Баримт 1.
Эрт дээр үеэс монголчууд байгаль эх дэлхийтэйгээ харилцан байгалийн өнгө аясыг даган нүүдлэн мал аж ахуйг голдуу эрхлэн малынхаа үр шимээр амьдарсаар иржээ. “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж намар мал тарган цагаан идээ элбэг дэлбэг үед “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байсан.
Баримт 2.
1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гаригсын байршил, сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж буй тооллолоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай.
Баримт 3.
Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн билэгшээн тэнгэр байгаль эхдээ сүүн цацлаа өргөн ирсэн. Сүү цагаа гэж хэлэгдэгээс үүдэн сүү шиг ариун нандин цагаан амьдралыг билэгшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Ард түмэн маань эртний тэнгэр байгалийн өнгө, салхины аяс, газраа чагнах, нар, сар, од гаригаар зүг чиг болон цагыг тогтоож нүүдлэн амьдарч ирсэн улс.
Баримт 4.
Монголчууд жил цагыг амьтнаар төлөөлөн, сар өдрийг өнгөөр тодорхойлон цагалбараа хөтлөх ажээ.Энэхүү баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог учир заавал зочилон золгодог заншилтай.
Баримт 5.
Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байлгахыг ерөөн гадуур хонодогүй, шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна.
Баримт 6.
Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл ажээ.
Баримт 7.
Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи.
Баримт 8.
Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна.
Баримт 9.
Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг. Тавгын боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг.
Баримт 10.
Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байж. Яагаад “ул боов” гэж нэрлэв? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, хүч эрч авч явдаг.
Баримт 11.
Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна.
Баримт 12.
Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй..
Баримт 13.
Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.
Баримт 14.
Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?” гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэндээ“ гэнэ.
Баримт 15.
Зочин ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж ахмад хүндээ хөөрөгний тагийг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан сайхан” гэнэ. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг.
Баримт 16.
Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг.
Баримт 17.
Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.
Баримт 18.
Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг.
Баримт 19.
Ер нь Монгол хүний амнаас муу үг унах, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг цээрлэдэг нь амны бэлгээр ашдын билэг ирдэг гэлцдэг. Монголын аман зохиолуудаас монгол ардын үлгэр домогоос гадна зүйр цэцэн үгс сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс заншил үе дамжин ирсэн нь илээх нь харагддаг.
Баримт 20.
Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол ахмад настай хүн хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно.
Баримт 21.
Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.
Баримт 22.
Хүндэтгэл ёслолын их үйлийн дараа бие биедээ бэлэг өгч, гар цайлгана. Бэлгийн ихийг буурай ахмадууд, балчир үрст өгч, бусад хүмүүст гар цайлгах бэлэг өгдөг байж. "Бэлгийн морины шүдийг үздэггүй" гэдэгчлэн энэ бэлэг нь хүүхэд хөгшдийг баярлуулан хөгжөөж, бусад нэгэндээ ирэх жилийн элбэг дэлбэг байхыг бэлэгддэг аж.
Баримт 23.
Энэ баяр бол өнгө мөнгөний өрсөлдөөн, баян ядуугийн харгалдаан, эрх мэдэл зусардлын сүлэлдээн огт биш ээ. Энэ баяр бол монголын ёс заншилын эрхэм үйл, хүн чанарын эрхэмсэг оршихуй, чин сэтгэлийн сүүн цацал юм.
Баримт 24.
Өдгөө гадаадад байгаа монголчууд маань ч энэ баярыг эрхэмлэн, ихэд дээдлэн сайнаар тэмдэглэдэг болж байна. Энэ нь харь оронд ч монгол заншил, бэлэгдэл, уламжлалаа дээдэлж байгаа монгол сэтгэл. Аж амьдралын олон ч алжаалаас ангижирч, нэгэн өдрийг монголоороо өнгөрөөх хүсэл эрмэлзлэл монгол хүний цусанд нь, сэтгэлийн гүнд нь байдгийн илрэл буюу.
Сэтгэгдэл (3)