Манай дэлхийн цор ганц дагуул болох Саран дээр ус байгаа эсэх талаар астрономичид олон жил эргэлзэж, эцсийн баталгааг олж чадаагүй байсан юм. Энэ судалгаа бүр саран дээр хүн (Аполло багийнхан) хөл тавихаас өмнө хийгдэж эхэлжээ. 1994 онд NASA-гийн Clementine хөлөг сарны гадарга дээр мөс байж болзошгүйг харуулсан баримт анх олж ирсэн юм. Гэхдээ энэ баримт нь эцсийн дүгнэлт хийхэд хангалтгүй байв.
Тэгвэл өчигдөр Хавайн Их сургуулийн эрдэмтэд Сарны туйлууд дээр мөс байгааг баталсан хөдөлшгүй баримт олж авснаа зарлажээ. Тэд NASA-гийн 2008 онд хөөргөсөн Moon Mineralogy Mapper судалгааны станцаас авсан мэдээллээр уг нээлтийг хийсэн байна. Тодруулбал сарны хойд ба өмнөд туйл орчмын тогоонуудын гадарга дээр мөсний багахан хэсгүүд байгааг олж тогтоожээ.
Цаашдаа саран дээр бууж ажиллах судалгааны станцууд өрөмдлөг хийж, гадаргын гүнд байгаа мөсний хэмжээг тодорхойлох хэрэгтэй болж байна. Гадарга дээр ил мөс байгаа нь цаашлаад их хэмжээний мөс гадаргын дор байгаа гэсэн найдлага төрүүлж байгаа юм. Moon Mineralogy Mapper станц нь сарны гадарга руу инфра улаан туяатай ойролцоо давтамжтай долгион цацаад буцаж ирэх ойлтыг нь хэмждэг. Гадарга дээрх ялгаатай молекул бүр ялгаатай хэлбэрээр долгионыг буцаан ойлгодог юм байна.
Ийм аргаар сарны гадарга дээр яг ямар химийн бүтэцтэй бодис байгаа маш өндөр нарийвчлалтай тогтоодог ажээ. Эрдэмтэд ганц энэ хэмжилтэд найдалгүй 2009 онд хөөргөсөн Lunar Reconnaissance Orbiter (LRO) станцаас авсан мэдээллийг мөн боловсруулж, харьцуулан үзсэн гэнэ. LRO станц нь мөн адил долгионы ойлтыг хэмждэг, гэхдээ хэт ягаан туяаг ашигладаг юм байна. Саран дээрх мөс гадны солир, астроидоор дамжиж ирсэн, эсвэл анхнаасаа сарны гадаргын гүнд хадгалагдаж байгаад ил гарсан гэсэн хувилбар таамаглалууд яригдаж байгаа юм. Гэхдээ энэ асуултад удахгүй саран дээр бууж ажиллах судалгааны станцууд хариу өгөх ажээ.
Эх сурвалж: Quartz