-Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал Э.ЭНХЖИНГЭЭС дараах зүйлийг тодрууллаа.
-Энэ онд ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Төв банк сар бүр 16 тэрбум төгрөгийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөс гаргана. Засгийн газраас сар бүр 10 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно гэсэн үг. Одоо байгаа энэ тогтолцоогоор явбал сард 26 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд гаргах боломжтой.
-Ипотекийн зээлийн урьдчилгааг таван хувиар бууруулж, 25 хувь болгох талаар Барилга, хот байгуулалтын яамны сайд ярьсан. Үүнд Монголбанкнаас ямар байр суурьтай байгаа вэ?
-Зээлийн хүртээмжийг цаашдаа нэмэгдүүлэх шаардлага бий. Засгийн газраас ипотекийн зээлийг хэрхэн хүртээмжтэй үргэлжлүүлэх вэ гэдгийг шийдэхээр Дэлхийн банкны зөвлөхийг ажиллуулж байгаа. Энэ хүрээнд хэд хэдэн санал гараад байгаа юм билээ. Энэ дотор зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах санал багтсан. Ажлын хэсэг урьдчилгааг бууруулахаас гадна зээлийн хүүг бууруулах гарцыг давхар судалж байгаа. Журмыг эцэслэн батлаагүй, Засгийн газартай тодорхой тохиролцоонд хүрээгүй байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Ипотекийн чанаргүй зээл хэдэн хувийг эзэлж байна вэ?
-Хугацаа хэтэрсэн ипотекийн зээл 1.8 хувьтай гарсан бол чанаргүй зээл 1.8 хувийг эзэлсэн. Чанаргүй зээл сүүлийн гурван жил дараалан өсч байсан ч өнгөрсөн оны есдүгээр сараас саарч, буурах төлөв ажиглагдаж эхэлсэн. Энэ нь манай улсын эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлт банкны салбар руу шилжиж буйтай холбоотой.
Сэтгэгдэл (1)