Оюутолгой төсөл батлагдсанаас хойш чамгүй хугацаа өнгөрч байна. Гэвч Монгол Улсад тийм ч ашигтай гэрээ байгуулагдаагүй учир эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь бага байгаа. Үүнийг шүүмжлэх эдийн засагч, улс төрчид цөөнгүй. Цаашид уг орд газрын гэрээг сайжруулах, эсвэл цуцлах арга хэмжээ авах шаардалагатай гэх байр суурийг сүүлийн үед илэрхийлэх хүн гарах болсон. Тэгвэл бид дэлхийд данстай, томоохон орд газраа хэрхэх вэ гэдэг том асуудалтай тулгарч байна. Мөн уг гэрээ, орд газартай холбоотой асуудлаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ч саатуулагдаад байгаа билээ.
Ер нь, одоогийн эзэмших хувиасаа татгалзах асуудал ч яригдах болж. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Асуудлыг нэг талд гаргая гэвэл Монгол Улсын Оюутолгойн 34 хувиас татгалзах ёстой. Бид 34 хувиасаа татгалзаад, үүнийгээ рояалтид шилжүүлэх хэрэгтэй байгаа юм. Нэг ёсондоо бид борлуулалтын орлогоос нь шууд рояалти авдаг болчихвол компанийн дотоод үйл ажиллагаа руу орох, менежментэд нь хяналт тавих зэрэг асуудал үүсэхгүй. Бид бүхнийг хянах гээд дийлэхгүй байна. Тиймээс үйл ажиллагааны энэ хэлбэртээ цэг тавьж байж л, асуудлыг шийднэ гэж харж байгаа” хэмээн хариулсан байна. Магадгүй зөв, буруу гэсэн шүүмжлэл үүн дээр гарна. Өөрийн орд газраа өгчихөөд татвар аваад суухыг дэмжихгүй хэсэг гарч, бараг л бүхэлд нь эзэмших шаардлагатай гэж ярих биз. Харин нөгөө талдаа багахан хувь эзэмшсэн болж, авах авахгүйн хооронд явснаас рояалти тавьчихаад өг хэмээн суувал дээр мэт. Гэвч эзэмшлийн 34 хувиа рояалти руу шилжүүлэх боломж нөхцөл бий юу гэсэн асуулт гарч байгаа юм.
Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах заалт хадгалагдсан хэвээр байгаа. Бүр цагаан дээр хараар бичсэн гэрээний дагуу өөрчлөлт оруулах замаар өөрсдийн эзэмших 34 хувиа рояалти болгох боломжтой аж. Өмнөх туршлагаар гэрээнд өөрчлөлт оруулсаар ирсэн билээ. Үүнтэй адил зарчмаар хэлэлцээрийн ширээний ард суугаад асуудлаа шийдэх боломжтой. Гэрээ байгуулсны дараа Ерөнхий сайдын алба хашиж байсан Сү.Батболд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж, Монгол Улсад нааштайгаар хоёр тэрбум гаруй ам.долларын асуудлыг шийдэж байсан туршлага бий. Ийм л зарчмаар асуудалд хандвал тухайн ордоос бид бага хувь эзэмшиж, эдийн засгаа тэгэж чадахгүй байна хэмээн гоншигнох шаардлага алга болно. Цаашилбал аливаа хяналт шалгалт, тэгсэнгүй, ингэсэнгүй гэх асуудал ч үүсэхгүй амар болох юм байна.
Монгол Улс 34 хувиа рояалтид шилжүүлчихвэл ойролцоогоор 15-20 хувьд хүрэх боломжтой гэдгийг ярьжээ. Зөвхөн энэ оны гүйцэтгэлийг авч үзвэл Оюутолгой компани хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийжээ. Магадгүй рояалти авч байсан бол борлуулалтын орлогоос 300-400 сая ам.доллар авах боломж үүсэх нөхцөл бүрдэх байжээ. Жил бүр ийм хэмжээний ашгийг хүртэх гарцаа нээе гэвэл хувь хэмжээгээ рояалти руу шилжүүлэх л шаардлагатай болох нь. Дан ганц дээрхээс гадна гүний болон гадаргын ус ашигласны татвар, Аж ахуй нэгжийн орлогын албан татвар гээд татаасуудаа ч авах боломжтой.
Магадгүй ийм зарчмаар асуудалд хандаж, талцаж маргалдах хэрүүлийн алим болсон орд газрынхаа хувь эзэмшлийг гэрээнд өөрчлөлт оруулах замаар шийдчихвэл бид өөр хоорондоо тэмцэлдээд байх шаардалаг гарахгүй нь. Үүнийг хаа хаанаа бас бодох хэрэгтэй биз. Харин рояалтид шилжүүлэхдээ хувь хэмжээний асуудлаа маш сайн тохирч, аль болох улс орондоо хэрэгтэй, ард түмэнд тустайгаар шийдвэл эргээд хэл ам дагуулахгүй. Тиймээс гэрээнд өөрчлөлт оруулахаас өмнө асуудлаа маш сайн ярьж, хэлэлцсэний дүнд шийдвэр гаргах нь илүү оновчтой болов уу. Ямартай ч Оюутолгойг тойрсон асуудалд нэг шийдэл гарч ирж байна. Цаашид ямар маягаар эргэх нь цаг хугацааны асуудал болж үлдлээ.
Сэтгэгдэл (12)