж байх үед мэдээж хэцүү үе тулгардаг байх. Үүнийгээ даван туулах хүчийг юунаас авдаг вэ?
-Миний амьдрал дардан, сайхан байгаагүй. Улаанбаатар хотод дүүгээ хөтлөөд, цүнхтэй хувцсаа бариад орж ирж байлаа. Хүнд хэцүү үе тохиолдоход яаж эхэлснээ санадаг. Ингэж бодохоор одоогийн энэ даваа, шалгуур юу ч биш юм шиг санагддаг. Энэ л миний урам зориг, эрч хүч юм даа.
-Таныг амьдрал дээр ч ялгаагүй шогч хүн байх гэж боддог. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Ёстой үнэн байх шүү. Хошин урлаг, хошин мэдрэмж гэдэг өөрөө гайхалтай зүйл. Хүн болгон өөрийн гэсэн хошин мэдрэмжтэй. Харин тэр хошин мэдрэмж энгийн хүмүүст будааны ширхэг шиг заяадаг гэж үзвэл, надад сармисны хумс чинээ заяасан юм шиг ээ. Гэхдээ амьдрал дээр марзагнах үедээ марзагнана. Таг чимээгүй суувал сууна ш дээ. Дандаа л маазарч явна гэж хаа байхав.
-Жүжигчин Жижигээ та хоёр бие биедээ сайн зохицдог хамтрагчид. Хамтрагчдаа хандаж сэтгэлийн үгээ хэлээч гэвэл та юу гэж хэлэх бэ?
-Манай эхнэр ямар ч харгүй, сайхан сэтгэлтэй бүсгүй байдаг. Би эхнэрийнхээ тэр сайхан сэтгэл, уян зөөлөн занд нь уярсан байх. Тэгээд эхнэр маань хааяа тоглоомоор “Чи арай ижил хүйстэн юм биш биз дээ” гэдэг. Ингээд бодохоор эхнэр маань ингэж хэлэх хэмжээний дотно ах дүү, хамтрагч болсон байна аа даа. (инээв). Жижигээ ах бол хэдий надаас жижигхэн, туранхай ч гэсэн хайр халамж, сэтгэл нь надаас хамаагүй том. Түшиг тулгууртай, хариуцлагатай, ганхашгүй эр хүн гэж би боддог. Ямар хувь тохиолоор энэ хүнтэй учрав даа гэж бодон, баярлаж явдаг юм. Миний бүх амжилт Жижигээ ахаас шууд хамааралтай. Тандаа баярлалаа, ах аа.
-Анх урлагт хөл тавьж байх үеийн Цогтоо, өнөөдрийн Цогтоо хоёрын хооронд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Эргээд харахад, яг үнэнийг хэлэхэд тухайн үеийн хүсэл мөрөөдөл маань биелсэн. Би энэ цэг дээр ирэхийн тулд өөрийгөө маш их дайчилж, хөдөлмөрлөх ёстой гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь ерөөсөө тийм зүйл болоонгүй. Би зүгээр л ажлаа хийсэн. Зүгээр л амьдарсан. Цогтоо байгаагаараа л байсан. Хамгийн гол нь би дуртай юм аа л хийж байсан нь гол юм шүү дээ. Нэг л мэдэхэд хүмүүсийн мэддэг, заримынх нь хүндэлдэг уран бүтээлч болсон байна. Гайхалтай биш гэж үү. Энэ нэрээ цааш нь ганхуулахгүй авч явахыг хичээнэ. Хичээхийн төлөө мэрийнэ. Нэрээ хүндээ авч явна гэдэг нь их том хариуцлага юм байна.
-Нэг их хичээсэнгүй гэхээр хэтэрхий даам хариулт биш үү?
-Тэгж ойлгож болохгүй байх аа. Би өөрийнхөө байж, хөдөлмөрлөсөн. Үүнд бас л хичээл зүтгэл гарна шүү дээ. Магадгүй би өөрөөсөө тэс өөр Цогтоог бий болгох гэж хичээсэн бол ийм амжилтад хүрэх байсан ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ.
-Аливаа уран бүтээлчид үлгэрлэн дуурайдаг хүн гэж байдаг. Танд тийм хүн бий юу?
-“Оргил цаг” кинонд Жэкки Чантай хамтарч тоглодог Крис Такер их таалагддаг. Учиргүй их шүтэж, дуурайдаггүй л дээ. Бас “Hangover” буюу шарталтын Alan их дажгүй. Хамгийн гол нь зураг, хөргийг нь цуглуулаагүй ч гэсэн хайрлаж, хүндэлдэг хүмүүсээ хайрлаж явсаар өдийг хүрлээ дээ.
-Таны мөрөөдлийг уултай зүйрлэе. Та тэр уулын яг хаана нь явна вэ?
-Би яг бэлд нь явна гэж хэлнэ. Одоо дээшээ авирна даа. Цуцаж, ухрахгүйг хичээнэ. Тэгэхийг өөртөө зөвшөөрөхгүй.
Ч.Энхнамир
Сэтгэгдэл (3)