Урнаа намрын сэрүүн татсан сайхан агаараар цээж дүүрэн амьсгалаад “Дэнжийн” хэмээх тодотголтой гэр хороолол руу алхаж явна. Хориод жилийн өмнө энэ замаар цаашаа наашаа мөн ч их явсандаа. Дэнжийн айлууд элсний нүүдлээс дайжиж нүүцгээгээд хамгийн урд шахуу байсан гудамж арынх нь болжээ. Айлууд нь энэ тэндээс өм цөм нүүцгээж нэг гудамжинд ганц хоёр айл үлдсэн харагдана. Урнаа хэзээний танил хашааныхаа дэргэд очоод явган хаалган дээгүүр нь өнгийн жижиг цагаан байшинг харлаа. Хаалга нь цоожтой. Тэрээр гараа явуулан сурмаг гэгч нь түгжээг мулталлаа. Бүх юм бүгд л хуучин янзаараа. . Хориод жилийн өмнө Урнаагийн тарьсан мод өндөр ургажээ. Энэ модныхоо сүүдэрт суугаад гэр бүлээрээ цайлна гэж тэрээр хичнээн их мөрөөдддөг байлаа. Одоо модод өндөр саглагар болон ургажээ . Модны навчис салхинд сэрчигнэн хийсэж ганц хоёр навч тэртэй тэргүй цаг болсон гэсэн мэт эргэлдэн унана . Урнаад зориулж Алтаншагайгийн хийж өгсөн сүүдрэвч байсан газартаа. Өнгөө нэг их алдаагүйг бодоход саяхан будаж янзалсан бололтой. Урнаа сүүдрэвчин дор очиж суулаа. Нэг л сайхан дотно мэдрэмж төрнө.
Европын гял цал болсон том том хотуудад амьдарч байхдаа ертөнцийн хязгаар гэмээр энэ жижиг буйдхан суурин , жижиг ёотон шиг цагаан байшин, навч нь сэрчигнэсэн модод, энэ л жижигхэн сүүдрэвчийг зүүдлээгүй гэж үү.
Тиймээ Урнаа хориод жилийн өмнө гэв гэнэтхэн том шийдвэрийг хэнтэй ч зөвлөлгүй гаргаад , хэнд ч хэлэлгүй алсыг зорьж билээ. Хэн ч үл мэдэх монголын захын жижиг суурингааас ирсэн тэрээр Европын өндөр соёлтой олон орнуудад сурч, ажиллаж. амьдарч байхдаа өөрийн эрхгүй өөрөөрөө бахархаж байгаагүй гэж үү . Зөв шийдвэр гаргасан эсэхдээ эхэндээ эргэлзэж л байсан харин сүүлдээ өөрийнхөө зөв гөдөгт улам бүр бат итгэх болсон.
Энэ эрээлж будсан сүүдрэвчинд Шагайтайгаа, хүүтэйгээ гурвуулаа халуун өдрүүдээр цайлж суудагсан. Шагай дагавар хүүхэдтэй хэн болох нь үл мэдэгдэх хүүхний юунд нь болж итгэсэн юм. Тэр гурав хирээрээ жаргалтай сайхан амьдарч байждээ.
Угийн бие муутай хүү нь байнга өвдөж зовооно. Урнаа хүүгээ аймгийн төв дээр алдчихаад дахиж тэр сууринд эргэж очоогүй билээ. Гэнэтхэн л яваад өгсөн.
Одоо бодоход цалингаас цалингийн хооронд амьдарч , содоор хөөлгөсөн тосгүй гамбираа борцтой шөлөндөө дүрж идээд, энэ л жаахан сэрүүвчиндээ гурвуулаа суун хооллож, юунд ч санаа зоволгүй амьдарч байсан үе нь хамгийн жаргалтай үе ч юм шиг санагдана.
Хэрэв ээ би алс хол яваагүй бол Шагайтай адилхан хөлс гоожсон шар хүүхдүүдээ тойруулж суулгаад нөгөө гамбираа хийгээд л сууж байх байсан даа гэж бодоод өөрийн эрхгүй санаа алдлаа. Тэнгэр хов хоосон ядаж үүл ч алга. Сэрүүн сайхан салхи сэнгэнэн модны навчсыг сэрчигнүүлэхээсн өөр чимээ алга. Урнаа өөрийн нэрийн хуудсыг сэрүүвчны ширээн дээр томоохон чулуугаар даран орхилоо.
Тэгээд хашааны явган хаалгаа түгжээд суурингийн клуб руу яаран алхалаа. Хэдхэн минутын дараа тэнд сумын сургуульд компьтер бэлэглэх ажиллагаа эхлэнэ. Урнаа энэ ажиллагааг дуусаж суурингаас гаран гартал утсаа гараасаа салгасангүй. Харамсалтай нь хэн ч утасдсангүй. Бодвол Шагай хөдөө тариа бригад руугаа явсан биздээ гэж бодсон ч сэтгэл нь тайвширсангүй. Тэднийг суурингийн өмнөх толгой дээр гарахад нар шингэж байлаа. Толгой дээрээс харахад урт гэгчийн зам түүний өмнө зурайна. Тэдний сууж явсан машин хөдөлж толгой руу уруудлаа. Урнаа гэнэтхэн чангаар цурхиран уйллаа.
Цагаан шувуу