Баримт 1. Д.Цогтбаатар нь 1970 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн байна.
Баримт 2. 1988 Зөвлөлтийн /Орос/ XIV дунд сургууль, 1994 Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 Австралийн Үндэсний их сургуулийн Хуулийн сургуулийг тус тус төгсчээ.
Баримт 3. Ажилласан байдлын хувьд арвин их түүхтэй, мэргэжилдээ мэргэшсэн нэгэн болох нь харагдана. Тэрбээр Олон улсын харилцаагаар хойд хөршид мэргэжил эзэмшин эх орондоо ирж ГХЯ-нд Ази, Африкийн газарт атташегаар ажилласан байна. Үүнээс хойш 1998-1999 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд илтгэгч, цагийн багш, 1998-2000 онд Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт атташе, 2000-2002 Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал зэрэг албан тушаалыг хашиж байжээ. Харин 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилд томилогдон 2011 он хүртэл ажиллаж байгаад 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан байна.
Баримт 4. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан хоёр ч хүнд зөвлөж, шадарлаж явсан түүхтэй. Тодруулбал, Ерөнхийлөгч Н.Багабанди болон Н.Энхбаяр нарын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн 2011-2012 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалыг хашсан юм байна.
Баримт 5. 2016 оны парламентын ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж ялснаар УИХ-ын гишүүн болсон юм. Өдгөө У.Хүрэлсүхийн танхимд багтаж, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байгаа.
Баримт 6. Гэр бүлийн хувьд: эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг аж.
Баримт 7. Түүнийг дуу хуурын өлгий нутаг Дундговийнх гэлцдэг. Учир нь, эрхэм сайдын ээж Цэнд Дундговь аймгийнх бөгөөд насаараа цэргийн байгууллагад нян судлаачаар ажилласан хүний гавьяат эмч. Тэрбээр хүүхэд ахуйдаа ээжийнхээ төрсөн нутагт нь очиж амардаг байсан төдийгүй их сургууль төгссөнийхөө дараа Дундговь аймагт олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санаачилга гарган ажилладаг байжээ. Гадаадын нэр хүндтэй зочдын анхаарлыг дуу хуурын өлгий болсон тус нутаг руу хандуулахыг эрмэлзэж явсан нь “Дундговийнх” гэж нэрлэгдэхэд хүргэсэн байна.
Баримт 8. Дуу хуурын нутагтай холбогдсон Д.Цогтбаатар дуулбал ч дуулчихдаг, барилдвал даваатай, морь унаж салхи татуулан давхих дуртай нэгэн гэнэ. Ер нь, Монгол эр хүний хийморь болсон бүхнийг л сонирхдог ажээ.
Баримт 9. Харин түүний аав амьдралынхаа ихэнх хугацааг жолооны ард өнгөрүүлсэн. Унасан газар, угаасан ус нь Төв аймгийн Лүн сум. Аавынхаа үнэтэй сургааль, худал үг, хуурамч зангаас хол байж, унахын цагт сэтгэл гунддаггүй, сэргэхийн цагт даруулгатай байхыг сургасан нь түүний зан төрхөд хамгийн их нөлөөлсөн гэж ярьдаг.
Баримт 10. Арван жилийн сургуулиа дүүргээд их сургуульд орох жилээ МУИС-ийн эдийн засгийн ангид шалгалт өгсөн аж. Мэдээж хэрэг шалгалтаа сайн өгч тэнцсэн байна. Гэвч түүнийг хүссэн мэргэжлээр сургах бус харин ч бүр тэс өөр чиглэлд сургахаар тухайн үед шийдвэрлэжээ. Тодруулбал, Гадаад харилцааны яамныхан түүний хувийн хэрэгтэй танилцаж, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцуулахаар сонгосон байна. Ийнхүү эдийн засагчийн шалгалтад тэнцсэн Д.Цогтбаатарын эзэмших мэргэжил нь өөрчлөгдөж, хойд хөршид гадаад харилцааны чиглэлээр суралцсан байна.
Баримт 11. Улс төрд залуу, гүйцэт боловсорсон хүн гэж түүнийг тодорхойлдог. Д.Цогтбаатар улс төрийг тодорхойлохдоо “Худал, хуурмагийн зөвтгөл ба худал, хуурмагийн орчин гэж боддоггүй. Харин улс төр бол сайхан нөхөрлөл, хамтран ажиллах боломжийг олгодог орон зай хэмээн ойлгодог. Улс орноо улам сайхан хөгжүүлэхсэн гэдэг хүсэл тэмүүллээрээ нэгдсэн хүмүүс” гэж хэлжээ.
Баримт 12. Дипломатч хүн гадаад хэлний өндөр мэдлэгтэй байх ёстой. Д.Цогтбаатарын хувьд ч хэлний өндөр мэдлэгтэй нэгэн. Тэрбээр, англи, орос хэлээр чөлөөтэй. Мөн тайланд, камбожоор ярьдаг бөгөөд герман хэлээр бага зэрэг ойлгож, ярина.
Баримт 13. У.Хүрэлсүхийн танхимын гишүүнээр ажиллах шийдвэрийг УИХ-ын 2017 оны аравдугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд Гадаад харилцааны сайдаар томилогдсон Д.Цогтбаатар үүрэгт ажилдаа хоёр дараа орсон юм. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны өмнөх сайд Ц.Мөнх-Оргилоос аравдугаар сарын 20-нд тамгаа хүлээн авснаар үүрэгт ажилдаа орсон байна.
Баримт 14. Оффшор бүсийн талаарх мэдээлэл дунд түүний нэр цохиж явсан нь саяхан. Уг мэдээлэл түгэх үед хэвлэлийн хурал зарлан өөрийн нэрийг цэвэрлэх үүднээс оффшорт дансгүй хэмээн тайлбар хийж “Надад оффшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Тухайн үед Австралийн хөрөнгө оруулалттай компанид манай найзууд хамт хөрөнгө оруулах уу гэж байсан. Бид тэр компанид ямар ч оролцоо байхгүй. Миний зүгээс 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд гараад явсан" гэж хэлсэн байдаг. Гэхдээ олон улсын байгууллага худлаа мэдээлэл цацсан уу эсвэл гэсэн эргэлзээ гарч ирнэ. Үүнийг цаг хугацаа харуулах болов уу.
Баримт 15. Түүний хувьд улс төрийн бохир тоглоомоос зайдуухан, хэл аманд өртөөд байдаггүй нэгэн гэдэг. Нэр цэвэр эрхэм гишүүн Сү.Батболдын фракцид харьяалагддаг байна. Тиймдээ ч Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан хүн.
Баримт 16. Сү.Батболдын фракцид харьяатай түүнийг элдэв асуудалд хутгалдсан ч нэрээ цэвэрхэн сугалчихдаг, толгой сайтай хүн гэж МАН-ын хаш цагаан ордны жиргээчид ярих нь бий. Хэдийгээр тус бүлэглэлийн гишүүн ч элдэв дээдийн атгаг зүйлд нь орооцолддоггүй ч байж болох талтай. Нэр хугарахаар яс хугар гэдэгчилэн.
Баримт 17. Гадаад харилцааны сайдаар томилогдоод удаагүй байхдаа бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулсан. Энэ үеэрээ Д.Цогтбаатар сайд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд Гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчдийн газрууд үндэсний бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдсэн. Мөн тулгамдаж буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх арга замаар санал солилцсон байдаг. Энэхүү уулзалтад 150 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулсан юм.
Баримт 18. Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 48 дахь удаагийн чуулга уулзалтад эх орноо төлөөлөн оролцоод ирсэн.
Баримт 19. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нэгдүгээр сарын 24-ний өдөр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD)-аас зохион байгуулсан “Даяаршлын шинэ эрин дэх бүс хоорондын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж буй “Бүс ба зам” хуралд оролцож илтгэл тавьсан байна. Илтгэлдээ БНХАУ-ын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачлагыг Монгол Улс дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, уг санаачлага нь Торгоны замын түүхээр манай улстай салшгүй холбоотой ба өрнө дорны олон улс, түмнүүдийн соёл иргэншлийн дунд холбогч гүүр, тээвэрлэгч зөөвөрлөгчийн үүргийг гүйцэтгэж байсныг дурджээ.
Баримт 20. Дэлхийн усл гүрнүүдийн удирдах дээд албан тушаалтнуудын цугласан тус чуулганд хүрэлцэн ирсэн төр засгийн тэргүүнүүдтэй ч үзэл бодлоо хуваалцаж амжжээ. Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалт”, “Усны аюулгүй байдлыг эргэж харах нь” зэрэг хэлэлцүүлэгт оролцсон байна.
Баримт 21. Европын холбооны хар жагсаалтад Монгол Улсыг багтаасан талаарх мэдээлэл нэг хэсэг л шуугиан тарьсан. Тэгвэл уг жагсаалтаас гарах ажилд онцгой хувь нэмэр оуулсан нэгнээр Д.Цогтбаатарыг нэрлэжээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэхүү жагсаалтаас гарах асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн тулд тушаал гарган Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилох, Сангийн яам болон ХЗДХЯ-ны төлөөллийг багтаасан Ажлын хэсэг байгуулан ажиллуулсан байна. Европын Холбооны Дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини болон Европын Холбооны гишүүн 28 улсын Гадаад хэргийн сайд нарт албан захидал илгээх, Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нартай уулзаж манай улсын байр суурийг тайлбарлах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан нь нааштай үр дүн авчирсан байна.
Баримт 22. Ийнхүү эх орныхоо нэрийн өмнөөс Давост хүрэлцэн ирсэн улс орны төр засгийн удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцон, Монгол Улсын гадаад бодлого, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажилд чамгүй хувь нэмрээ оруулаад ирлээ. Цаашид Монгол Улсын гадаад бодлогын чиг хандлага, улс орнуудтай ямар хэмжээнд хамтран ажиллах нь Д.Цогтбаатараас шалтгаална.
Баримт 23. Гадаад харилцааны сайдын албан тушаалыг хүлээн авснаас хойш 100 дахь хоногтойгоо золгож байгаа. Энэ хугацаанд хэрхэн ажиллаж ямар үр дүн гаргасан талаарх мэдээллээ хүргэсэн. Албан тушаалд очсоноосоо хойш хийсэн томоохон ажлынх нь нэг хэсэг нь Давосын уулзалт, чуулган, Еропын холбооны хар жагсаалтаас улс орныхоо нэрийг хусуулсан зэрэг орж байна.
Баримт 24. Мэдлэг боловсролоороо МАН дотроо тэргүүлэгч, чадвартай нэгэн болохоор 2020 оны сонгуульд ч өрсөлдөх нь гарцаагүй. Тэрээр сонгогдсон тойрогтоо дархлагдах уу, үгүй юу гэдэг ирэх он жилүүдэд хийх ажлаас нь шалтгаалах биз ээ. Ямартай ч парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй, ид дундаа явна.
Сэтгэгдэл (47)