Зөвхөн гэрийн тэжээмэл амьтад ч биш, заримдаа зэрлэг араатан ч сайхан сэтгэл гарган хэн нэгэнд хүмүүнлэг тус хүргэх тохиолдол байдаг аж. Үүний 10 сонгодог жишээ.
1. 1925 онд Аляскийн Ном хэмээх жижигхэн хотод сахуу өвчин дэгдэж. Өвөл байсан болохоор битүү цасанд хучигдан хот бүхэлдээ гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байлаа. Эм тариа, вакцин авчрах боломжгүй болж хүүхдүүд амь алдаж эхэлсэн байна. Ингээд 150 нохойтой 20 цуваа гарган өртөөлөн эм тариа авчрахаар шийдвэрлэж. Хамгийн сүүлийн шатанд норвеги эр Гуннар Каасен өөрийн Балто гэдэг сибирийн хаски нохойгоор тэргүүлсэн хэсэг нохойтой явжээ. Ноход 80 км илүү зам туулсан ч хот ортол 34 км үлдээд байхад хүчтэй цасан шуурга эхэлж юу ч харагдахгүй харанхуйлжээ. Гэсэн ч Балто бусад нохдоо тэргүүлэн зогсолтгүй явсаар эм тариаг авчирснаар хэдэн хоногийн дараа халдвар тархах нь зогсчээ. 1995 онд алдарт Стивен Спилберг Балто нохойнд зориулсан хүүхэлдэйн кино хийсэн бол, Кливлендийн музейд Балто нохойн чихмэлийг урлаж тавьсан байна.
2. Энэтхэгийн Пенжаб мужид нохойн хоёр гөлөг худагт уначихаж. Эх нь худгийн амсар дээр очин чөлөө завгүй хуцан тусламж эрж байлаа. Худаг руу өнгийвөл хоёр гөлөгний дэргэд том кобра могой харагдах нь тэр. Гэхдээ могой гөлөгнүүдэд аюул учруулсангүй харин ч гөлөгнүүдийг бүр гүнзгий устай тэр хэсэг рүү явуулахгүй, живчихээс нь сэргийлэн хоёр хоносон байна. Аврагчид ирж гөлөгнүүдийг гаргаж авахад тэд эрүүл саруул байжээ. Баатарлаг кобро могойг аврагчид мөн аварч ойд аваачин дураар нь тавьсан байна.
3. Фашистуудын бүслэлтэд байсан Ленинград хотын иргэн Бугровын Василий муур нь эзнээ өлсч үхэх аюулаас аварсан гэдэг. Муур өдөр бүрий анд гарч хулгана, эсвэл шувуу барьж авчирдаг байсан төдийгүй бөмбөгдөлт эхлэхийн өмнө мяулаад л, хөлөөрөө самардаж эзэндээ дохио өгдөг байжээ. Ингэхэд нь эзэн нь хоргодох байранд ордог байж. Ийм байдлаар муур дайны хүнд жилүүд, бүслэлтийг даван туулаад 1949 онд үхсэн байна. Эзэн нь Василий муураа ЗХУ-ын баатар хэмээн өргөмжилж иргэдийн оршуулгын газарт оршуулан хөшөө босгосон байна.
4. Бас нэг баатарлаг амьтан бол Нэнни нохой. Гэрт ердөө л Нэнни нохой бяцхан жаалтай үлдсэн байхад түймэр гарсан ч гал сөнөөгчид оройтож ирснээр байшин бүхэлдээ галд автсан байна. Сандарч тэвдэж ирсэн эцэг эх хүүхдээ аврахаар зүтгэсэн ч гал сөнөөгчид “одоо хэт оройтсон” гээд зогсоож байтал Нэнни нохой хүүхдийг шүдээрээ зуугаад гарч ирж. Жаалыг орхимогцоо өөрийн гөлөгнүүдийг аврахаар дахин гал руу орсон ч харамсалтай нь эргэж гарч ирээгүй байна.
5. Америк гэр бүл өөрийн Кешью нэрт лабрадор нохойгоо хөгширсөн хойно бяцхан муурын зулзага авчирснаа Либби гэж нэрлэжээ. Кешью 14 насандаа сохорч, юм сонсохоо больжээ. Харин Либби муур л хөгширсөн Кешьюгийн дэргэд байнга байж, хаа хүрэх газарт нь дагуулан хүргэдэг болжээ.
6. Татаж унадаг өвчтэй америк эр Жон Столнекер нохой худалдан авч Бадди гэж нэрлээд утасны товчлуур дарж сургасан байна. Нэг өдөр 911 албаны утас дуугарахад авбал зөвхөн нохой хуцах дуу л сонсогдож. Цагдаа энэ албаныхан ч ийм дуудлага ирэхэд тийшээ эмч нарыг шуурхай илгээдэг болсон гэнэ.
7. Пудинг нэртэй муур 2012 онд мөн л баатарлаг үйл бүтээжээ. Түүний эзэн Эми Юнг чихрийн шижин өвчтэй байнга өвчин нь хөдөлж мууддаг байж. Нэг удаа шөнөөр эзнийх нь бие муудан сандрахад Пудинг эзнийхээ дээр гаран түүнийг мэдээ оруулахыг оролдоод эцэст нь хүүгийнх нь өрөөнд орж хүүг сэрээн эзнийхээ өрөөнд дагуулж авчирсан байна. Улмаар хүү цаг алдалгүй эмч дуудаж Эми хатагтай аврагджээ.
8. Ийм хүмүүнлэг үйл зэрлэг араатнаас ч бас гардаг байна. Серфингч Тодди Эндрюс гулгаж байгаад аюулд өртсөн ч далайн гахайны тусламжаар азаар амьд гарчээ. Түүнийг яг гулгаж байх үед нь аварга загас дайрч хүнд шархдуулан залуу аварга загаснаас мултрах ямар ч аргагүй болоод байтал гэнэт далайн гахай гарч ирэн аварга загасыг хөөжээ. Тэгээд ч зогсохгүй шархадсан Тоддыг эрэг дээр гаргаж өгснөөр тэр эмнэлгийн тусламж авсан байна.
9. Шер Ами бол дэлхийн нэгдүгээр дайны үед америкийн хэдэн зуун цэргийн амийг аварсан баатарлаг тагтаа. Энэ тагтаа шаардлагатай газарт шуурхай мэдээ, захидал хүргэхээр 12 удаа ниссэн бол 1918 онд гэхэд л 200 хүний амь аварчээ. Нэг удаа нисч байхдаа хүнд шархдан нэг хөл, нэг нүдгүй болсон ч эмч нар түүнийг аварсан байна. Түүнийг америкийн шуудангийн тагтааны нийгэмлэг алтан медалиараа шагнасан бол францчууд Цэргийн загалмай одонгоор шагнажээ. 2011 онд Америкчууд хамгийн баатарлаг амьтдын жагсаалт гаргахад Шер Ами тэнд багтсан байна.
10. Стабби бол дэлхийн хоёрдугаар дайны үед байгуулсан гавьяагаараа олон тооны шагнал хүртсэн төдийгүй цэргийн түрүүч цол хүртсэн цор ганц нохой. Энэ ухаант, эрэлхэг нохой хорт хийн дайралтын үеэр олон зуун цэргийг аварч байсны зэрэгцээ тулалдааны талбараас шархтнуудыг аюулгүй газарт чирч гарган эмнэлгийнхнийг “дууддаг” байж. Нэг удаа Стабби дайсны тагнуултай таарч зугтах гэхэд нь хөлөөс нь зууж байгаад өөрийн салааныхнаа иртэл саатуулсан байна. Стабби минийн хэлтэрхийд шархадсан ч жагсаалдаа орж үүргээ гүйцэтгэсээр дайн дуусгасан гэдэг.
Сэтгэгдэл (2)