-ХҮҮХДҮҮД ААВ ШИГЭЭ ХҮН БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ-
Өнөөдөр ээжүүд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, аав нар гэр бүлээ тэжээх үүргийг хүлээсээр ирлээ. Хүн бүр нийгмийн амьдралд тэгш оролцож байгаа ч ээжүүд ажил хөдөлмөр эрхлэхийн сацуу үр хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг хүлээсээр л байна. Үнэндээ хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоо нэн чухал. Аав хүү хоёрын харилцаа ирээдүйд хүүхдийн бусадтай харилцах харилцаанд шууд нөлөөлдөг болохыг шинжлэх ухаан нотолжээ. Өөрөөр хэлбэл эцэг хүү, охин хоёрын эрүүл харилцаа нь ирээдүйд өөртөө итгэлтэй, амжилттай иргэнийг төрүүлэхэд чухал нөлөөтэй байна. 2016 онд Английн Оксфордын их сургуулийн эрдэмтэд хүүхдийн хүмүүжил төлөвшилд аавууд хэрхэн нөлөөлдгийг судалж үр дүнгээ танилцуулсан.
Тэдний судалгааны үр дүнгээр, аав нь хүүхэдтэйгээ их цаг хамт өнгөрүүлдэг бол тухайн хүүхэд бусад хүүхдээс илүү сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой, өөртөө итгэлтэй, айдас багатай байдгийг тогтоосон. Ингэхдээ зөвхөн хамт байх нь хангалтгүй бөгөөд харин хүүхэдтэйгээ ямар нэг байдлаар сэтгэл хөдлөлийн ээнэгшилт үүсгэх хэрэгтэй гэж зөвлөжээ. Өөрөөр хэлбэл аавууд хүүхэдтэйгээ хамт кино үзэх, ном унших, гадуур зугаалах зэрэг хүүхдийн сэтгэлийг хөдөлгөсөн зүйлс хамтдаа хийж байх нь чухал. Энэ үедээ өөрт нь ямар санагдаж байгааг хэлж хүүхдэд бас ямар мэдрэмж төрж байгааг асуух зэргээр хүүхэддээ хэзээ ч мартагдашгүй дурсамжуудыг үлдээж байх нь хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд маш их эерэг нөлөөтэй гэсэн үг юм.
-ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЭЦГИЙН ҮҮРЭГ БА НӨЛӨӨЛӨЛ-
Хүүхдийн хүмүүжилд эцгийн үүрэг их байдаг тул аливаа буруу хандлага түүний ирээдүйд сөргөөр нөлөөлдөг гэдгийг санаж байх хэрэгтэй. Тиймээс эцгийн зан байдал хүүхэдэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлдэгийг танилцуулж байна.
-ДАРАНГУЙЛАГЧ ААВ-
Дарангуйлагч аав гэдэг бие болон сэтгэлийн дарамт үзүүлдэг хамгийн аюултай аавуудын нэг юм. Дарангуйлагч аавд дараах шинж тэмдгүүд байна. Үүнд:
-Байнга хатуу дүрэм журам тогтооно
-Түүний үг бол хууль
-Захирагдахгүй тохиолдолд хатуу шийтгэнэ
-Хэрэглэх дуртай үг “Битгий уйл”, “Боль”, “Чамтай ярьсан хүн алга” гэх мэт
Ийм хандлагууд илэрвэл аав та өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Учир нь хүүхэд тань аймхай, өөртөө итгэлгүй, худалч, өөрт нь хүч хүрэхгүй нэгэнд хүчээ үзүүлдэг өөр шиг тань дарангуйлагч нэгэн болно шүү.
-ЗАЛХУУ ААВ-
Залхуу буюу хүүхдийн хүмүүжилд оролцох сонирхолгүй, өөрийн амрыг илүүд үзэх “хуурай” харилцаатай аав юм. Ийм аав хүүхдэдээ цаг гаргаж хамт тоглохоос илүүтэй зурагт, компьютерийн урд бүх цагаа өнгөрөөнө.
Хүүхдийн уйлах, инээх дуу чимээнээс төвөгшөөн дуугүй болгох зорилгоор хүссэн болгоныг нь хийнэ. Эцэстээ хүүхэд задгай, аливаа дүрэм журманд захирагдах дургүй, нийгэмдээ дасан зохицох чадваргүй нэгэн болж өснө.
-СЭТГЭЛ ХАНАМЖГҮЙ ААВ-
Хүүхдийн ямар ч үйл хөдлөл аавын сэтгэлд нийцэхгүй бөгөөд хүүхдээ бусад хүүхдүүдтэй харьцуулж үргэлж дутуу үнэлж хүүхдээ огт магтан сайшаадаггүй аав юм. Улмаар хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй, зөрүүд, атаархуу, ууртай нэгэн болно.Дээрх хандлагууд танд ажиглагдвал даруй арга хэмжээ авч хүүхдээ байгаагаар нь хайрлаж хүүхэдтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байхыг зөвлөж байна.
Өнгөрсөн жилийн тавдугаар сард НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд Монголд анх удаа “1000 аавын чуулган”-ыг зохион байгуулсан. Уг чуулганаар аавуудыг хүүхдийн хүмүүжилд хэрхэн эерэг нөлөө үзүүлэх талаар ярилцсан юм. Зохион байгуулагчид уг чуулганыг хийхээсээ өмнө 4-7 насны 10 мянган хүүхдээс “Хэнийг үлгэрлэн дуурайдаг вэ” гэсэн асуултад хариулт авахад хүүхдүүдийн 70 орчим хувь нь “Аав шигээ хүн болно” гэж хариулжээ. Тиймээс аавууд аа, хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөө, маргааш биш, өнөөдөр.