“Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас онцлох 24 "эшлэл"-ийг хүргэж байна.
Эшлэл 1. Манай улс зах зээлийн нийгэмд ороод 27 жил болж байгаа ч гэлээ зах зээлийн мөн чанараа бүрэн ойлгож чадаагүйтэй холбоотой л асуудлууд гарч байна.
Эшлэл 2. Том хөрөнгө оруулалт хийх мөнгийг гадаадын зах зээл дээрээс босгохын тулд офшор гэгддэг татварын тааламжтай бүсэд компани байгуулах хэрэгтэй болдог. Түүнээс биш гадагшаа хөрөнгө гаргаагүй.
Эшлэл 3. Өнөөдөр компаниудын бизнес өргөжин тэлэхийн хэрээр бүх зүйлийг хуулийн дагуу хийдэг болсон. Компанийн нэр хүнд гэдэг мөнгөнөөс илүү үнэ цэнтэй болсон. Тийм ч байх ёстой.
Эшлэл 4. Нийгэмд болж буй үйл явдлуудыг хараад байхад хэдэн улстөрчдөө л тойрч хэрэлдээд байх юм.
Эшлэл 5. Шинэ залуу үе өөр болсон байна. Нийгэмд өрнөж буй хэрүүлийг тоох ч үгүй байна. Тэдэнд юу хэрэгтэй вэ гэвэл гарааны бизнесээ эхлүүлье, ямар бизнес эрхэлбэл тохиромжтой вэ, хөрөнгө оруулалт яаж татдаг вэ зэрэг л чухал болчихож.
Эшлэл 6. Ер нь тэгээд төрийнхөө төлөө зүтгэж байгаа хүмүүст заавал хар толбо байх ёстой гээд харлуулах гээд улайраад байх ямар шаардлагатай юм. Одоо энэ Монголд чинь хар толбогүй хүн үлдэж байгаа юм уу, мэдэхгүй.
Эшлэл 7. Өнгөрсөн онд манай групп нийт 175 орчим тэрбум төгрөгийн татвар төлсөн энэ онд гуравдугаар улирлын байдлаар 104 тэрбум төгрөг төлжээ. Харьцуулахад ирэх онд хүүхдийн мөнгөнд 164 тэрбум төгрөг зарцуулах төсөв батлагдсан байна билээ. Тэгэхээр Монгол Улсын хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг өгөх хэмжээний мөнгийг татварт төлж байна гэсэн үг.
Эшлэл 8. 2004 онд “Петро Матад” компанийг байгуулан, 2006 онд Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж улмаар Лондонгийн хөрөнгийн биржид хувьцааг нь гаргасан. Ингэхийн тулд өнөөх л офшор гэх бүсэд бүртгүүлж нийт 84 сая ам.долларын хөрөнгө босгож Монголдоо оруулжээ.
Эшлэл 9. “Петро Матад” 153 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг газрын тосны хайгуулд зарцуулаад байгаа ч одоогоор олборлолт хийж ашиг олох бүү хэл олборлож болохуйц нөөц илрүүллээ гэж хэлэхэд эрт байна.
Эшлэл 10. Ямар ч орлогогүй мөртлөө татвар, төлбөр, хураамжаар нийт 14.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байгаа. Хайгуул хийхэд улсаас нэг ч төгрөг зарцуулахгүй. Хэрэв нефтээ олчихвол Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 60 хувийг авна.
Эшлэл 11. Миний офшор данс гэдгээр шалтаглаж манай компаниас бензин авахгүй байхыг уриалсан мэдээллийг манай нэг өрсөлдөгчийн зүгээс эхэлж гаргасан.
Эшлэл 12. Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгийг би улс төрийн л явуулга байна даа гэж харсан.
Эшлэл 13. “Panama papers-т дурдагсан “Мүүн энд ланд” нэртэй компанийг би Ч.Даваанямтай хамтарч байгуулж байсан юм. Гэхдээ тэр компаниар ямар ч үйл ажиллагаа явуулалгүй, ямар ч санхүүгийн гүйлгээ хийлгүй байж байгаад 2014 онд буцаагаад хаачихсан.
Эшлэл 14. “Бату майнинг”-ийн хувьцаанаас би 10 мянган ам.долларт худалдаж авч байсан. “Бату майнинг” бол Монголд бүртгэлтэй, хэд хэдэн лиценз эзэмшдэг компани байсан. Харин толгой компани нь офшорт байсан юм билээ. Бид тэдний хувьцааг худалдаж аваад удалгүй буцаагаад зарчихсан.
Эшлэл 15. “Энержи ресурс”-ийг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарахаас өмнө буюу төслөө танилцуулах гээд явж байх үед нь хөрөнгө оруулалт хийж хувьцааг нь худалдаж авсан. Улмаар улсын төсвөөр хайгуул хийсний төлбөрийг нь төлсөн. “Энержи ресурс” хувьцаагаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргасны дараа сайн боловсруулсан, ач холбогдолтой төсөл учир хөрөнгө оруулагчид итгэж хувьцааны үнэ өсөж эхэлсэн. Тэр үед манай компани эзэмшиж байсан хувьцаагаа зарсан. Авсан хувьцаагаа зарах нь хууль бус үйлдэл биш жирийн л нэг бизнесийн ажиллагаа шүү дээ.
Эшлэл 16. Одоо биднийг хувьцаагаа өндөр үнээр зараад баяжсан л гээд байна. Гэтэл хувьцаанд хөрөнгө оруулалт хийгээд алдах, олох бол энгийн ажил биз дээ. Нөгөө талд бид газрын тосны хайгуул дээр бид 85 гаруй сая ам.доллар оруулж ирээд ямар ч ашиггүй сууж байна. Үүнийг яагаад хэн ч ярихгүй байна вэ.
Эшлэл 17. Би бол нийтийн албан тушаалтан эсвэл улс төрч биш учир одоо ч офшорыг хориглосон хуульд хамаарахгүй.
Эшлэл 18. Манай офшорт байгуулсан компаниудаар дамжиж Монголд хөрөнгө оруулалт л орж ирж байснаас гарч байгаагүй.
Эшлэл 19. Улс төрчид газар доорх баялаг бол ард түмний өмч байх ёстой гэж амны уншлага болтлоо ярьж байна. Иргэдэд өгсөн 1,072 ширхэг хувьцаа хаачсан юм бэ. Тэр хувьцааг нь яагаад хөрөнгийн бирж дээр бүртгэхгүй байна вэ. Хөрөнгийн зах зээл хөгжиж байж ард түмэн баялгынхаа үр шимээс хүртэх боломж нээгдэх юм бишүү.
Эшлэл 20. Ардчилал гэдэг бол хуулийн дор амьдарч, хуулиа дагахыг хэлэх байх. Хууль зөрчөөгүй байхад шүүх, прокурор шиг телевизийн дэлгэцийг ашиглаад хүнийг яллах нь зөв юм уу, шударга юм уу.
Эшлэл 21. Ч.Давааням бол манай компанийн хувьцаа эзэмшигч. С.Баяртай холбоод байхаар нь мөнгөө оруулж ирсэн юм шиг байна лээ. Түүнээс биш энэ хүн офшорын эсрэг хуультай холбогдох ч хүн биш.
Эшлэл 22. Хүн үнэнээ хэлэхээр нийгэм итгэдэггүй юм байна. Худлаа зүйлээр сенсааци дэгдээвэл таалагддаг бололтой. Хоёр өөр зүйлийг хооронд нь хольж хутгаад ойлголтгүй хүмүүсийг бужигнуулаад байх хэрэггүй. Санхүүгийн зах зээлийн тухай зөв ойлголтыг олон нийтэд өгөх талар манай бизнесийнхэн ч санаачлагатай ажилламаар юм байна.
Эшлэл 23. Өнөөдөр бүх улстөрч хулгайч болчихлоо. Бизнес эрхлэгчдээ луйварчин гэж байна. Үлгэр дууриал авах нэг ч хүнгүй болголоо.
Эшлэл 24. Би залуу үеээ хараад манай нийгэм бүхэлдээ ийм бүрхэг биш юм байна гэж ойлгосон. Монголын ирээдүй гэрэлтэй сайхан байна гэдэгт итгэж байгаа.
Сэтгэгдэл (68)