Гамшгийн хэмжээнд хүрсэн утааныхаа асуудлыг монголчууд бид хэрхэн шийдвэрлэх вэ? Энэ бол төр, иргэн, бүх талын оролцоонд тулгуурлаж үр дүнд хүрэх ажил. Утаа нь хариуцлагатай холбоотой гэдгийг бид хүлээн зөвшөөрөх учиртай. Утаа агаарын бохирдол ямар эрсдэл дагуулдгийг бидний монголчууд тэгтлээ сайн ойлгохгүй л байх шиг... Тиймдээ ч бид утааны гамшгийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд эхний 10-т бичигддэг байсан бол одоо эхний 5-д багтдаг болжээ.
Баримт 2. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс гэр хороолол болон авто тээврийн хэрэгсэл нь агаар бохирдуулагчдын 80 орчим хувийг эзэлж байна.
Баримт 3. Нийслэлд 180 мянган айл гэр хороололд амьдарч байна гэсэн тооцоо бий.
Баримт 4. 2011 онд нийт 2.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ гэсэн тооцоог “Цэвэр агаар” сангийнхан гаргасан боловч ердөө 700 сая төгрөгийн хөнгөлөлтийг иргэд авсан гэсэн дүн гарсан байдаг байна.
Баримт 5.Гэр хорооллын утаанаас гадна автомашины утаанаас ялгарч буй хорт хийнүүд нь агаарын бохирдолд нөлөөлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг болсоор байгаа бөгөөд 2011 онд улсын хэмжээнд 224000 байсан тээврийн хэрэгслийн тоо 2017 онд 345000 болж нэмэгдсэн байна.
Баримт 6. Автомашинуудын 70-аас дээш хувь нь 10-аас дээш жилийн насжилттай хуучин тээврийн хэрэгслүүд, түүний дотор 83 хувь нь бензин, 16 хувь нь дизель, нэг хувь нь хийн түлш хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бөгөөд утаанаас ялгарч буй хийн найрлагад агаар бохирдуулагч этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Баримт 7. Автомашинаас хамаарсан агаарын бохирдлын үндсэн үзүүлэлт болох азотын давхар ислийн агууламж 2010 онтой харьцуулахад 2017 онд гурав дахин өссөн байна. Энэ нь цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөнд оролцож байгаа автомашинд эзэлж байгаа хуучин машины тоо, уулзвар замын нэвтрүүлэх чадвар, авто замын чанар, хөдөлгөөний эрчим зэрэг шалтгаануудаас шууд хамаарсан өсөлт юм.
Баримт 8. Улсын хэмжээнд импортлогдож буй 540.0 мянга гаруй тонн шатахууны 60 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод борлогдож байгаагаас ихээхэн хэмжээний хортой бодис агаарт ялгардаг гэсэн тооцоо гарсан байдаг байна.
Баримт 9. Агаарын бохирдолд хувь нэмрээ оруулж буй бас нэг гол хүчин зүйлд 2000 гаруй нам даралтын уурын зуухууд ордог.
Баримт 10. Канадын Simon Fraser-ийн Их Сургуулийн Хүрээлэн буй орчин, эрүүл ахуйн зөвлөх профессор Райн Ален 2011 онд Улаанбаатарын утааг судалсан байна. Улаанбаатарын агаарын бохирдлоос болж ирээдүйд нийслэлийн хүн амын арван хүний нэг нь нас барж магадгүй гэсэн дүгнэлт гарч байсан юм.
Баримт 11. Тоос, хөө тортгийг шингээн цэвэрлэдэг ногоон байгууламжийн хэмжээ Улаанбаатар хотод нэг хүнд 3,2 метр квадрат ноогдож байгаа нь хотын стандарт хэмжээнээс 3-6 дахин бага байна.
Баримт 12. Улаанбаатар хотод жил бүр 600 мянган метр куб хуурай хог хаягдал гардаг бөгөөд тэдгээрийг ил задгай замбараагүй асгаж байгаа нь агаар, хөрс, усыг бохирдуулах нэг эх үүсвэр болдог.
Баримт 13. 65-аас дээш насны өндөр настан болон 5 хүртэлх насны хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн их өртөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд дэлхий даяар жилд 1,6 сая хүн агаарын бохирдлоос болж нас барж байгаагаас 800 мянга нь хүүхэд.
Баримт 14. Харин Монгол Улсад жилд 300 хүн агаарын бохирдол болон түүнээс үүдэлтэй өвчний улмаас нас барж байна гэх тооцоо бий. Үүний 240 нь 5 хүртэлх насны хүүхэд байдаг. Тиймээс статистикийн тооцоогоор Улаанбаатарт амьдарч байгаа 5 хүртэлх насны хүүхэд болон 65 хүртэлх насны хүмүүс хамгийн өртөмгий буюу бусдаасаа хоёр дахин эрсдэлтэй нь тогтоогдсон байна.
Баримт 15. Амьсгалын замаар орсон хийн 80-90 хувь амьсгалын замын салстад шингэдгээс ихэнх нь уушгинд шингэдэг. Тухайлбал нүүрстөрөгчийн дутуу исэл нь хүний амьсгалж буй агаартай хамт хүний биед орж, цусны гемоглобин гэсэн уурагтай нэгдээд төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Ингэснээр бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах, ухаан алдуулах зэрэг амь насанд аюултай бохирдуулагч юм.
Баримт 16. Азотын давхар исэл нь уушгины эд, амьсгалын замыг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Мөн гуурсан хоолойн багтраа болон бронхиттой хүний мэдрэгшлийг ихэсгэдэг.
Баримт 17. Хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо болон дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг.
Баримт 18. Хөө тортог, том, нарийн ширхэгтэй тоосонцор нь амьсгалын замыг бохирдуулахаас гадна уушгины архаг өвчин болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагч үүргийг гүйцэтгэдэг.
Баримт 19. Тоосонцрын хэмжээнээс хамаарч хүний амьсгалын замын эрхтнээр дамжин эрүүл мэндэд ихээхэн хор нөлөө үзүүлдэг ба тоосоонцор нь нарийн байх тутам амьсгалын замаар дамжин уушгинд очиж тэндээ үлддэг байна. Өвлийн улиралд агаарын бохирдол нь тоосны агууламжийн жилийн дундаж хэмжээг дээд цэгт нь хүртэл ихэсгэдэг.
Баримт 20. Хүний хамгийн их цагаа өнгөрүүлдэг газар бол мэдээж ажлын байр. Тэгвэл агаарын бохирдол ажлын байранд хамгийн их байдаг аж. Эрдэмтдийн судалснааражлын байранд агаарын бохирдол хотын утаанаас 4-6, хорт бодисын агууламж нь 8-10 дахин их байгааг тогтоожээ.
Баримт 21. Улаанбаатарт агаарын бохирдол хүлцэх түвшнээс хэдийнэ хальж, дэлхийн дунджаас даруй 5-6 дахин их байна.
Баримт 22. Монгол Улсын иргэд, тэр дундаа улаанбаатарчууд жилийн 365 хоногийн тэн хагаст утаан дунд амьдарч байна.
Баримт 23.Түүхий нүүрсний хэрэглээ, авто машины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг PM 2.5 буюу үл үзэгдэгч тоосонцрууд тортог, хүнд металлтай барьцалдан амьсгалын замын эрхтэнүүдээр дамжин хүний биед нэвтэрч, уушгийг гэмтээж, улмаар зүрхний цусан хангамжийн дутагдалд оруулж, амь насанд аюул учруулдаг. Бензопирин хэмээх хорт хавдар үүсгэгч бодис утаанд хүлцэх хэмжээнээс 14 дахин их байдгийг Хятадын эрдэмтэд тогтоожээ.
Баримт 24. Судлаачдын судалгаагаар уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь нь өвлийн улиралд, үүнээс 53 хувь нь агаарын бохирдолттой холбоотой өвчилжээ. Мөн өвөлд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их байгаа судалгаа гарчээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)