ЭШЛЭЛ 1
Сүүлийн өдрүүдэд УИХ-ын үйл ажиллагаа хүндрэл, бэрхшээлтэй байна. Хэдийгээр УИХ-ын 32 гишүүн намайг Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан явдал нь ашиг сонирхлын зөрчлийг бий болгож байна гэж үзэж УИХ-ыг удирдахгүй байхыг шаардсан. Энэ гишүүдэд хууль зүйн үндэслэлээр тайлбар өгсөн. “Үнэхээр ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж байгаа бол Засгийн газрыг огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд би удирдахгүй байж болно” гэдгээ хэлсэн.
ЭШЛЭЛ 2.
Засгийн газраас өргөн барьсан улс орны нийгэм эдийн засагтай холбоотой иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар УИХ маш шуурхай ажиллаж байгаа. Нэг ч асуудлыг буцаалгүй Засгийн газрын өргөн барьсан асуудлуудыг улам бүр сайжруулж, чамбайруулж байнгын хороо, чуулганаар хэлэлцэн баталж, шийдвэрлэж байгаа. Харин харамсалтай нь сүүлийн үед Засгийн газрын тэргүүн Засгийн газрын гишүүд УИХ-ыг бойкот хийж эсэргүүцэж байгаа энэ үйлдлүүдээс болж УИХ-ын зарим нэг үйл ажиллагаа тасалдах нөхцөл байдал бий болж байна. Үүнийг би хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа.
ЭШЛЭЛ 3.
Засгийн газар Үндсэн хууль болон бусад хуулиудын хэрэгжилтийг хангаж УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг байгууллага болохоос биш УИХ-даа бойкот хийгээд хэлэлцэх асуудалд орж ирэхгүй, асуудлыг хэлэлцүүлэхгүй, УИХ-ыг гацаадаг байгууллага биш.
ЭШЛЭЛ 4.
Өргөн барьсан сайдыг томилъё гэхээр Ерөнхий сайд нь орж ирдэггүй. УИХ-ын гишүүдийн тавьсан асуудалд хариу өгье гэхээр хариуцаж байгаа сайд нар нь орж ирдэггүй.
ЭШЛЭЛ 5.
Өнөөдөр улс оронд тулгамдаж байгаа валютын ханшийн хурдацтай өсөлт, бензин шатах тослох материалын үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, өвөлжилтийн байдал гээд олон асуудлуудыг УИХ сонсож шаардлагатай шийдвэрүүдийг гаргах талаар гишүүд асуулга тавьж Засгийн газраас мэдээлэл авъя гээд бүтэн хоёр долоо хоногийн чуулган өнгөрч байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын тавьсан асуулгын хариуг сонсох гээд сайд нар нь орж ирэхгүй энэ асуултад бид хариулт авч чадахгүй байна. Энэ бодит байдлыг бид олон түмэнд ойлгуулах ёстой гэж бодож байгаа.
ЭШЛЭЛ 6.
Сүүлийн хоёр сарын дотор дизель түлшний үнэ 2100-2380 болж 250, 260 төгрөгөөр өсөөд байхад Засгийн газар тодорхой арга хэмжээ авахгүй байгаа. Мөн нөхцөл байдлаа УИХ-д тайлагнаж ярихгүй, орж ирэхгүй ийм байдалтай байна. Улс орны тулгамдсан асуудалд Засгийн газар хариуцлагагүй хандаж байна гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй Засгийн газрын зарим гишүүн УИХ-ын байнгын хорооны ирцийг бүрдүүлэхгүй байх талаар гишүүдийг ухуулж ятгаж, УИХ-ын гишүүний эрхэд халдаж байгаа. Засгийн газрын гишүүд УИХ-ын өмнө хариуцлага үүрэг хүлээж, байнга бэлэн байж байх үүрэгтэй улсууд.
ЭШЛЭЛ 7.
Монголын хууль тогтоох дээд байгууллага төрийн эрх мэдлийг барих байгууллагын дээр улс төрийн нам гарсан. Намын шийдвэрээр төрийн байгууллагын үйл ажиллагааг зогсоож байна.
ЭШЛЭЛ 8.
Шууд утгаар нь хэлэхэд МАН-ын дарга намынхаа дотоод үйл ажиллагаа, иргэдийн харилцаа, өөрийн хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй байна. Үүнээс шалтгаалж УИХ-ын үйл ажиллагаа ийнхүү доголдож байна гэж ойлгож байна.
ЭШЛЭЛ 9.
Би парламентын нэр хүндийг бүрэн дүүрэн сайн байгаа гэж хэлэхгүй. Гишүүд янз бүрийн асуудалд холбогдож байгаа. Үүнийг би буруутгаж байгаа. Хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Гэхдээ парламент тасралтгүй хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байх ёстой байгууллага.
ЭШЛЭЛ 10.
Надад хариуцлагаас зугтааж УИХ-ын даргын албан тушаалд шигдээд суугаад байя гэсэн бодол байхгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байгаад улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж өөрөө өргөдлөө өгч огцорч байсан. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцсоноо хүлээн зөвшөөрч намын даргын ажлыг өгч байсан. Надад төрийн өндөр албан тушаалд шигдэж суугаад байдаг зан байхгүй. Харин хариуцлага тулгарсан үед ажлаа өгөөд явах нь хариуцлагаас зугтааж байгаа хэрэг хэмээн бодож байгаа.
ЭШЛЭЛ 11.
Та бүхэн мэдэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргаж зөвшилцөх бичиг ирүүлсэн. Би “Таны саналыг хүлээж авах боломжгүй байна” гэж хариуг нь өгөөд төгсгөлд нь “Та Үндсэн хуулиа, улс орны тогтвортой байдал, иргэд олон түмний эв нэгдлийг хангаж байх үүрэг хүлээсэн хүн шүү. Та үүнийг анхаарч ажлаарай” гэж хүссэн. Яг үүний дараа залгуулж Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Би УИХ-ыг тараах, үйл ажиллагааг цаашид явуулах уу үгүй юу гэдэг асуудлыг ярина" гэсэн. Мөн Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ыг тараахыг дэмжих талаар иргэдийг уриалан дуудсан шинжтэй жагсаал цуглаан, өлсөж цангах тухай тэмцлийн хэлбэрийг олон нийтэд ярьсан. Яг үүний дараагаар Засгийн эрхийг барьж байгаа манай намын байранд иргэд олноор цугларсан.
ЭШЛЭЛ 12.
Иргэдийг зориудаар зохион байгуулж жагсаал цуглаанд бэлдэж турхирч байгаа энэ үйлдлүүдийг би Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх барих байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах оролдлого гэж үзэж байгаа. Тиймээс энэ цаг үед би албан тушаалаа өгөөд зугтаах ёсгүй гэсэн байр суурьтай байна.
ЭШЛЭЛ 13.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр миний байр суурь ганцаардах явдал нэг бус удаа гарч байгаа. Гэхдээ би гаргасан санал, хэлсэн үгээ Үндэсний аюулгүй байдлын гаргаж байгаа зөвлөлийн шийдвэрт хатуу байр сууриас тусгаж бичүүлж оруулж ажиллаж байгаа.
ЭШЛЭЛ 14.
Намайг ямар нэгэн байдлаар дайрах гүтгэх доромжлох зүйл байж болно. Би тэвчээртэй хандана. Би олон жил төрийн алба хашсан. Төрийн алба хашсаны хувьд энэ намын хамт олны эв нэгдлийг эрхэмлэж явдаг хүний хувьд хэрүүл маргаан үүсэхгүй байх, тэсвэр тэвчээртэй байх, хүлээцтэй байх, эв нэгдлийг барих, зарчмыг барих ёстой гэдэг миний сахилга гэж ойлгож байгаа. Харин төрийн эрх барих байгууллага руу дайрах давшлах, үйл ажиллагааг нь тасалдуулах асуудал бол хэрхэвч байж болохгүй.
ЭШЛЭЛ 15.
Монголын төрийн тогтвортой байх асуудал бол Засгийн газрын тогтвортой байх асуудлаас хэд дахин илүү их үнэ цэнэтэй юм. УИХ-ыг тараах хууль тогтоох дээд байгууллагыг тараах асуудал Монголын төрийн түүхэнд бичигдэн үлдэнэ. Мөн ард түмний аж амьдралтай холбоотой тулгамдсан асуудлаа шийдвэрлэх ёстой байгууллага нь тарж бутарч байж хэрхэвч таарахгүй. Бас олон улсын тавцанд Монгол улсын нэр төр, Монголын төрийн нэр төр хэрхэн яаж үнэлэгдэх вэ гээд олон зүйлийг бид бодох ёстой.
ЭШЛЭЛ 16.
Монголын ард түмэн итгэл үзүүлж энэ парламентийг нэг нам давамгайлсан байдлаар байгуулж өгсөн. Тэр итгэлийг дааж ажиллахын төлөө зүтгэх ёстой болохоос биш талцаж хуваагдаж, хариуцлагаас зугтаж, бултаж хий сүржин үг, лоозон хэлж энэ байдлыг улам хурцдуулж болохгүй.
ЭШЛЭЛ 17.
2004 оноос хойш хэд хэдэн удаагийн хамтарсан Засгийн газар байгуулагдлаа. Би заримыг нь толгойлж, заримд нь орж ч байсан. Хамтарсан Засгийн газруудын шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд оноотой ч юм бий, алдаатай ч юм бий. Түүний алдаатай зүйлүүдэд МАНАН гэж нэр хоч өгч, улс төрийн бодлого зорилготойгоор хүмүүст зориудаар зохион байгуулж, ил далд нууц хулгайн аргаар хууль бусаар хийсэн гэж олон түмэнд итгүүлэх зорилготой МАНАН гэдэг нэрийг бий болгож байна. Үнэхээр бодитой ийм зүйлүүд байгаа бол түүнийг шалгах ёстой.
ЭШЛЭЛ 18.
Би 2005 онд тухайн үед намын даргаар сонгогдсоныхоо дараа 67-гийн том бүлэг байгуулчихсан, хамтарсан Засгийн газар байгуулчихсан байдлыг таслан зогсоож байсан. МАХН, АН хоёрын хамтарсан бүлгийг салах ёстой, байр байрандаа байх ёстой гэж тэр том бүлгийг салгаж байсан. Түүнийг залгуулаад энэ 67-гийн бүлэг дээр суурилж байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж байсан.
ЭШЛЭЛ 19.
МАНАН гэдэг нэртэй хамтарсан Засгийн газар байгуулахгүй байх улс төрийн нөхцөл бололцоог 65 суудалтай МАН-д бий болгоод би МАН-ын даргын ажлыг хүлээлгэж өгсөн. Харин шинэ МАНАН үүсчих вий гэдэгт эмзэглэж байгаа. Шинэ МАНАН үүсч байна уу гэж надад ажиглагдаж байгаа.
ЭШЛЭЛ 20.
Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд 60 тэрбумын гэх асуудал их яригдаж байна. Энэ бол яриа, энэ бол улс төрийн хэтрүүлэг дэврүүлэг, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн зүйл. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага нэг бус удаа шалгасан. Шийдвэрүүд нь гарсан. Оролцоотой байж болзошгүй гэсэн улсуудыг асуугаад 1400, 1500 хүртэл томилогдсон төрийн албан хаагчдыг асууж тодруулж, 60 тэрбум гэсэн схемээр зарсан арилжаалсан, томилогдсон зүйл байхгүй байна гэдгийг тогтоосон. Ерөнхий сайдын мэдлийн тагнуулын ерөнхий газар дээр энэ асуудлыг одоо дахин хэрэг үүсгэж шалгаж байгаа. Би үнэн зөвөөр олон түмэнд нээлттэйгээр сайн шалгаж үнэн бодит байдлыг олон түмэнд ойлгуулах ёстой гэсэн байр суурьтай байна.
ЭШЛЭЛ 21.
Газрын наймаа гэдэг бол намайг хотын даргаар ажиллаж байхад надад өгч байсан нэр хоч. Би газар олгож байсан. Гэхдээ би газар зарж байгаагүй. Миний олгосон газар дээр өнөөдөр Улаанбаатар хотод хэдэн мянган айлын орон сууцны хорооллууд бий болов, хэдэн мянган ажлын байр бий болов, Улаанбаатар хотын өнгө төрх хэрхэн өөрчлөгдөв гээд сайн талаас нь харах юм бол багагүй зүйл байгаа. Иргэд аж ахуй нэгж байгууллагуудад газрыг нь олгож бүтээн байгуулалт хийх боломж нөхцөлийг бүрдүүлж өгөх явдал үе үеийн хотын даргын үүрэг.
ЭШЛЭЛ 22.
Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хотын даргаар ажиллаж байхдаа төрийн ордны хойд талд газар олгож байсан. Тэр газар дээр зургаа, долоон давхар байшин барьж түүнийгээ зарж борлуулсан байх. Түүнийгээ өнөөдөр намайг газар зарсан мэтээр андуурч сольж яриад байгаа юм болов уу гэж бодож байна.
ЭШЛЭЛ 23.
Өнөөдөр нийгэмд бий болоод иргэдийг бухимдуулж байгаа томоохон дуулиантай хэргүүдийн талаар Засгийн газар, хууль хяналтын байгууллага анхаарал тавьж ажиллах ёстой. Жишээлбэл, Оюутолгой, Эрдэнэтийн асуудал. Энэ хоёр асуудлыг шалган, шийднэ гэж хоёр ч Засгийн газар ажиллалаа. Эрдэнэтийн асуудлаар УИХ тогтоол шийдвэрээ гаргаж өгсөн. Үндсэн хуульд нийцсэн тогтоол шийдвэрийг гаргаж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх үүрэг Засгийн газарт бий. Өнөөдөр яагаад Эрдэнэт, Оюутолгой, төмөр замын 700 тэрбум төгрөг, АСЕМ, ЖДҮ-ийн асуудлуудыг шалгах асуудлыг бүгдийг нь зогсоож байгаа хүн нь ганцхан хүн болж, ганцхан хууль тогтоох байгууллагын удирдлага болж хувирдаг юм бэ. Энэ Засгийн газар, цагдаа, тагнуулын байгууллага энэ зүйлээ хийх ёстой. Үнэн зөвөөр нь тогтоох ёстой. Чадахгүй, хийхгүй байгаа болохоор УИХ зарим нэг дээр ажлын хэсэг байгуулж байна.
ЭШЛЭЛ 24.
Би энэ Засгийн газар байгуулагдсанаас хойш найм, есөн сар хүлээж Оюутолгой, Эрдэнэтийн асуудлаар тодорхой шийдвэр гарахгүй болохоор Д,Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан Оюутолгойн ажлын хэсгийг байгуулсан. Одоо гурван сар хэртэй ажиллаж дүнгээ гаргаж байна. Мөн Я.Санжмятав гишүүнээр ахлуулаад Эрдэнэтийн асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсэг байгуулсан. Мөн шалгалтын дүн гарч байна. Энэ бол Засгийн газрыг хүлээгээд асуудлаа хугацаанд нь шийдэхгүй, удааширч иргэд илүү их бухимдаад байгаа учраас УИХ-ын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ.
Сэтгэгдэл (65)