Баримт 1.
Монголын оюун ухааны академиас Монгол хүний оюуны чадавхыг хөгжүүлэх өвөрмөц сурах арга барилыг эзэмшүүлж, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэх зорилтыг тавин ажилладаг билээ. Тэдний “сэтгэхүйн хурдыг танд эзэмшүүлж, оюуны хүрдийг дэлхийд таниулна” гэсэн уриатай. Сургалтыг мэргэжлийн өндөр чадвартай, мэдрэмжтэй шилдэг залуу багш нараар шинжлэх ухааны үндэслэлтэй, онол практикийг хослуулсан суралцагч төвтэй сургалтыг чанарын өндөр төвшинд зохион байгуулж байгаа билээ.
Баримт 2.
Тус академи анх 2010 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 8 жилийн хугацаанд Улаанбаатар хот болон 18 аймагт 35 мянгаас илүү хүнд оюуны хөгжлийн цуврал лекц үнэ төлбөргүй уншиж, 5000 илүү сурагчдыг оюуны хөгжлийн олон талт сургалтууддаа хамруулсан байна. Мөн төрийн болон хувийн хэвшлийн 280 гаруй байгууллагад сургалт явуулж, санхүүгийн боломж тааруу 163 хүүхдийг богино болон урт хугацааны сургалтад суулгаж академийн дэргэдэх “Mega Mind” тамирчдын клубээрээ дамжуулан олон арван хүмүүнлэгийн ажлуудыг хийжээ.
Баримт 3.
Тус академиас өнөөдрийг хүртэл Монголдоо оюуны спортын 82 тэмцээнийг амжилттай зохион байгуулж 5500 гаруй тамирчдыг хамруулан, Америк, Англи, Хятад, Тайван, Малайз, Турк, Энэтхэг, Филиппин, Швед, Сингапур, Солонгос зэрэг олон улсын 50 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болоод буй.
Баримт 4.
Монголын оюун ухааны академийн тамирчид гадаадын тэмцээн уралдаанаас нийтдээ 861 медалийг хүртжээ.
Баримт 5.
Тус академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан Х.Хатанбаатар нь Турк Улсын Гази их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Нийтийн удирдлагын магистр зэрэгтэй. Тэрээр 2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Монголын анхны тамирчин юм. 2008 онд Турк улсын хурдан уншлагын аварга шалгаруулах анхны тэмцээндээ оролцож мөнгөн медалийн эзэн болсноос хойш оюуны спортын тэмцээнүүдээс нийт 12 медаль хүртжээ.
Баримт 6.
Түүний гаргасан томоохон амжилтаас нь дурдвал 2011 оны Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медалийн болзол хангасан юм.
Баримт 7.
Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн БНХАУ-д болж өнгөрсөн. Тус тэмцээнээс манай тамирчид 26 медаль хүртсэн. Тус тэмцээний дараахан Ой ухааны спортыг Монголд хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Эрүүл мэнд, спортын яамнаас тэднийг Хүндэт жуух бичгээр шагнасан юм.
Баримт 8.
БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan" дэлхийн цомын тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин стандарт бус “бусад тэмцээнтэй адил биш” 6 төрлөөр өрсөлдсөн юм. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт амжилттай оролцож үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тэмцээний эцсийн дүнгээр Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, 3 цомын 2-ыг нь тус тус хүртэн, тэргүүн байрыг эзэлж мөнгөн шагналаа гардсан.
Баримт 9.
Тус академийн ихэр тамирчид болох Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарыг Оросын “Россия 1” сувгийн хамт олон "Incredible People" буюу "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгтээ энэ оны наймдугаар сард урьсан. Тус нэвтрүүлэг ихэр аваргууд олныг гайхшруулсан билээ.
Баримт 10.
Монгол хүний оюун ухаан дэлхийд гайхагдаж буйн тод жишээ бол тус академийн ихэр охид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар юм. Тэдний хувьд өнгөрсөн онд БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдсэн билээ.
Баримт 11.
Мөн тус академийн гишүүн “Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерийн эзэн В.Янжаа Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “World Memory Championships” Монгол Улсаа төлөөлөн оролцож, мөнгөн медалийн эзэн болжээ. Тэрбээр 5 минутад 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд тогтоосон юм.
Баримт 12.
Энэ сард Хонг Конгд 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн Пүрэв гарагт эхэлсэн ба 21 орны 260 гаруй тамирчид 3 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа. Манай улсыг төлөөлөн 22 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр 19401 оноо БНХАУ болон БНАСАУ-ын дараа гуравдугаар байрт орсон юм.
Баримт 13.
МҮОХ-ны "Бөртэ Чоно-2018" наадамд Монгол шатрын холбоо энэ жил шилдэг холбоогоор гурав дах удаагаа шалгарсан. Энэ нь 2016, 2017, 2018 онуудад дарааллан авч буй нь юм.
Баримт 14.
Манай улсын шатарчдын чансааг Олон улсын Их мастер Ц.Батчулуун “2561”, эмэгтэй шатарчдын чансааг Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн Олон улсын Их мастер Б.Мөнгөнтуул “2410” нар тэргүүлсээр байна. Дэлхийн шилдэг 100 охидын жагсаалтад Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн ОУИМ Д.Номин-Эрдэнэ “2356” чансаагаар найм, ФИДЕ мастер Б.Амина “2256” чансаагаар 46, эмэгтэй олон улсын мастер Ү.Үүрийнтуяа “2216” чансаагаар 60 дугаарт байрт тус тус бичигдсэн байна.
Баримт 15.
Дэлхийн шатрын холбооноос 2018 оны нэгдүгээр сарын чансааг шинэчлэн гаргаснаар “ФИДЕ-гийн чансаа” манай улс 177 орнoос дахин 57 дугаар байрт бичигджээ.
Баримт 16.
Хаан Салманы нэрэмжит болгон ОХУ-ын Санкт Петербург хотноо арван хоёрдугаар сарын 25-31 өдрүүдэд зохиогдох гэж байна. Тус тэмцээнд манай улсаас ОУМ Д.Номин-Эрдэнэ, залуу тамирчин Т.Мөнхзул нар оролцохоор мэдүүлжээ.
Баримт 17.
Энэ оны дөрөвдүгээр сард Сонирхогчдын шатрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсын Сардина арал дээр дөрөвдүгээр сарын 21-30-нд зохион байгуулсан бөгөөд манай шатарчин Б.Баярмаа дэлхийн аварга болсон билээ.
Баримт 18.
Манай даамчдын чансааг ОУИМ Д.Эрдэнэбилэг 2276 оноогоор эрчүүдээ манлайлсан бол ДДХМ Н.Мөнхтуяа 2076 оноогоор эмэгтэйчүүдийн тэргүүн байрт бичигдсэн байна.
Баримт 19.
Харин энэ оны дөрөвдүгээр сарын 01-нд батлагдсан дэлхийн чансааны U-26 насанд ДДХМ Ц.Отгонбилэг “2194” чансаагаар 17-д, U-20 насанд ДДХМ М.Шийравжамц “2054” чансаагаар 36-д, U-17 насанд СМ С.Мөнх-Оргил “2025” чансаагаар 15-д, 70-аас дээш насанд спортын мастер Т.Пүрэвдорж “2062” чансаагаар 33-т жагсжээ. Харин Улсын чансаагаар байр эзлүүлэхэд Монгол Улс эрэгтэй ангилалд 14 дүгээрт, эмэгтэй ангилалд есдүгээрт эрэмбэлэгджээ. FMJD-гийн чансаанд манай улсаас 7 их мастер, 1 олон улсын мастер, 16 Дэлхийн даамын холбооны мастер, 12 Дэлхийн даамын холбооны дэд мастер тэргүүтэй 200 шахам даамчин бүртгэгджээ.
Баримт 20.
Энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотноо даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд Ц.Отгонбилэг хоёрдугаар байр эзэллээ. Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд гуравдугаар байрыг залуучуудын алтан медалийн хамт хүртсэн 12 настай Э.Хүслэн Дэлхийн даамын холбооны мастер цолны болзол хангасан байна. Эдгээр тамирчид 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхийг авчээ.
Баримт 21.
Оны шилдэг даамчныг шалгаруулах “Final 2018” шигшээ тэмцээн өнгөрсөн долоо хоногт буюу 2018 оны арван хоёрдугаар сарын 17-23-нд Монголын даамын холбооны байранд болж өндөрлөлөө. Шувтаргын тэмцээнд 14 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн. Нийт 13 өрөг тоглон дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 21 оноогоор тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (Баянзүрх дүүрэг), ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс) нар тус бүр 18 оноо авсан амжилтаар удаалав.
Баримт 22.
Британийн сэтгэл судлалын доктор Ричард Линн, Финляндын улс төрийн шинжлэх ухааны профессор Филан Тату Ванен нар 2002-2006 онд дэлхийн 80 гаруй оронд IQ “Intelligence Quotient буюу Оюуны итгэлцүүр”-ийн судалгаа явуулжээ. Тус судалгааны дүнгээр Монгол хүн оюуны хөгжлөөрөө зургадугаар байрт жагсаж байна.
Баримт 23.
Монгол хүүхдүүд геннист бичигдэж эхлээд буй. Тодруулбал, 12 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон 100.000 ам.долларын шагналын сантай тэмцээнд нийт 320 тамирчид 10 төрлөөр өрсөлдлөө.Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академиас насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд амжилттай өрсөлдөж, Дэлхийн 5 дээд амжилтыг шинэчилснээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо.
Баримт 24.
Мөн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард Хонг Конг улсад болсон. Тус тэмцээнд Монголын оюун ухааны академийн баг тамирчид оролцож байгаа бөгөөд ОУ-ын их мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам "Хоёртын тоолол" төрөлд 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар дэлхийн дээд рекордыг шинэчлэн тогтоож энэ оны Геннисийн номонд бичигдэхээр болсон юм.
Сэтгэгдэл (3)