Баримт 1.
Хамгийн өндөр настайдаа цол хүртсэн бөх: Ард түмнийхээ дунд “Налайхын” гэж алдаршсан Д.Адъяатөмөр начин 1989 оны улсын баяр наадамд Дархан аварга Ж.Мөнхбатаар тав давж улсын начин цолыг 44 настайдаа хүртэж байжээ.
Баримт 2.
Хамгийн залуудаа цол авсан бөх: Улсын арслан П.Дагвасүрэн 1963 онд 19 насандаа, улсын арслан Х.Мөнхбаатар 2001 онд мөн 19 насандаа улсын начин цол хүртсэн нь одоогийн байдлаар хамгийн залуудаа цол авсан бөхчүүд юм.
Баримт 3.
Хамгийн залуудаа түрүүлсэн аваргууд: Монгол бөхийн түүхэнд хамгийн залуудаа аварга болсон бөхөөр яах аргагүй Ж.Мөнхбат, Б.Түвдэндорж нар нэрлэгддэг. Б.Түвдэндорж 23 насандаа буюу 1939 онд аварга болж байсан бол 1964 онд мөн л 23 насандаа Ж.Мөнхбат улсын баяр наадамд түрүүлж байсан аж.
Баримт 4.
Хамгийн олон удаа түрүүлсэн бөх: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 11 удаа, Дархан аварга Х.Баянмөнх 10 удаа түрүүлж, монгол наадмын дэд амжилтыг тогтоожээ. Одоогоор энэ амжилтыг эвдсэн аварга төрөөгүй байна.
Баримт 5.
Хамгийн олон түрүү авсан аймаг: Архангай/16/ болон Увс аймаг тус тус /17/ түрүү авснаараа бусад аймгуудаа тэргүүлдэг.
Баримт 6.
Хамгийн олон шөвгөрсөн заанууд (1980-аад онд): 1980 аад онд Монгол Улсын заан Д.Долгорсүрэн, Ё.Ишгэн, Д.Мягмарын нар тухайн үедээ хамгийн олон шөвгөрсөн бөхөөр шалгарч байсан.
Баримт 7.
Хамгийн олон шөвгөрсөн заан (1990-ээд онд): Харин 1990 оноос хойш Улсын заан З.Дүвчин уран мэхээ уралдуулан барилдаж, олон аваргуудтай тунаж үлдэж байв. Тэрээр 1990, 1992, 1994, 1995 онуудад тав дахиж шөвгөрсөн байжээ.
Баримт 8.
Хамгийн олон шөвгөрсөн заанууд (2000 оноос хойш): Ц.Мягмарсүрэн, Д.Бумбаяр, Б.Сайнбаяр нар 2000 оноос хойш наадамд зодоглож, тав давсан ч өвдөг шороодож байв. Ц.Мягмарсүрэн зааны тухайд 2002, 2003, онд тав давсан бол 2004 онд зургаа давж Үнэн зоригт чимэг, 2005 онд долоо давж улсын заан цол, 2006 онд зургаа давсан байдаг.
Баримт 9.
Хамгийн өндөр настайдаа шөвгөрсөн бөх: Ард олныхоо дунд “Боохой” хэмээн алдаршсан Сэлэнгийн Д.Данзан арслан 1952 оны улсын баяр наадамд 57 настайдаа зодоглон улсын заан Намжаагаар тав давсан байна.
Баримт 10.
Төрийн наадамд хамгийн их шөвгөрсөн бөхчүүд (цол хэргэм харгалзахгүйгээр). Х.Баянмөнх /Дархан аварга/ 27 удаа. Д.Дамдин /Дархан аварга/ 23 удаа, Ж.Мөнхбат /Дархан аварга/ 23 удаа, Б.Бат-Эрдэнэ /Дархан аварга/ 22 удаа, Б.Түвдэндорж /Дархан аварга/ 17 удаа, О.Балжинням /Улсын аварга/ 17 удаа, У. Мижиддорж /Улсын арслан/ 17 удаа
Баримт 11.
Хамгийн их жинтэй бөх: Бяр нь ханасан бөхчүүд өндрөөс гадна жин ихтэй байсан аж. Тэднээс хамгийн их жинтэйгээр Тэмээн борлог хэмээх бөх 200 кг жинтэй байжээ. Мөн Хадбаатар аварга 183 кг жинтэй байсан гэдэг. Харин уран барилдаанаараа гайхагдаж байсан Дэмүүл арслан 140-160 кг жинтэй байжээ.
Баримт 12.
Хамгийн өндөр бөх: Хамгийн өндөр биетэй, чац томтой нь олноо Цэргийн өндөр хэмээн алдаршсан Цэрэндорж хэмээх бөх байжээ. Түүний өндөр 2.50 метр. Дараагийн өндөр бөх нь 2.30 метр Дэлрэв бол Их Монгол хочоороо алдаршсан Шаравжамц хоёр метр өндөртэй байсан гэдэг. Харин өнөө цагийн бөхчүүдээс хамгийн өндөр нь мэдээж хоёр метр Ж.Оргилболд юм.
Баримт 13.
Одоо харин Үндэсний бөх сонирхогчдын фэйсбүүк хуудсаар монгол бөхийн хамгийн хамгийныг тодруулсан байдаг. Түүнийг та бүхэнд хүргэе. Хамгийн өндөр боловсролтой бөх: Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэрлэсэн байна. Түүнийг бөхчүүдээсээ хамгийн олон буюу гурван их сургууль төгссөн болохоор нь ийнхүү нэрлэсэн байна. Мөн Англи, Япон хэлний мэдлэгтэй аж.
Баримт 14.
Хамгийн сайхан галбиртай бөх: Спортоор хичээллэдэг эрчүүд өв тэгш бие бялдартай болдог нь элбэг. Тэдний тод жишээ нь Монгол Улсын арслан Ц.Содномдорж, харцага А.Бямбажав нар хэмээн бичжээ. Тэднийг илүүдэл жингүй, булчингаа жигд хөгжүүлсэн, галбирлаг төрхтэй гэсэн байна.
Баримт 15.
Хамгийн их бизнес эрхэлдэг бөх: Зах зээлийн гэж тодотгодог энэ нийгэмд өөрийн гэсэн орон зайг бий болгон үндэсний хэмжээнд манлайлж буй томоохон компаниудын нэг “Жем интернэшнл” бол улсын гарьд Ц.Цэрэнпунцагийнх. Өдгөө АНУ-д амьдарч буй тэрбээр энэ номинацад хамгийн олон санал авчээ. Түүний дараа “Мөнхийн үсэг” группийн Ерөнхий захирал, улсын начин До.Ганбат, улсын заан Ц.Магалжав нар жагссан байна.
Баримт 16.
Хамгийн бяртай бөх: Монгол бөхийн барилдааныг бяр хүч, мэхгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс энэ цагийн хүчтэнүүдээс хамгийн бяртай нь улсын аварга Ч.Санжаадамба, улсын заан Б.Пүрэвсайхан нар хэмээн нэрлэжээ. Мөн улсын арслан Х.Мөнхбаатар ч тун ойрхон санал авчээ.
Баримт 17.
Хамгийн уран барилдаантай бөх: Энэ тодорхойлолтыг улсын харцага Ө.Даваабаатар тэргүүллээ. Түүний уран, хурц дайчин барилдаанд үзэгчид дэндүү их дуртай. Мушгиж тонгорох, дүүгүүрдэх зэрэг мэхийг гарамгай хийдэг харцагыг аймгийн арслан байх үеэс л үзэгчид хайрлаж, хүндэлж уран барилдааныг нь шагшиж ирсэн билээ.
Баримт 18.
Хамгийн царайлаг бөх: Манай бөхчүүд гоо зүйн талаас ямар ч шалгалтад тэнцэхээр нийтлэг сайхан төрхтэй. Тэр дундаа онцгой царайлаг бөх олон. Энэхүү санал асуулгад улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын арслан Ц.Содномдорж нар энэ тэнцүү шалгарсан байна.
Баримт 19.
Хамгийн нүүрийн баясгалантай бөх: Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Н.Батзаяаг нэрлэсэн байна.
Баримт 20.
Хамгийн жижиг, хурц шаламгай бөх: Т.Баасанхүүг нэрлэсэн байна. Тэрээр Увс аймгийн Тэс суманд уугуул, үндэсний бөхийн улсын харцага цолтой юм. Тэрбээр үндэсний бөхөөс гадна самбо, жүдо бөхөөр хичээллэдэг бөгөөд самбо бөхийн 2009 оны залуучуудын УАШТ-ийн хүрэл, жүдо бөхийн оюутны УАШТ-ийн хүрэл медальтай. Том ах Т.Даваажав нь сумын заан цолтой, дунд ах Т.Мягмаржав нь аймгийн арслан цолтой, улсад гурав давж байсан.
Баримт 21.
Өнөө цагийн ид хаваа гайхуулсан бөх: Ц.Содномдоржийг нэрлэсэн байна. Тэрээр 2009 оны үндэсний их баяр наадмаар тавын даваанд Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүй (Тухайн үедээ Монгол улсын начин цолтой байсан)-тэй тунан барилдаж давснаар Монгол улсын начин цолыг хүртсэн. Улмаар 2011 оны үндэсний их баяр наадамд Монгол улсын заан Батзоригийн Батмөнх (тухайн үедээ аймгийн арслан байсан)-өөр зургаа даван харцага цолны болзол хангасан. 2015, 2016 онуудад зургаа давж харцага цолоо баталсан тэрээр 2017 оны наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртжээ.
Баримт 22.
Хамгийн жудагтай бөх: Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд Б.Гончигдамба эл номинацад шалгаруулсан байна. Тэрээр 2011 онд тав давж Улсын начин цол, 2012 онд мөн тав давж өсөх идэр начин, 2013 онд найм давж Улсын гарьд цол хүртэж байсан.Их мэхийн үүр улсын гарьд зүүн талтай, тахимдах, хөмрөх, хутгах мэхийг голдуу хийдэг. Үндэсний, чөлөөт бөхөөр хичээллэдэг спортын мастер үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн нутгийн залуу төлөөлөл юм.
Баримт 23.
Бөхчүүдэд тохиолдож байсан хамгийн хөгтэй хөгжилтэй түүхүүдээс: “Уянгын зам нь нарийхан”:Том Санжаа тээврийн жолоочоор ажиллаж байхдаа Өвөрхангайн Уянга руу явах тун дургүй байжээ. Авто баазын диспетчер залуу нэгэн удаа заанаас Уянга руу явуулах болохоор л хямсганаад унадгийнх нь учрыг асуутал, “Уянгын зам нь нарийхан” гэсэн гэдэг. Учир нь Уянга сум нарийн гудамжнуудтай, тэнд нь бас мухар гудамж ихтэй, машин эргэж гарах гэж маневр их хийх шаардлагатай болдог байжээ. Заан албан үүргээ гүйцэтгэчхээд айл их хэсдэг байсан юм гэдэг.
Баримт 24.
“Би “Хилчин”-ий Баасандорж” : Улсын заан Д.Баасандорж машинтайгаа явж байтал нэгэн бүсгүй гар өргөн зогсох нь харагджээ. “Аятайхан бүсгүй байна, танилцвал зүгээр юм даа” хэмээн бодох зуураа бүсгүйг хүргэж өгөхөөр зогсчээ. Дайгдсан бүсгүй “Хорооллын “Номин” гэхэд бодолдоо “төөрсөн” харцага хариуд нь ”Би “Хилчин”-ий Баасандорж” гэж хариулсан нь үнэн юм гэдэг шүү. Дээрх номинацыг Үндэсний бөх сонирхогчдын фэйсбүүк хуудсаар шалгаруулсан болно.
Сэтгэгдэл (26)