Баримт 1.
Батын Хурц. 1969 онд Улаанбаатар хотод төрсөн. 50 настай. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.
Баримт 2.
1990 онд ОХУ-ын Эрхүү хотын Барилгын техникум, 1992 онд Удирдлагын хөгжлийн институт, 1999 онд ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистик ба информатикийн дээд сургууль, 2000 онд ОХУ-ын Сөрөх тагнуулын академид тус тус суралцан төгссөн.
Баримт 3.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар зарлигаар хошууч генерал цолоор шагнуулсан. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны одон, бусад медалиудаар шагнагдсан. Төрийн удирдлага, эрх зүйн магистр. Орос хэлтэй.
Баримт 4.
1992-2000 онд Торгоны зам ХХК-нд менежер. Москва хот дахь төлөөлөгч. 2000-2002 онд Тагнуулын Ерөнхий газарт ажилтан, 2004-2005 онд ТЕГ-ын хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан.
Баримт 5.
2002-2003 онд Монгол Улсаас Унгар улсад суух ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад cyyх ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2006-2009 онд МИАТ ХК-ийн Сөүл дэх салбарт Ерөнхий төлөөлөгч, 2009-2011 онд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд Албаны дарга, 2011-2014 онд Авлигатай тэмцэх газрын дэд дарга, 2014 оноос Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан.
Баримт 6.
Өөрөөр хэлбэл, төрийн албанд 19 жил, дипломат албанд 2 жил ажилласан туршлагатай.
Баримт 7.
Тэрбээр 2010 оны 11 дүгээр сараас 2011 оны 9 дүгээр сар хүртэл ИБУИНВУ болон ХБНГУ-д саатуулагдаж суллагдсан нэгэн. Франц, Англи, Герман зэрэг гурван улсын хил дамнуулан Дамирангийн Энхбатыг хулгайлсан хэрэгт холбогдсон байдаг. Б.Хурц тухайн үед Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын албан тушаалыг хашиж байсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор Германы шоронд 10 гаруй сар хоригдож суллагдаж байсан түүхтэй.
Баримт 8.
Хууль хүчний байгууллагын алба хаагч дундаас Б.Хурц хамгийн чинээлэг нь. Тэрбээр 2016 онд өөрийн орлого нь 36.2 сая, гэр бүийнх нь орлого 17.9 сая төгрөг бол 5 тэрбум 555 сая төгрөгийн 3 орон сууц, 2 үйлчилгээний байгууламж, 150 сая төгрөгийн үнэтэй автомашин, 60 сая төгрөгийн үнэтэй 120 үнээ, 56 сая төгрөгийн үнэ бүхий 33 га газартай, 53.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, карт дансны үлдэгдэл нь 153 сая төгрөгтэй. Бусдаас 99.5 сая төгрийн зээлтэй, Сарнайх ХХК, Гранд степп ХХК, Гранд степп ХХК, Грийн вижитал ХХК, Пекасо ХХК-иас 30-100 хувийн хувьцаа эзэмшдэг гэж АТГ-д мэдүүлжээ.
Баримт 9.
Б.Хурц 2009-2011 онд ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа хөрөнгө орлогоо нуун дарагдуулж автомашин болон компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй учир АТГ-т шалгагдаж чамгүй асуудал үүсгэж байжээ.
Баримт 10.
Гэтэл түүнээс өмнө нь Б.Хурцыг АТГ-т шалгуулж байсан гэх мэдээлэл байдаг. Тэрбээр 2006 онд Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа МИАТ-ын гүйцэтгэх захирал асан Р.Бат-Эрдэнэтэй хамтран хэрэг мандаасан гэдэг. Энэ асуудал нь тухайн үед мөн л АТГ-т очиж шалгуулж байсан аж.
Баримт 11.
2006 онд бас нэгэн хэрэг тарьсан нь зодоон цохион. Тэрбээр өөрийн амьдардаг Сарнайх хорооллын хамгаалагчийг зодож танхайрсан учраас цагдаад дуудагдаж асуудал болж байжээ. Гэсэн ч хэсэг хугацааны дараа эл хэрэг нь тодорхой бусаар чимээ намжиж, хэрэгсэхгүй болгосноор зодооны асуудал цэглэгджээ.
Баримт 12.
2007 онд бас нэгэн хэрэг тарьсан нь газрын наймаа байв. Тодруулбал 15 дугаар хороолол дахь талбайг хятадын цагаач иргэдтэй нийлж 5 сая ам.доллараар гэдэг. Энэ газар нь хуучин оросуудын эзэмшил байсан бөгөөд сүүлд МҮЭ-ийн мэдэлд очсон байжээ.
Баримт 13.
Мөн тэрбээр ТЕГ-ын сөрөх тагнуулын газрын дарга байхдаа гүйцэтгэх ажиллагаагаар хураасан 50 сая төгрөгийг хууль бусаар завшсан гэх асуудалд орж байв. Тиймээс түүнд эрүүгийн 20643133 тоот хавтаст хэрэг нээн шалгаж байсан бөгөөд 2006 онд өршөөлийн хуульд хамрагдсанаар эл хэрэг нь цагаадаж байсан аж.
Баримт 14.
Би Ж.Батзанданг дарваганаад байгаарай, ална шүү гэж хэлсэн, энэ бол үнэн. Харин Ж.Батзандан өөрөө намайг ална гэснээ яагаад хэлэхгүй юм бэ. Энэ бол эр хүмүүсийн хооронд болсон л хэрүүл.
Баримт 15.
Л.Болд гишүүнийг та Хойд Солонгостой онгоцны моторын наймаа хийсэн тул тус улсаас нэхсэн 300 мянган ам.долларыг өөрөө төлөөрэй гэсэн. Харин Ц.Нямдорж сайд “Тийм бичиг ирээгүй” гэсэн. Тэр бичиг хаана байна? Бичиг нь тэндэхийн прокуророос ирсэн гэсэн. Бас хоёр хүн Л.Болдоос болж Хойд Солонгост цаазлуулсан гэсэн. Б.Хурц: Л.Болдын холбогдсон хэрэг 2013 оных. Намайг АТГ-т ажиллаж байхад Хойд Солонгосын хүмүүс ирж уулзаад Л.Болдоос 300 мянган ам.доллар авч өг гэсэн. Дашдэлэг генерал ч гэсэн 300 мянган ам.долларыг Л.Болд авсан гэж хэлсэн. Гэвч прокурорын шатандаа Л.Болдтой холбоотой хэрэг хэрэгсэхгүй болж замхарсан. Хойд Солонгосын Ерөнхий прокурорын газраас өгсөн тэр бичгийг би энэ оны зургадугаар сард АТГ-т өгсөн. Л.Болд бол өөрөөс нь болж хоёр хүн цаазлуулсан тухай ярихад "Хойд Солонгост өчнөөн л хүн цаазлуулдаг шүү дээ" гэж байна лээ” гэж ярилцлаг өгч байв.
Баримт 16.
Б.Хурц: Би хэнийг ч дарамтлаагүй. Хэрэв дарамтлуулсан хүмүүс байвал гараад ир. Энэ ардчилсан нийгэмд маньд дарамтлуулах гишүүн байх уу.
Баримт 17.
Б.Хурц: Би Лондонд 10 сар гаран болоод Германд хоёр сар шахуу болсон. Германы шүүхээс яг жилийн дараа суллагдсан. Тэнд болсон шүүх хурлаар миний гэм буруутай эсэхийг шийдээгүй. Энэ хүнийг Германд шилжүүлж өгнө, өгөхгүй гэдэг л шүүх хурал. Лондонд баривчилсан нь хууль ёсных уу, хууль бус уу гэж. Тэгээд Германд шилжүүлээд манай өмгөөлөгч ажилласан. Миний араас санаа зовж байсан Монгол Улсын Засгийн газар, Гадаад хэргийн яамныхан, манай эндэх газрынханд би баярлаж талархаж явдаг. Би буруугүй гэдгээ мэдэж байсан. Нэг л мэдэхэд Улаанбаатарт буусан даа. Ерөнхийлөгч Нью-Иоркоос, би Германаас ирж таарсан. Тэгээд намайг АТГ-ын дэд даргаар санал оруулж, УИХ томилсон.
Баримт 18.
Б.Хурц: Миний шунал хязгаартай. Би өөрөө бизнес хийж байсан хүн. Өөрөөр хэлбэл, миний хөрөнгө бол Батын Хурцын хувийн юм биш, манай эхнэрийнх. Манай эхнэр Ардын зураач Ядамсүрэнгийн ганц хүү Үржнээ гэдэг зураачийн охин. Энэ хүний өвлөж ирсэн юм их. Занабазар хийцийн бурхад, алт мөнгөн зоос, зээгт наамал, уран зураг, Хүрэл зэвсгийн үеийн эд өлгийн зүйлс Ядамсүрэнгийн гэр музейд бий. Аав бид хоёр Солонгосын хоёр хотоор үзэсгэлэн гаргаж байсан.
Баримт 19.
Би Улаанбаатарт анхны вакум цонхны үйлдвэр ажиллуулж байлаа. Дараа нь барилгын компанитай байлаа. Төрийн ордонын ард талын Хүрээ төвийг, Орос элчин, Англи элчингийн хажуу талын барилгыг бий барьсан. Сөүл группийн Өнөрөө мэднэ, би Сарнайхын хажуу талд ч барилга барьсан.
Баримт 20.
Эрүүдэн шүүсэн хэрэгт нэр холбогдсныхоо дараа Урьдчилсан хорих 461 дүгээр ангид хоригдсон юм. Тэнд саатуулагдах хугацаандаа ТЕГ-ын даргын зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхгүй гэж гүрийсэн. Учир нь түүний амнаас унах үг, өгүүлбэр бүхэн төрийн нууцтай холбоотой. Нөгөөтэйгүүр, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдох хэргийн материалаас 70 гаруй хуудас нь төрийн нууцад хамаардаг учраас тэр биз ээ.
Баримт 21.
Энэ сарын 20-нд түүний хүү нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын охинтой гэрлэсэн. Хурим найраа хийсэн залуусын хувьд арван жилийн сургуульд байхаасаа үерхэж эхэлсэн бөгөөд өдгөө нэг хүүхдийн ээж, аав болсон гэх мэдээлэл бий.
Баримт 22.
Б.Хурц болон Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн иргэнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 23-нд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Шүүх хуралд эрүүдэн шүүсэн хэрэгт гар бие оролцсон ялтан Ц.Амгаланбаатарыг оролцуулах санал гаргасан. Энэ дагуу ялтан Ц.Амгаланбаатарыг оролцуулсан боловч шүүгдэгч нарын нэг нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзснаар шүүх хурал ирэх сарын 12-ныг хүртэл хойшилсон юм.
Баримт 23.
Шүүх хурал завсарлах үеэр түүнээс “Та эрүүдэн шүүх тушаал өгсөн юм уу” гэж асуухад “Би тийм тушаал өгөөгүй. Шүүх хурал дуусаагүй байна” гэж хариулсан.
Баримт 24.
Б.Хурцыг хамт ажиллагсдадаа “хаялагтай” нэгэн гэж салбарынхан нь үнэлдэг юм байна. Үүнийг нь ч гэрчлэх мэт “Дайны шугмаас цэргээ орхидог дарга байдаггүй шиг би ч гэсэн хамтран зүтгэгчидээ орхидог генерал биш. Үнэн мөнийг олтол хамт зүтгэнэ” хэмээн хэлсэн удаатай.
Сэтгэгдэл (149)