Харин одоо би зүгээр л бодож байна. Үнэндээ бол энэ танд огтхон ч хамаагүй. Угтаа бол. Гэвч яах вэ? одоо бол би өөрөө өөртэйгөө л хамт бодож байна. Болж л байна. Болохгүй ч юу байхав. Ядаж энд би хүссэнээрээ хашгирч, галзуурч, солиорсон ч болно! Мэдээж одоо огт өөр зүйл бичнэ.
"Эмэгтэй хүн гэж хачин аймшигтай үйлийн үртэй улс юм" гэсэн бодол дандаа л оюун санааг минь зүсэх болов. Эсвэл зүсдэг болов. Бид чинь, би чинь хэн билээ? дээ.
"Эр хүнээс ялгаатай нь, эмэгтэй хүнд ариун “сав” гэж зүйл бий. Хамгийн нандин байх ёстой. Учир нь энд “маргааш” бүрэлддэг тул эмэгтэй хүн л ариун байх ёстой" гэж би бат итгэсэн хүн.
"Эр хүнээс ялгаатай нь, эмэгтэй хүнд ариун “сав” гэж зүйл бий. Хамгийн нандин байх ёстой. Учир нь энд “маргааш” бүрэлддэг тул эмэгтэй хүн л ариун байх ёстой" гэж би бат итгэсэн хүн. Угаас итгэсээр ч байх болно. Эмэгтэй хүн. /Энэ бяцхан охидыг хараал идээсэй. Мэс хүргээд л үрээ алчих юм аа!/
Эр хүний нулимс мөн эмэгтэй хүнд буй. Тэр нулимсыг хадгалах гэдэг бол бүсгүй хүний тавилан, аль эсхүл хэзээ ч юм хийсэн үйлийн үр юм. Харин угтаа бол эмэгтэй хүнд эр хүнээс өөр эзэн гэж үгүй, эзлэгч гэж үгүй, хоригдол ч гэж бас үгүй гэж бодон суутал "Бурханы галбир хорин настай эмэгтэйд л байдаг" хэмээн хэлсэн эх хүний үг санаанд оров. Тийм ээ хорин настай бүсгүйд л бурханы галбир буй....
Эр хүний зовлон, нулимс, зориг, хүч чадал бүрийг эмэгтэй хүн өөртөө хадгалдаг. Зүгээр ч нэг хадгалах биш өөрөө шаналж хадгалдаг. Шархалж хадгалдаг. Үхэж хадгалдаг. Үхээд, үхтлээ амьдрах гэж нулимсаа арчин, арчин хадгалдаг.
Хэн нэгний хувьд хүршгүй оргил дахь ганц ширхэг эрдэнэ боловч, өөр хэн нэгэнд өөрийгөө жирийн л нэг хямдхан гоёл болгоод, зангиан дээр нь зүүлттэй явж чадах зориг эмэгтэй хүнд л байдаг. Бүсгүй хүн л ямар нэг зүйлийг туйлд нь хүртэл мөрөөдөж, өөрөө өөрийгөө хэн ч биш болтол нь үнэгүйдүүлж чаддаг нэг ёсны “аймаар” улс юм.
Бүсгүй хүн бол өөрийгөө үгүй хийж чадагч, амиа хорлогч л юм гэж хэлж болно. Харин энэ бүхэн нь эр хүний төлөө байдаг, аль эсхүл эр хүний удмыг залгагчийн л төлөө байдаг. Бүх л насаараа эмэгтэй хүн эр хүний төлөө л амьдардаг. Эр хүнийг магтмуу гэж нэг тийм санаа алдаад хэлэх шиг оюун санаандаа түр амьсгаагаа дарав.
Тэгэхээр яг үнэндээ бол эр хүний төлөө л шатаж, унтарч тэгээд үнс болтлоо амьдрахаас өөр арга, аз жаргал, зовлон, нулимс гэж бидэнд үгүй. Яасан харгис, ямар энэрэнгүй ертөнц вэ! гэж хэлээд л би, дэвтэрээ хаалаа. Цаашаа би юугаа ч бодох вэ?
Э.Бүжинлхам
Намрын мартагсад номоос