Би ээжийгээ хачин их зовоож бараг үзэн ядаж өссөн тэнэг хүн дээ. Миний энэ үзэн ядалтыг миний аав бүр дэврэээж хурцалж байсан гэхэд болно доо. Ээжийнхээ хэлсэн үг бүрт адарч бараг чи надад ийм үг хэлэх болоогүй гэх шахам юм хэлнэ. Жаахан дургүй хүргэвэл ангийнхаа хүүхдүүдийнхээр очоод хэвтэчихнэ. Аав минь биднээс тусдаа амьдардаг ч баяр бүрээр бидэнд тор дүүрэн юмтай ирнэ тэхдээ албатай юм шиг голцуу халамцуу айлчилна. Тэгээд л нөгөө улигт хэрүүлээ эхлэнэ дээ. Чи хэрвээ олигтой байсан бол энэ хэдэн хүүхдийн хувь заяа ингэж эргэхгүй байсан юм. Чи л янз бүрийн хүн амьтантай явалдаж байж ийм боллоо. Чиний бөгс бөөрнөөс л болоод энэ гэрийн хувь заяа ийм болсон энэ тэр гээд ээжийг минь бахаа ханатал доромжилж элдэвлэж байгаад явна. Харин ээж минь ганц ч үг хэлэхгүй дуугүй л сууна. Нэг удаа аавыг улигт хэрүүлээ эхлэх үед ах маань уурлаж авчирсан чихэр боовыг нь шалаар нэг тараагаад хаячихаж билээ.. Том ах маань тэр үед биднийг бодвол ухаан сууж эхэлсэн нь тэр байхдаа. Аав ч дахиж энэ талаар дуугаргахгүй болсон юм даг. Харин энэ үед ээж минь аавыгаа яахавнав дээ хэмээн өмөөрөнгүй дуугарахад нь доромжлуулж байхдаа таарсан ёстой усан тэнэг гэж би бодож байж билээ.
Ингэж тэнэгтэж , дэлүүрч тэнэж яваад 10 ангид ордог жилээ жирэмсэн боллоо. Яах учраа олохгүй дотроо шаналж явтал ээж минь мэдчихдэг юм байна. Танд хамаагүй би эндээс чинь зайлаад өгнө гээд л цамнаж гарлаа би. Эцэг нь хэн вэ гэж асууна даа гэхээс айж солиорч байгаа нь тэр. Ер нь ч тэгээд үеийнхнийхээ царайг би яаж харах билээ гэхээс яс минь хавтайж байлаа. Ээж минь харин намайг аргадаж хүүхдээ битгий авхуул сургууль соёлоо дараа боль,чи залуу байна гээд аргадаж гарлаа. Чи тэгэж байна уу гэсэн шиг би тэнэгтээд эмнэлэгт очоод үр хөндүүлчихэж билээ. Ёстой үхэх шахсан даа. Үүний дараа ээж минь л намайг асарсан даа.
Би сургуулиа төгсөөд Эрдэнэтдээ үлдэж болох байсан ч зориуд хотод ирсэн билээ. Хүний үг дуүлдаггүй хэнэггүй, тэнэг зангаасаа болж хичээл номоо олигтой хийлгүй явсаар сургуулиасаа хасагдан нэг хэсэг хотод дамардлаа. Олон ч удаа цагдаагийн хаалга татсан даа. Энэ их хотод ч ёстой их ч юм үзсэн дээ. Олон ч залуутай нийлж салж үзлээ дээ. Сүүлдээ нэг боломжийн залуутай суусан суугаагүй хоёрын хооронд байж байгаад жирэмсэн болж үлдлээ.
Гарсан хүүхэд маань ядаж тархины саажилттай гэсэн оноштой насан туршдаа хүний гар харж амьдрах нэгэн. Үүнийг сонсоод нөгөө залуу маань ор сураггүй алга боллоо. Одоо хаачих билээ? Ээждээ л очихоос өөр аргагүй боллоо. Уг нь би дахиж хэзээ ч эргэж очихгүй гэж бодож байсан юм. Хүн давахгүй гэсэн даваагаа гурав давж, уулзахгүй гэсэн хүнтэйгээ гурав уулздаг гэгч л болсон доо. Ээж минь хар цагаан дуугарсангүй. Ээжийгээ дургүй байна гэж ойлгосон би эхтэйгээ дахиад л адарч наадхийг чинь арай том болгоод асрамжийн газар өгчихнө . Та санаагаа зовоож хэрэггүй гэж хэлээд ахаараа амаа ардаа гарталаа алгадуулж билээ.
Аав маань бие нь муудаж эмнэлэгт хэвтсэн ч ээжээр минь асруулахгүй хэмээн цааргалаж би үхэхдээ хүртэл чиний энэ тэнэг царайг харахгүй байж болох уу хэмээн ээлжит хатуу ,хахир үгээ хэлж тэнэг зангаа дахиал л гаргалаа. Хүүхдүүд бид нар өөр өөрийн амьдрал, ажилтай болохоор ажлын заваар эргэж очихоос өөр тусгүй. Харин ээж минь аавыг минь уйгагүй асарч шээж, баасыг нь зөөж билээ. Аав минь амьсгал хураахаасаа өмнө гэнэт ухаан орж өөрийг нь тойрон зогсож буй хэдэн хүүхдээ тойруулан харснаа тасалгааны буланд бусдад саад болохгүй гэсэн шиг чимээгүй суугаа ээжийг минь олж хараад чичэрч салгалсан гараараа дохиж байна.Ээж минь үүнийг хөөж гэж бодсон уу хаалга руу гэлдэрлээ. Харин аав минь нааш ир хэмээн сөөнгөтсөн хоолойгоор дуудлаа.Тэгээд ээжийн минь гарыг чангаар атгаж чи энэ хэдэн хүүхдийнхээ буянд сайхан , удаан амьдарна гэж хэлээд нүдээ анин амьсгаадлаа. , Хүнийг уучлах гэдгээ мартсан, хатуугаас хатуу энэ хүний амнаас ийм үг гарна чинээ бид нар бодож байгаагүй билээ. Энэ үед би хатуу хатуугаа биш, зөөлөн нь хатуугаа иддэг гэдгийг ой тоондоо ортол ойлгож билээ.
40 насны өндөрлөгөөс одоо эргэн харахад хүний эрээнтэй бараантай , хатуутай зөөлөнтэй орчлонд хүний амьдралд юу ч эс тохиолдох билээ гэдгийг ухаарч билээ. Тэгээд ч ээж минь залуудаа хачин сайхан бүсгүй байж билээ. Ямар тэнэг эр тийм хүүхнийг урдуураа гаргах билээ. Ганц удаа алдаж гишгээ л биздээ. Энэний төлөө насаар нь адлаж, яллаж байдаг аав бид хоёр ч дээ... Амьдралыг ойлгож,ухаарч, уучилж амьдрах нь хатуу амьдралыг зөөллөж байдгийг хожим ч гэсэн ухаарсан юм даа би.
Цагаан шувуу 2010 Эрдэнэт
Сэтгэгдэл (2)