Баримт 1.
Найдангийн Түвшинбаяр нь 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төржээ.
Баримт 2.
Н.Түвшинбаяр эхээс мэндлэхдээ 5,5 кг жинтэй төрж анхнаасаа биерхүү нэгэн байсан нь түүнийг ойр тойрны хүмүүс, нутгийнхан нь бөх болно хэмээн өхөөрдөж, бэлэгшээж байсан гэдэг.
Баримт 3.
Эхээс долуулаа. Дөрвөн ах, хоёр эгчтэй. Айлын отгон хүү бөгөөд ихэр эгч, ихэр ахтай юм байна.
Баримт 4.
Долоон настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн тэрбээр гуравдугаар ангиасаа эхлээд гэрээсээ сумын сургууль хүртлээ 30 гаруй км зайтай газар дугуйгаар явдаг байсан нь ирээдүйн аваргын бэлтгэл болж байжээ.
Баримт 5.
Н.Түвшинбаяр нь Булган аймгийн Эрдмийн Өргөө цогцолбор 2 дугаар сургуулийг 2002 онд, "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг 2006 онд багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.
Баримт 6.
Тэрбээр нутагтаа н.Эрдэнэ-Очир багшийн удирдлага дор барилдаж байсан байна.
Баримт 7.
Нийслэлд ирээд Х.Болдбаатар, Ч.Насантогтох нарын шавь болж, олон улсын тэмцээнд 100 кг-ийн жинд барилдаж эхэлжээ.
Баримт 8.
Н.Түвшинбаяр 2002 онд өсвөр /16 нас/-ны бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэр /17-18 нас/-ны бөхийн УАШТ-ээс хүрэл медаль зүүж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болж байжээ.
Баримт 9.
"Аварга" биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдогоор хичээллэж эхэлсэн тэрбээр 2006 оноос Монгол Улсын Жүдогийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж олон улсын шинж чанартай оролцож иржээ.
Баримт 10.
Тэрбээр 2008 онд олимпийн XXIX наадамд Монгол Улсаа төлөөлөн барилдаж анхны олимпийн алтан медалийг эх орондоо авч ирсэн бол Лондон 2012 олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ.
Баримт 11.
2008 оны олимпийн дараа өгсөн ярилцлагадаа “Нутаг ус аав, ээж нүдэнд харагдаад, хөдөө хээр төрсөндөө бахархан өөрийн эрхгүй ямар сайхан байнаа гээд л хашгирмаар байсан шүү. Миний Монгол орон, төрийн дуулал ямар сайхан юм бэ гэж бодсон. Мөн манай төрийн далбаа хамгийн өнгөлөг санагдсан даа” гэсэн байдаг.
Баримт 12.
Түүнчлэн 2008 оны Бээжингийн олимпийн алтан медаль хүртсэний дараа шагнал гардуулахын өмнө “Жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга намайг тэврээд уйлсан. Хүн хүнийхээ төлөө баярлахын эрхэм дээд илэрхийлэл тэр шүү дээ” хэмээн Хөдөлмөрийн баатар маань дурсдаг.
Баримт 13.
Түүнийг алтан медаль хүртсэнийх нь орой Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавъяат тамирчин цол гардуулсан юм.
Баримт 14.
2012 онд Олимпийн хос медальтан болсны дараагаар “Могой тасравч гүрвэлийн дайтай” гэгчээр “Монгол доголсон ч Солонгосын дайтай” гэсэн үг гарч байв.
Баримт 15.
Н.Түвшинбаяр Унгарын нийслэл Будапеш хотод болсон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс жин өгсөж барилдан +100 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэнээр олимп, дэлхийн хос медальтан болсон байдаг.
Баримт 16.
Н.Түвшинбаяр Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэний дараа “Өөрийн хүсч мөрөөдөж байсан медалиа магадгүй сүүлийн Дэлхийн аваргаасаа хүртлээ” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ.
Баримт 17.
2013 оны Ардын хувьсгалын 92 жилийн ойн улсын их баяр, наадамд Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяраар 6 давж Улсын харцага цол хүртсэн. Улмаар 2017 оны Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын их баяр, наадамд улсын харцага цолны болзлыг хангасан Оргихын Хангайгаар 7 даван шөвгийн дөрөвт үлдэж, Улсын заан болжээ. Мөн 2006 болон 2012 онуудад улсын наадамд дөрөв давж байв.
Баримт 18.
Тэрбээр 2009-2013 онд Олон улсын жүдо бөхийн холбоонд Олон улсын жүдо бөхийн тамирчдын зөвлөлийн жинхэнэ гишүүн, 2015 онд Гадаад харилцааны яамны урилгаар Монгол Улсын Соёлын элч, 2010 оноос одоог хүртэл Хүмүүнлэгийн Түвшин санг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгчөөр ажилладаг.
Баримт 19.
Олимпийн анхны алтан медалийг хүртсэн түүнийг 2008 оны 7 дугаар сарын 01-ний “хар” өдрийн иргэдийн үймээн, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн үзэж Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тэргүүн дээд “Чингис хаан” одонг хүртээсэн байдаг.
Баримт 20.
“Чингис хаан” одон хүртэх болсон талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголынхоо нийт ард түмэнд өвлийн тэргүүн сарын мэндийг айлтгая. Шагналд баярладаггүй хүн байдаггүй болов уу. Мэдээж би их баяртай байна. Үүний зэрэгцээ төрийн өндөр дээд шагналыг хүртэнэ гэдэг маш өндөр хариуцлага байдаг учраас бас эмээж байна. Энэ их хариуцлага, итгэл найдварыг дааж явах үүрэг надад оногдлоо. Ард түмнийхээ хайр хишиг, ивээлийг дааж явна гэдэг өөрөө маш чухал зүйл” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцжээ.
Баримт 21.
Тэрбээр УИХ-ын сонгуулийн 8 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж, МАН-ын нэр дэвшигч М.Билэгттэй өрсөлдсөн ч ойролцоо саналын тоогоор ялагдал хүлээж байв.
Баримт 22.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын заан Н.Түвшинбаяр 2006 оноос хойш 11 жилийн хугацаанд олимп, тив, дэлхийн тэмцээнээс 27 алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Баримт 23.
Түүний хувьд "Бид заримдаа монгол хүн гэж хэн бэ, ямар учиртай энэ нутагт төрөв, ямар үүрэгтэй ирэв гэдгээ боддоггүй, мэддэггүй байж болох. Тэгвэл монгол хүн монгол эх орондоо, төрийн сүлдэндээ залбирдаг байх хэрэгтэй. Төр улс нь түвшин байж айл гэрийн амьдрал бат бэх байна. Биднийг хүүхэд байхад аав маань өглөө босоод “Төрийн сүлд минь өршөө” гэж хэлдэг байсан" хуучилсан байдаг.
Баримт 24.
Нэгэнтээ тэрбээр "Монгол хүнд бахархах зүйл олон бий. Мэдээж монгол хүн болж төрснөөрөө, ижий ааваараа, хань ижлээрээ, ойр дотнын хүмүүсээрээ бахархана. Дээр нь миний дотроо бодож явдаг, гадаад оронд очиж тэмцээн уралдаанд оролцож явахдаа хамгийн их бахархдаг зүйл бол монгол ахуй. Би монгол ахуй, малчин айлын гэрт төрснөөрөө бахархдаг. Энд олон зүйл бий л дээ. XIII зуунд Чингис хаан Монголын Эзэнт гүрнийг байгуулж чадсан. Энэ том гүрэн дэлхий дээр хамгийн зөв орших соёл нь нүүдэлчин соёл гэдгийг олж харсан юм уу гэж би боддог. Өнөөдөр спортоор хичээллэхэд, амжилт олоход гол түлхэц болсон зүйл бол хөдөлмөр. Малчин айлын хүүхэд мэдээ орсон цагаасаа хурга, тугалтай хөөцөлдөж, өсөх насандаа адуу малын тоосонд өсдөг. Малчны амьдрал хүний бие махбодыг хөгжүүлж байдаг. Дээр нь цэвэр агаарт экологийн цэвэр бүтээгдэхүүн идэж, ууж өсдөг. Үүгээрээ их бахархдаг" хэмээн ярьж байжээ.
Сэтгэгдэл (23)