Цаг тооны бичгийг анх манай эрины өмнөх 4000 жилийн үед эртний египетчүүд цаг хугацааг хэрхэн тооцдог байсныг үндэслэн зохиосон гэж үздэг. Нил мөрний ус ихсэж багасахаас египетчүүдийн газар тариалан ихээхэн хамаардаг байсан тул он цагийг нарийвчлан гаргах хэрэг тулгарч, одон гарагийн мэдлэг дээрээ тулгуурлан анхны календарь буюу цаг тооны бичгийг зохиожээ. Египетийн тэрхүү цаг тооны бичиг одоогийн бидний хэрэглэдэг календарь шиг нэг жил нь 365 хоногтой байлаа. Харин өндөр жил гэж байсангүй. Ингэхэд тэд шинэ оны эхний өдрийг долдугаар сарын 19-нөөс эхэлдэг байжээ. Яагаад гэхээр энэ өдөр нар мандахад Сириус нэртэй од тун хурцаар гэрэлтэн харагддаг байж.
1699 онд I Петр хааны зарлигаар Орост цаг тооны шинэ бичиг шинээр зохиогдож, дэлхий үүсч бий болсон гэх манай эрины 5508 оноос эхлэн тооцжээ. Ингэхэд Петрийн өмнөх үеийн цаг тооны бичгээр 1963 оныг 8471 он гэх байсан аж.
Нарны хуанлийн үндсэн нэгжийг он гэнэ. Тэр нь янз бүр байлаа. Тухайлбал, египетчүд 365 гэж үзэж байсан бол ромчууд 355 хоногтой гэх жишээтэй. Ингэхэд нарны хуанлийн шинэчлэлийг манай эрины өмнөх 46 он буюу Юлий Цезарийн үед одон оронч Созигений санаачлагаар өөрчлөн шинэчилж байжээ. Юлийн энэхүү цаг тооны бичгээр дөрвөн жилийн гурав нь 365 хоног, нэг буюу өндөр жил нь 366 хоногтой байв. Тиймээс нэг жилийн дундаж үргэлжлэх хугацааг 365,25 хоног буюу он солигдох мөчид 0,0078 өдрөөр уртасдаг гэж үздэг байсан бөгөөд 400 жилд хуанлийн жил гурав хоногоор хоцордог аж. Үүнтэй холбогдуулан Ромын хамба XII Григорий 1852 онд шинэ цаг тооны бичиг зохиож, 11 хоногийг хасаж тооцдог болсон байна. Ингэснээр аравдугаар сарын 4-ний өдрийн дараа шууд аравдугаар сарын 15 хэмээн тоолж эхэлдэг байжээ. Мөн хэрвээ тухайн он 400-д хуваагдахгүй мөртөө 100-д хуваагдаж байвал өндөр жил хэмээн тооцох болсоноор Григорий болон Юлианы он тооллын ялгаа улам ихсэж, XVII зуун гэхэд бараг 10 хоног болсон байна. Харин 1918 онд энэ хоёр тооллын зөрөө 13 өдөр болж, европчууд хоёрдугаар сарын 14-ныг Григорийн он тооллын эхлэл болгон авчээ.
Есдүгээр сарыг оросууд сентябрь гэнэ. Гэхдээ энэ үг нь латины «septem» буюу “долоо” гэсэн утгатай аж. Мөн октябрь, ноябрь и декабрь ч латины 8, 9, 10 гэсэн тоо юм байна. Энэ ямар учиртай вэ гэхээр эртний ромчууд оны эхлэлийг гуравдагуур сараас тоолдог байсантай холбоотой гэнэ. Хэдийгээр Юлий Цезарийн үеэс эхлэн оныг нэгдүгээр сарын нэгнээс эхлэн тоолдог болсон ч нэрийг нь огт өөрчлөөгүй үлдээсэн учраас ийнхүү мөнхөрчээ.
Хөзөрт цаг тооны бичигтэй адилтгах юм зөндөө байдаг. Хөзрийн хоёр өнгө нь өдөр, шөнийг төлөөлнө. Харин цэцэг, бундан, гил, дөрвөлжин нь жилийн дөрвөн улирлыг бэлгэддэг. Мөн нэг төрлийн хөзөр 12 байдаг нь сар, тугаас тамга хүртэлх 13 хөзөр сарны тохиол, нийт 52 хөзөр жилийн долоо хоногийн тоотой адилхан байдаг. Хэрвээ тамгаа нэг, боол 11, хатан 12, ноён 13 гэж гэж тооцвол нийт хөзрийн нийлбэр 364 буюу үүн дээр хар хүнээ нэмбэл жилийн бүх хоног, шарыгаа нэмбэл өндөр жилийн хоногийн тоо гардаг байна.
Франц аугаа их хувьсгалынхаа дараа 1793 онд цаг тооллоо өөрчилсөн байдаг. Тэд жилийг сар бүр нь 30 хоногтой 12 сард хуваажээ. Сараа тус бүр нь 10 хоногтой “аравт” болгосон байна. Ингэхэд төрийн албан хаагч сард нэг л өдөр амарна. Мөн нэг жилд 5-6 өдөр ямар ч сард хамаарагдахгүй үлддэг бөгөөд тэдгээрийг санкюлотидүүд хэмээн нэрлэнэ. Энэхүү шинэ өөрчлөлтөөр нэг өдөр 10 цаг, нэг цаг 100 минут, нэг минут 100 секундтэй тэнцдэг болгожээ. Ингэснээр шинэ тооллын нэг секунд хуучныхаа 0,864 секундтэй тэнцдэг байсан аж. Харин Наполеон 1806 оны нэгдүгээр сарын 1-нээс өөрчилж, хуучин буюу одоогийнхоо тоололд оруулжээ.
Номхон далайн нэгэн арал улс болох Самоад 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг огт тоололгүй өнгөрөөсөн байна. Ийм шийдвэрийг Орон нутгийн засаг захиргаа нь цагийн бүс UTC–11- ийг UTC+13 болгохдоо гаргажээ. Учир нь тус арал улс худалдаа арилжаагаа ихэвчлэн АНУ, Их Британитай хийдэг байсан бол сүүлийн үед Австрали, Шинэ Зеланд руу чиглэх болсон аж. Мөн газар зүйн байрлалын хувьд эдгээр улстай харьцангуй ойрхон оршдог учраас тус улсын цаг тоололтой адилхан болгох үүднээс ийнхүү нэг өдрийг “устгасан” байна.
Баасан гарагт 13-ны өдөр тохиохыг ихэнх улсад муу ёр гэж үздэг. Тиймээс ч “Хар баасан гараг” гэх нэр томьёо үүссэн байдаг юм. Тэгвэл Грек, мөн испани хэлтэй ихэнх орон мягмар гарагт тохиох 13-ны өдрийг цээрлэдэг байна. Харин Италид баасан гарагт 17-ны өдөр тохиож байвал муу ёрын гэж үздэг аж. Гэвч ийм өдрүүдэд хүмүүс элдэв үйлдэл хийхдээ ихээхэн болгоомжтой ханддаг тул осол аваар бусдаасаа хамаагүй цөөн гардаг ажээ.
Манай эрин гэдэг үеийг Христийн мэндэлсэн гэх оноос эхлэн тоолдог. Ингэхэд Христосыг VI зуунд төрсөн гэж Ромын “Бага” хэмээх Дионисий тогтоосон бөгөөд үүнийг алдаатай гэж үздэг байна. Гэхдээ яг хэдий хэр хэмжэгээр алдсаныг тогтоох боломжгүй бөгөөд ерөнхийдөө манай эрины өмнөх 4-8 жилийн өмнө гэж үздэг учраас ийнхүү Христийн мэндэлсэн гэх оноос тоолдог болсон ажээ.
Африкийн Гана улсад хүүхдийнхээ төрсөн өдөрт маш их ач холбогдол өгдөг. Ялангуяа долоо хоногийн ямар өдөр төрснөөс түүний цаашдын нь хувь заяа ихээхэн хамаардаг гэж үздэг байна. Тиймээс долоо хоногийн нэрийг хүүхдүүддээ ихэвчлэн өгнө. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны “Кофи” гэдэг нь “Баасан”, хөлбөмбөгийн алдарт “Челси” клубын тамирчин Майкл Коджо Эссьений “Коджо” гэсэн нэр “Даваа” гараг гэсэн үг ажээ.
Солонгост хүний насыг төрсөн өдрөөр нь бус нэгдүгээр сарын 1-нээс нэгээр нэмэгдсэн гэж үздэг. Тэд эхийн хэвлийд байх буюу хий насыг нь нэг гэж тоолдог бөгөөд төрөөд нэг жил болсны даараа нэгдүгээр сарын 1-нээс нь хоёр нас хүрсэн гэж тооцдог байна. Тиймээс анх сургуульд оруулж байгаа хүүхдийн эцэг эхээс багш нар нь сурагчийнхаа насыг асуухдаа солонгосынхоороо юу, эсвэл европынхоор уу хэмээн асуудаг ажээ.
Энэхүү тоонд албан ёсны бус хоёр ч баярын өдөр байдаг. Эхнийх нь гуравдугаар сарын 14. Америкчууд 3,14 гэсэн утгаар нь ийнхүү хүндэлдэг. Хоёрдахь баярын өдөр нь зургадугаар сарын 22. Европчууд үүнийг 22/7 гэж бичдэг бөгөөд “Пи” тоо буюу түүний 3,14 –т хамгийн их дөхөж очих утга гэж үздэг байна.
1699 онд Швед Юлианы он тооллоос Григорийн он тоололд шилжихээр шийдвэр гаргажээ. Тэгэхдээ бусдын адил урьд нь хуримтлагдаад байсан 11 өдрийг харайгаад гарчихсангүй. Тэд өндөр жилүүдийг өнгөрүүлснээр 40 жилийн дотор хоногийн зөрөөгүй болно гэж тооцжээ. Гэтэл 1704, 1708 онд өндөр жил тохиосноор шведүүдийн цаг тоолол Юлианы тооллоос нэгээр түрүүлж, Григорийнхоос 10 хоногоор хоцорч эхэлсэн байна. Тиймээс 1711 онд XII Карл хаан цаг тооллоо өөрчлөхөөс татгалзаж, Юлианыхаа цаг тоололд шилжжээ. Тэд хоёрдугаар сард хоёр өдөр нэмснээр 1712 оны хоёрдугар сар 30 хоногтой болсон байна. Ийнхүү 1753 онд буюу бараг хагас зууны дараа бусдын жишгээр Григорийн он тоололд шилжсэн ажээ.
Энэ ойлголтыг анх Гай Юлий Цезарь цаг тооллын бичигт оруулж иржээ. Хоёрдугаар сарын 24-ний өдрийг гуравдугаар сар эхлэхээс өмнөх зургаа дахь өдөр гэж үзээд нэмэгдэл өдрийг дараагийн хоногт нь тооцон, “Хоёрдугаар зургаа дахь өдөр” гэж нэрлэсэн байна. Энэ нь латинаар «bis sextus» буюу өндөр жил гэсэн утгатай ажээ.
Д.Гал
Сэтгэгдэл (2)