-
2017 оны 2 сарын 03
Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулгын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Торгоны хээ” гайхамшигт ардын дууны цуврал тоглолт 2017 оны 02-р сарын 17-нд 19:00цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглогдох гэж байна.
Тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, дуучин Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ нар оролцоно.
Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар, ticket.mn, UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012,70148012, 99196623, 88010854-с лавлана уу.
Торгоны хээ шиг гайхамшигт ардын дуугаа аялгуулан хөгжимдөх ариун өргөөнд саатан морилно уу.
-
2017 оны 2 сарын 03
”ДОЗ” энтертайнментын захирал, жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэн Энэтхэгийн ”Mumbai international film festival”-аас гадаадын шилдэг найруулагч шагнал гардсан байна. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул цахим хуудсаараа мэдээллээ. Тэрбээр ”Хуваалцмаар байна. Заримдаа Дооёо бид хоёрт амьдралд бууж өгөх үе байсан.Тэр дундаа ”Элэг нэгтэн” киноны үед хэхэ. Гэхдээ хэзээ нэгэн цагт уйгагүй хөдөлмөр, үнэнч зүтгэлийн үр дүн гардаг юм байна. Бидний хийсэн ”Элэг нэгтэн” (The Third eye of god) 2016 онд Монголын кино академиас ганзага хоосон буцаж байсан бол өнөөдөр олон улсын наадмаас ( шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг жүжигчин ) гэх мэт дөрөв дэх шагналаа аваад байна. Магадгүй энэ шагнал зарим нэгэн хүмүүст жижиг санагдаж болох ч, харин ”Navi Mumbai international film festival”-д 500 гаруй киноноос долоод үлдэж шилдэг гадаадын найруулагч шагналыг Ш.Доржсүрэн минь авлаа. Харамсалтай нь нөхөр маань ар гэр шалтгааны улмаас явж чадаагүй ч өчигдөр шагналтай ирэхэд маш их баярлалаа. Тиймээс энэ кинонд хамтран ажилласан, дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхний гар бие, сэтгэл оролцcон энэ кино дэлхийн хаана ч үзүүлэхэд үнэхээр нүүр улайхааргүй, Mонголынхоо нэрийг гаргаж, мэргэжлийн түвшинд болжээ гэдгийг дахин нэг гүнзгий мэдрүүллээ. Алдаатай оноотой явсан зам маань өөрөө шагнал байсан байна” хэмээн цахим хуудастаа бичжээ.
-
2017 оны 2 сарын 03
Хоёр дахь удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг хоёрдугаар сарын 4-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.
-
2017 оны 2 сарын 03
Олон улсын жүдо бөхийн холбооноос 2016 оны турш дэлхийн чансааг тэргүүлсэн 14 жүдочидод 50 мянган ам.долларын шагнал хүртээхээр болжээ. Тэрбээр 10 улсын эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жүдоч энэхүү шагналыг хүртэх юм байна.
Харин манай улсаас энэхүү мөнгөн шагналыг олимпийн медальт анхны эмэгтэй жүдоч, -57 кг-д чансааг тэргүүлэгч Д.Сумъяа, анхны дэлхийн аварга эмэгтэй жүдоч -48кг-ын дэлхийн чансааны тэргүүн жүдоч М.Уранцэцэг нар хүртэх юм.
-
2017 оны 2 сарын 02
Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Идэрчүүдийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ үргэлжилж байна.
Тус тэмцээний шигшээ шатны сугалааны үйл ажиллагаа мягмар гарагт болсон бөгөөд бүсийн тоглолтууд өнгөрсөн сард зохион байгуулсан. Харин лхагва гарагаас дөрвөн бүсээс шалгарсан 15, 17 насны шилдэг багууд шигшээ шатны тоглолтуудаа хийж, хоёрдугаар сарын 11-ний өдөр аваргуудаа тодруулах юм.
Мөн шигшээ шөвгийн наймд үлдсэн 15, 17 насны багууд уламжлал ёсоор гуравдугаар сард ”Идэрчүүдийн футзалын лиг”-т өрсөлдөх эрхээ авна.
-
2017 оны 2 сарын 02
МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын ринг дээрх ээлжит тулаанаа ирэх гуравдугаар сард хийхээр товложээ. Тэрбээр мэргэжлийн бокст хүч, ур чадвараа сорих болсноор нийд долоон тулаан хийж бүх өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа юм.
Одоогоор түүнтэй өрсөлдөх тамирчны нэр тодроогүй бөгөөд манай гавьяат үлдэж буй гурван тулааны дараа энэ оны эцэст дэлхийн аваргын бүсний төлөө өрсөлдөх юм.
Оны өмнө долоо дахь ялалтаа байгуулсанаар жингийнхээ 1565 тамирчнаас 71 дугаар байрт эрэмбэлэгдсэн билээ.
-
2017 оны 2 сарын 02
Дэлхийн оюутны ”Универсиад 2017” наадам Казахстаны Алмата хотноо үргэлжилж байна.
-
2017 оны 2 сарын 02
НӨАТ-ын буцаан олголтын тухай хөгжилтэй постууд
-
2017 оны 2 сарын 02
Миний муу ээж ямар бусдын ээжтэй адил булган дээл өмсөж,том том алт зүүгээд л, хувийн жолоочтой жип машин унаад л, ач зээгээ үнэтэй хувийн сургуульд зөөдөг ч биш. Хүүхдүүд нь үнэтэй машин унаж , алтаар гулгидаг ч биш.
Миний ээжид ердөө цорын ганц булган малгай байдаг. Муу аав минь авч өгсөн болохоор ч тэр үү ээж маань түүнийгээ хачин их нандигнана. Шинэ жил, цагаан сар энэ тэрээр нөгөө нандин малгайгаа гаргаад үсийг нь үлээгээд л сэгсрээд л сүйд болно. Эмэгтэй дүү маань ээжид та наад муу хуйхаа ядаж загварыг нь өөрчлөөч гэж дүргүйлхэх зөвлөх хоёрын хооронд үглэнэ.. Миний ээж энэ чинь та нарын наадах хужаа булганы хажууд жинхэнэ орос булга. Та нарын булга ч дээ их но-той доо. Аягүй бол тарвага, нохойны арьс ч байхдаа ч сийхгүй гээд л дүүг маань цаашлуулж гарна. Би энэ малгайг чинь 3-р цахилгаан станцын арын орос дэлгүүрээс үүдэнд нь зогсдог орос цэрэгт нь 5 төгрөг атгуулж байж орж авсан юм даа. Аав чинь баазын аврага болсон мөнгөө надад өгч юу дуртайгаа ав гэж билээ Би тэгээд л ....гэж ирээд л ярина.
Миний аав жолооч хүн байж билээ. Гэхдээ тээврийнх биш усны жолооч. Оройд гэрээр нэг татсан хэцэнд аавын маань нойтон хувцас өлгөөстэй байдаг байлаа. Би ахлах ангид орсон жилээ зуны амралтаараа аавынхаа грушигийг хийж овоо хэдэн төгрөг олж хирдээ подойж байж билээ. Харин ээж минь бичээч. Бичгийн машины тог тог хийх чимээ надад их сайхан санагддагсан.
Аав ээж 2 минь 5 сайхан хүүхэдтэй. Бид бүгд л бусдын жишгээр өөр өөрсдийгөө нэг юм болгоод л байна. Ээждээ нэг их өгөөд илүүчлээд байж чадахгүй ч цагаан сараар ээжийнхээ бэлэг сэлт энэ тэрийг хэдэн төгрөг нийлүүлж байгаад аваад өгчихнө.
Ээжийн минь ганц санаа зовоодог зүйл гэвэл бидний том эгч. Зах зээл эхэлж байсан үед 2 нялх хүүхдээ хаяад Солонгос явж билээ. Эхний хэдэн жил байнга холбоо барьж дүү бидэндээ жижиг бэлэг сэлт энэ тэрийг байнга өгч явуулан бид хэд ч тансагладаг байж билээ. Солонгосоос ирсэн нэг хүнээс эгчийгээ хүнтэй суусан гэх мэдээ сонсож бид хирэндээ баярлаж байж билээ. Солонгос хүнтэй суусан юм бол ядаж энэ хэдэн дүүгээ татаж авахад хялбар даа гэж ирээд л аав ,ээж хоер минь хоорондоо ярьж байж билээ. Гэтэл эгчийн минь утсаар хэл барих зай нь холдон холдсоор бүр чимээгүй болж 10 гаруй жилийн нүүр үзэж байна даа.
Ээж аав хоёр маань энэ талаар асууж сураглаж яваагүй газар үгүй. Нэг асуухад Сөүлийн захад гахайн аж ахуй эрхэлж байна, дараа нь хойд Солонгостой хил залгадаг нэг жижиг тосгонд байж байна гэнэ гээд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ сонсогдож билээ. Ээж нэг удаа тэр Солонгос нөхөр нь их нарийн утсаар ч яриулдаггүй гэнэ, эгчийг чинь боол шиг өдөржин зараад хаашаа ч гаргадаггүй юм байх гэж ярилаа. Та хаанаас сонсоо вэ гэтэл зурагтаар нэг монгол хүүхэн ярьж байна. . Яг тийм нөхөртэй байсан гэнэ. Арай хийж оргож ирсэн гэнэ гэдэг юм байна. Ээж минь ингэж л янз бүрийн юм төсөөлөн бодож үнэн юм шиг бодож түүндээ үнэмшиж , шаналаж сууна.
Би хэдэн жилийн өмнө Солонгост очлоо. Очсоныхоо дараа оёдолын үйлдвэрт нэг хамаатныхаа хүний тусламжтайгааар орж бөгс эргэж зайгүй нэг жижиг өрөөнд 2 сар амьдарч билээ. Миний хийдэг ажил гэвэл өглөө эрт 5 цагт босоод оёдолчдын хэрэглэж болзошгүй давуу, утас энэ тэр хэрэглэгдхүүнийг агуулахаас гаргаж тавьна. Өдөр нь үйлдвэрээс гарч байгаа хог хаягдалыг ялган савлах. Гэтэл миний дараагийн дүү нэг өдөр утас цохиж удахгүй ирэх болсноо хэллээ. Дүүгээ тосох санаатай эзнээсээ нэг өдрийн чөлөө аваад онгоцны буудлыг зорилоо.
Гай болж онгоцны буудал дээр цагаачдын албаныхантай халз тулдаг юм байна. Гандан буурахгүй зугтаалаа. Газар мэдэхгүй болохоор мухар гудамжинд ороод баригдчихдаг байгаа,
Дүү бид хоёр Солонгос явах гэж тарьсан өрөө одоо хүртэл төлж бараагүй л байгаа даа. Би Солонгост байхдаа эгчийнхээ сурагийг гаргах гэж их явсан даа. Хамгийн сүүлд эгчтэй минь давууны үйлдвэрт хамт ажиллаж байсан эгчээс гашуун ч гэмээр үнэн үгийг сонсож билээ. Эгчийн маань суусан хүн нилээд ахимаг насны хүн гэнэ. Солонгосын иргэншилтэй болгож өгнө гэж эгчийг минь хуураад хамаг мөнгийг нь хамж аваад зугтсан гэсэн. Эгч чинь тэр хүний хойноос их хөөцөлддөг байсан. Аягүй бол тэгж яваад л сураггүй болсон байх гэж билээ. Би энэ мэдээллийг Монголынхоо элчин сайдын яаманд хэлсэн боловч бичиг баримтгүй хараар амьдарч байгаа хүнийг хайхад хэцүү байна гэхдээ бид хайна гэж өөх ч биш булчирхай ч биш хариултыг өгч билээ. Одоо болтол эгчийн минь сураг гараагүй л байна. Бурхан өршөөг дээ
Би хэдэн дүүтэйгээ яриад энэ жилийн цагаан сараар ээждээ нэг булган дээл авч өгөхөөр ярилцлаа. Бүгдээрээ хэд хэдэн төгрөг өгөхөөр ч тохиролцлоо. Тэгээд цагаа тулсан чинь бүгд л санхүүгийн асуудалтай болчихдог юм байна. Ганцхан эрэгтэй дүү маань л амалсан мөнгөө өглөө. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр санаачлага гаргасанаараа би нэг найзтайгаа нөгөө муу портероо унаад махны наймаанд гарлаа. Цагаан сар дөхөж байсан болохоор махны олдоц овоо дажгүй. Хэдэн өдөр нойр хоолгүй явж байж нөгөө хэдэн төгрөгөө булган дээл авах хэмжээний аривжуулаа. Ээж минь ёстой магнай хагартлаа баярлаж, бас айж, итгэж ядаж байгаа бололтой нөгөө дээл хажуудаа тавьчихаад дахин дахин илж үзэж байна. Энэ дээлтэй чинь үдэш орой явахад аюултай байх шүү гээд ихэд болгоомжилж байгаа бололтой.
Цагаан сараар орж ирсэн болгонд дээлээ үзүүлээд хачин баяртай. Би ээжийгээ ийм их баяртай байгаа сүүлийн хэдэн жил үзээгүй билээ. Ээжийгээ ингэж баярлуулсандаа миний ядаргаа ч арилах шиг болж билээ.
Удалгүй мартын найман болж би ээждээ тоглолтын тасалбар авч өглөө. Ээж минь тоглолтонд нөгөө муу монгол дээлтэйгээ ирж байна. Та чинь нөгөө булган дээлээ өмсөхгүй яагаа вэ? Өө нөгөө бага дүү чинь нэг өмсчихөөд өгье гээд л авсан одоо болтол буцааж өгөөгүй л байна. За яахав яахав залуу хүн юм чинь гоёж л байг гэх тэр.
Миний ээж ийм л хүн.
Цагаан шувуу
-
2017 оны 2 сарын 02
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой маргааш тохионо. Ойн хүрээнд тусгаар тогтнолын ордонд СТА, Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатарын Сүхбаатар жанжны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэх юм байна.
Мөн 14 цагт Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд үдээс хойш Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах ажээ.
-
2017 оны 2 сарын 01
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн ”Үндэсний лиг” тэмцээний плей-оффын тоглолт үргэлжилж байна. Үүнд шалгарсан багуудаас түрүүлж гурав хожсон нь аваргын төлөө тоглох эрхийг авах юм. Одоогоор Зүүн бүсийн аваргын төлөө тоглохоор “Эрдэнэт хот Икон”, ”Сүхбаатар Альянс Тех” шалгаран үлдлээ. Тэд маргааш цувралыг эхлүүлнэ.
“Эрдэнэт хот Икон” ”Өвөрхангай Хас Хэлхээ”-г 3:0-оор хожоод байсан юм. Өчигдөр ”Сүхбаатар Альянс Тех”, ”Дундговь аймаг” багуудын гурав дахь тоглолт МУИС-ийн Бизнесийн сургууль дээр болсон. Уг тоглолтод Дундговь хожигдвол гэртээ харих, “Сүхбаатар Альянс Тех” хожвол бүсийн аваргын төлөө тоглох эрхийг авах байсан юм. Өмнөх хоёр цувралд дараалан хожсон Сүхбаатарын залуус энэ удаа ч илүүрхэж, 106:91 онооны харьцаагаар өрсөлдөгчөө буулган авлаа. Тэд аваргын төлөө “Эрдэнэт хот Икон”-тэй тоглох юм.
ЦУВРАЛ 3: /”Сүхбаатар Альянс Тех” - ”Дундговь аймаг” 3:0/
01.21 - ”Сүхбаатар Альянс Тех” - ”Дундговь аймаг” - 103:82
01.25 - ”Сүхбаатар Альянс Тех” - ”Дундговь аймаг” - 106:105
01.30 - ”Сүхбаатар Альянс Тех” - ”Дундговь аймаг” 106:91
ЦУВРАЛ 3:
”Эрдэнэт хот Икон” - “Өвөрхангай Хас Хэлхээ” 104:99
”Эрдэнэт хот Икон” - “Өвөрхангай Хас Хэлхээ” 92:88
”Эрдэнэт хот Икон” - “Өвөрхангай Хас Хэлхээ” 116:96
Зүүн бүсийн аваргын төлөө тоглохоор шалгараад байгаа “Эрдэнэт хот Икон”, ”Сүхбаатар Альянс Тех” багуудын тоглолт маргааш МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд болно.
-
2017 оны 2 сарын 01
Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар жил бүрийн 2-р сарын 14-нд тохиодог гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан “I love you” тоглолтоо дурлалт хосууд, үзэгч сонсогчдынхоо хүртээл болгох гэж байна. Тав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдах тус тоглолтонд улсын Филармонийн “Баянмонгол” биг бэнд, Симфони найрал хөгжмийн утсан хөгжимчдийн бүрэлдэхүүнтэйгээр хайрын сэдэвт дуунуудыг үзэгч, сонсогчдодоо хүргэх юм.
Тоглолт улсын Филармонийн концертын танхимд 2017 оны 02-р сарын 13,14-нд 20:00 цагаас тус тус тоглогдох ба дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 8801-0854 дугаарын утсаас лавлах боломжтой.
Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
-
2017 оны 2 сарын 01
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Уг ойд зориулан японы алдарт “Токио Комаки” балетаас Токио хотын Улсын эрдмийн их театрын тайзнаа нэгдүгээр сарын 28-29-ны өдрүүдэд тавьсан “Хунт нуур” бүжгэн жүжигт МУГЖ Д.Алтанхуяг тусгай зочноор уригдан бүжиглэжээ.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг энэ оны турш тэмдэглэх бөгөөд энэ хүрээнд “Токио Комаки” балет ирэх зургадугаар сард Улаанбаатар хотноо бүрэн хэмжээний тоглолт толилуулах юм.
“Токио Комаки” балет нь 1946 онд байгуулагдаж, Япон Улсад анх удаа “Хунт нуур” бүжгэн жүжгийг тавьсан түүхтэй бөгөөд 2002, 2012 онуудад Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 30 болон 40 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод айлчлан тоглож байжээ.
-
2017 оны 2 сарын 01
Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард болох барилдааны хуваарийг гаргажээ.
-
2017 оны 2 сарын 01
Хүн муу хэлсэн нь
Хааяа хамт архи уудаг байсан Баяраа туучийд бол уг нь муу хэлэх юм үнэндээ алга байсан юм. Хамт уудаг байхдаа бид хоёрт орчлон хорвоо уужимдаад болохгүй ор хөнжилдөө хамт унтах нь холгүй байлаа.
Сүүлийн үед мань хүн уухаа болиод турж мураад царай нь Чанавуугийх шиг болчихсон алхаж явахтай нь таараад ”энэ муу уурхай шиг төрхтэй юм хэзээ ийм байсын” гээл бодогдоод явчих жишээний. Уг нь бид хоёр адилхан л уухгүй барихгүй гээл хамт эхлэсэн санаатай. Тэгтэл Баяраа бүр илт өнгө ороод байхаар нь дургүй хүрээд байгаан. Хийж байсан дасгал сургуулилт хоолны дэглэмээ хаяа л Баярааг эхнэртэй нь муу хэлчихвэл яг болох гээд байна. Ганц шил юм авч очоод хорлоод хаячдымуу айн. За яршиг яршиг.
Хамт нэг гараанаас эхлэсэн найз надаас түрүүлж барианд орохоор атаархал төрөөд муу хэлмээр санагддаг юм байна. Тэр найзын минь байр байдал яг хэвээрэй атал яагаад ч юм би тэр хүнд дургүй болчихлоо. Бүр хэтэрхий ухаантай байгааг нь үнэн голоосоо үзэн ядаад байх юм.
Би нээрээ хүн муу хэлэхгүйгээр амьдарч чадахаа байлаа. Өдөрт дор хаяж арваад хүн муу хэлэхгүй бол нойр хоолондоо муудаад байх шиг санагдах юм.
Уг нь цаанадаж улс эх орноо наанадаж өр зээлээ бодож сэрэх ёстой хүн чинь өнөөдөр хэнийг муу хэлэх вэ гээл сэрж байна. Энэ ариун явдал яавч биш.
Өглөөд ажилдаа ирээл интернээт орохоор тувт хүн муу хэлсэн мэдээ, фост. Миний аазгай хөдлөөл өөрийн эрхгүй инээд алдчихсан унших жишээний. Юу цэвэр агаар, гимнаасчик цаашаа. Шууд стресс тайлж байгаа юм чинь. Кү ээ одоо нээх автомаатаар өөрийгөө стрээстэй хүн гээл бодоод шаачихын би. Ямар ч баяр жаргалтай байсан оюун санаандаа стрээсээ тайлнаа гэж барьцан.
Оройд гэртээ хариад зурагт үзлээ. Ер нь зурагт гэдэг чинь Улаанбаатарынхны бие биенээ муу хэлэх хэрэгслүүр юм шиг байгаан. Хөдөө амьдарч байгаа маниус чинь оройд за манай хотын хэд өнөөдөр яаж балайг нь авсан бол гээл үзэх жишээний.
Мэдээний хөтлөгч, сурвалжлагчид нь хүн муу хэлэх ажлыг заалгаагүй сурсан байрын бүр ясны удам дамжсан гэмээр байнаа. Дуу хоолойны өнгө нь хэрэлдээд ч байх шиг загнаад ч байх шиг нэг тийм өндөр тоонтой ярьж байгаан. Зар өгөхдөө 3 үеийн удам дамжсан хэл амтай хүнийг сэтгүүлчээр ажилд авнаа гэдиймуу яадын.
Тэхдээ танай хотынхон чинь хорооны дарга энэ тэрээ муу хэлэхгүй ээ. Дор хаяж хотын дарга тэгээл дээшээ муу хэлнэ. Их хурлын 76, Ерөнхийлөгч, Трамф гээл явчих жишээний.
Тэгтэл би яаж амьдраад байгаан. Муу Баяраагаа муу хэлцээн. Хүн яаж амьдраад байгаан. Трамфыг муу хэлцэн.
Цас ороход ч даргаа муу хэлэхийн, нохой шаалцахад ч даргаа муу хэлэхийн.
Манай нэг эгч орцныхоо үүдэнд хальтирч үхэх гэжээж төв гудмын хальтаргааг муу хэлцээн.
Ингээл би нэг сая хүнтэй хотынхныг бөөнд нь муу хэлчих жишээний.
Хүн муу хэлэхээ “шүүмжлэл” хэмээн өнгөлөн далдалт хийж булхайцаад байна манайхан. Уг нь шүүмжлэл гэдэг чинь тухайн хүнийхээ нүдрүү нь хардаггүй юмаа гэхэд ядаж хөхрүү нь харж байгаад хэлэх ёстойлдоо. Эрэгтэй хүнийг бол гүзээрүү нь харцан ч яахуу.
Ер нь тэгээд удам сударт нь дарга хүн байгаагүй, даргатай ойртож үзээгүй, даргыг хоолонд дааж үзээгүй, даргаас тээндэр авч үзээгүй, сайн найз нь дарга болчихсон, өөрөө дарга болж чадаагүй, эсрэг намын дарга байсан гарууд л даргыг муу хэлдэг юм шиг байгаан.
Манай Монголчууд тэгдийншдээ гэж ирээл өөрөө нээх Гятад юм шиг хүн муу хэлэхээ болилоо.
Өнөөдрөөс эхэлж хүн муу хэлэхээ зогсоолоо. Муу хэлмээр санагдвал өөрийгөө л муу хэлнээ. Шагжаа чи өөрөө тийм лаг юмуу, чамайг үхэхэд хамаатнуудаас чинь өөр хэн мэдэхийн бэ өчүүхэн Шагж амьсгаа минь гээл. Тэхдээ манай фэйжийнхэн энэ Шагж яачваа гээл ганц нэг смс бичих л байхдаа.
Ерөнхийлөгчөө муу хэлмээр санагдвал Шагжаа чи зүүдэндээ ч ерөнхийлөгч болж чадахгүйш дээ гээл.
Муу хэлэх гэж байгаа хүнийхээ оронд ээжийнхээ нэрийг тавиад байнаа. Арай ээжийгээ муу хэлэхгүй байлгүй. Тэхдээ мэднэ шүү. Юуг ч муу хэлж чадах цөвүүн цаг шүү.
За Баяраа дээрээ очиё. Чи яаж ийм хурдан турж гоё болов энэ тэр гээл туршлага судлая.
-
2017 оны 2 сарын 01
Хавсарга тавьсан хаврын нэг өдөр говийн нэгэн айлын гадаа гандуу улаан дээл хөөргөж өмсөөд, орос цэргийн танкны хар малгай толгойдоо хазгай тохон, бакaлаа гармошиглаж угласан тавь гаран насны, өндөр, туранхай нутгийн эр бор мориноос буулаа. Энэ эрийг агсам Балдан гэнэ. Агсам Балдан зартай атмаан явсан бөгөөд одоо ч архи уухаараа агсан тавилгүй айлаас гарна гэсэн ёсгүй. Нохой боргохыг тоолгүй утаа суунагласан гэр лүү шууд алхсан Балдан -Үгүй чи нусаа битгий татаад бай, сайн нийгээд арчаач гэж Хандмаа авгай зээ охиноо загнаж байхад босго давж таарав. Гэрт зуухан дээр цай буцлан, цаана нь санчигны үс нь цайрсан, хар хөх өнгийн даавуун тэрлэгтэй Хандмаа, есөн насны хоёр салаа гэзэгтэй шар зээ охинтойгоо ширээн дээрх дэлгэсэн сонин дээр банш чимхэн тавина. Гэрийн хойморт Сүхбаатар, Ленин хоёр гар барилцаж буй жаазтай зургийг налуу өлгөж, доор нь модон авдар дээр байрлах эвхдэг толины баруун, зүүн жигүүрийн буланд Цэдэнбал, Брежнев нарын жижиг зургуудыг тус бүр хавчуулсан нь улс төрийн өндөр мэдлэгтэй айл болохыг харуулна. Галын баруун талд төмөр цагаан орон дээр үстэй дээл нөмөрсөн нэлээн урт залуу хөлөө нугалан, нуруугаа харуулан унтахыг хараад Балдан “Хотоос ирсэн хүү нь мөн байна” гэж бодон олзтой яваадаа баясав. Мөн цагаан орны урд хэлд арай ороогүй ач хүү нь адсаган дээр алаг бөмбөгөөр зугаацан их л томоотой сууна.
Нэг нутаг усанд өдий хүртэл амьдарсан Балдан, Хандмаа хоёр мэнд мэдэхдээ ёс, сүр ч болсонгүй. Хар багаасаа л Балданд дээрэлхүүлж, үс гэзэгнээсээ татуулж, мөн улаан булангийн харанхуй мухарт буландуулж явснаас ч тэр үү Хандмаа гуай Балданг харахлаараа л дуу намсдагаа өөрөө ч анзаардаггүй. Ноднин өвгөнийг нь нас барахад Балдан сайн тусалж, хот хөдөөтэй хэл ам авалцуулсан учир эднийд ирэхдээ нүүр бардам тэрээр хэзээ язааны аятай угаалтуурын хажуунаас намхан сандал авч галын зүүн талын модон орны өмнө тавьж суугаад малгайгаа өвдгөн дээрээ, гаансаа гутлын түрүүнээс, дугуй төмөр хайрцагтай тамхиа өврөөсөө гарган тамхи татахаар зэхэхдээ үг унагасангүй. Харин шүдэнз зурч тамхиа асаан сайтар уушиглаад утаагаа жавьжаараа үүд рүү аажуу үлээн гаргангаа
-Бага хүү чинь ирээ юү хө гэж асуулаа. Балданг эрүүл гэдгийг дууных нь өнгөнөөс баттай мэдсэн Хандмаа
-Өчигдөр шөнө явуулын машинаар ирлээ гээд баншаа боргилон дэвэрч буй цай руу хийв. Мэдье гэснээ мэдсэн Балдан, өвдгөн дээрээ тохсон хөлстэй хар малгайгаа авч хойдох орныхоо дэрний хажууд тавьчихаад, дээлийнхээ энгэрийг задгайлан аажуу тайван тамхиа татаж дуусгав. Гадаа зэврүү хүйтэнг ч хэлэх үү, дулаан гэрт ингээд л суугаад байвал тэрээр суугаад л байх аж. Шороон шуурга гэнэт гэр шавхуурдах, соосгор охин нусаа огцом татах, Хандмаа хаяа цайгаа самрах, ач нь амандаа бувтнах, залуу хүү сонсогдох төдий хурхирах сэтгэлд нь таатай хөг үүсгэж бүдэг бадаг дурсамжинд Балдан автан зүүрмэглэж эхлэв...
Соосгор охин банштай цай өмнө нь барин
-Та цай уу гэхэд Балдан нүдээ нээж, хоолойгоо засангаа аягыг аажуу аваад, эсрэг талд орон дээр суун банштай цай ууж буй хотоос ирсэн хүүг харснаа
- Аа гөөмөн, хүйтэй өвөл боллоо шүү гэж огт хамаагүй шахам зүйл хэлэв.
-Тиймээ гэж Хандмаа үгийг нь дагуулав хариулав. Гэнэт одоо л сэрэв үү гэмээр огцом тод дуугаар Балдан
-За дүү хүү хот газрын сонин юу байна, сансарт хүн ниссэн үү гэж Хандмаагийн хүүгээс мэдэмхийрэн асуулаа. Агсам Балданг таньдаг залуу
-Сар гаруйн өмнө нисчихсэн ээ гээд илүү юу ч хэлсэнгүй. Балдан ч дахиж юм ч асуусангүй, халуун цайгаа ширээн дээр тавингаа сандлаа ойртуулав. Бүгд л шор шорхийтэл уур савссан халуун цай оочин банш идэж, хөлс нь бурзайн, улаа бутран сууцгаана.
Банштай цай ууцгаасны дараа Балдан гаансаа сорон дуугүй сууж, хотын залуу үстэй дээлээ нөмрөн эргээд хэвтэж, зээ охин нь дүүгээ унтуулахаар Балдангийн арын орон дээр бүүвэйлж байв. Хандмаа ишиг, хурганы нэмнээ оёхоор том нүдний шилээ зүүсний дараа
-Хүү сая хотоос авчирсан юм. Чигтэйхэн сэнгэсэн эд бай лээ, та амсаад үз дээ гээд төмөр цагаан орны доороос бор шилтэй юм гаргахад Балдан ийм л жамтай мэт
-Өө за гээд лонхыг авгайгаар онгойлгууж, банштай цай уусан аягаа дээлнийхээ дотуур хормойгоор арчаад өөдөөс нь сарвайн дүүргүүлж авснаа “Хатуу бөглөөтэй, хатуу л эд байх даа” гэж дотроо таан ядам хуруугаа дүрэн дээш гурав нясалж духандаа хүргээд, Хандмаа чамтай өөр ярих зүйлгүй гэсэн аятай тооно өөд харч утаа баагиулан эрхэмсэг суув. “Энэ зөнөгийн дүвчигнэж байгааг” гэж бодсон Хандмаа түүнд юм хэлсэн ч үгүй, тоосон ч үгүй, зөнд нь орхив. Гадаа шороо шуурсаар л...
Хандмаа ишиг, хурганы нэмнээ оёж, хүү нь түрүүчийн адил яльгүй хурхиран, харин зээ охин нь дүүгээ унтуулах гэж байгаад өөрөө ч унтчихжээ. Балдан хамар шахруулсан хотын идээг ганцаар хүртэхдээ улам л намба үзүүлж хаяа хоолойгоо засан лаглайн сууна. Лонхтой архи нь хөнгөрөхөд агсан тавилгүй бол нэрэнд муу гэж үздэг Балдан “Нутгийн ахыг хүндэлдэггүй чи юу юм бэ... муу ижийгээ өрөвдөхгүй” гэх мэт үгс дотроо бэлдэв. Уг нь ч агснаараа алдартай түүнд бол агсан тавих үгс ганц, хоёр хундагын дараа урсаад л ороод ирдэг юмсан. Гэтэл өнөөдөр шил шахам архи ганцаар гударчихаад байхад нэг л үг олширдоггүй. Элдвийг ийнхүү бодож суусан Балдан-огцом босож багана өшиглөөд авав. Золтой л хуруугаа хатгачихаагүй юм оёж суусан Хандмаа цочиж
-Та чинь яаж байнаа гэж гайхан асуув.
-Агсан тавьж байна
-Үгүй эрүүл л явах шиг байсан шүү дээ. Эрүүлдээ агсан тавьдаг болоо юу даа
-Эрүүл орж ирсэн, одоо бол согтож байна. Яасан задарсан тархи вэ, энэ. Нутгийн ахтайгаа золгох ч үгүй хэмээн аяганд үлдсэнээ хөнтөрчихөөд үүдний хажуу дахь дөчийн бидон руу аягаа чулуудан хагалж, унтаж байсан ач хүүг цочоон сэрээж баруун хаяа руу давшлав. Хамаг учрыг түргэн ухаарсан Хандмаа түүний урдуур орон ачынхаа уйлаантай зэрэгцэн
-Таны уусан чинь архи биш ундаа. Хүү сая хотоос хоёр авдрыг авчирсан байна лээ. Сансар гэдэг жимсны ундаа, худлаа гэвэл тэр хар! Mанай ач ууж байна гэлээ. Нээрээ эргээд хартал шар охин дүүгээ аргадан аманд нь өөрийнх нь ёс төртэй амсаж суусан лонхтой зүйлийг хийж байв. Гэв гэнэт архи биш ундаа гэсэн баталгаа үнэмшилтэй санагдахад Балдан
-Даанч тийм байх аа, нэг л агсарч болмооргүй байсан юм гэж үг алдснаа Хандмаагийн гайхшрал доог болох янзтайг нүүрнийх нь байдлаас мэдэрч, хотын хүү тоглож
-Балдан гуай, та яаж байна хэмээн хэлэх шиг болоход Балдан нүүрээ буруулан
-Ундаа уулгана гэнээ гэж нэг заналтай зандарчихаад баруун баганыг нь бас нэг өшиглөн танкны малгайгаа ч авалгүй гэрээс гарав. Гадаа гараад Балдан сүүдрээ харан мориныхоо зүг явахдаа албаар зүүн баруун тийш нэг найган үзсэнээ толгойгоо сэгсэрч шүлсээ нэг хүчтэй хаяад улам хурдан, том том цааш алхлаа...
Балдан танкны хар малгайгаа эргэж ирж авсангүй. Залуугаасаа салаагүй хар малгай нь гэрт гадаа, энд тэнд үзэгдсээр адаг сүүлд нь эзнээ хүлээсэн мэт малын саравчнаас өлгөгдөн салхи, бороонд цохиулан, шороо шуурганд савчин сэмэрсээр, нэг мэдэхэд салхинд туугдан алга болжээ.
2007.04.03
16.23
Х.Эрдэмбилэг
-
2017 оны 2 сарын 01
https://chimedeee.wordpress.com/2017/01/20/%d0%b0%d0%b7-%d0%b6%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb%d1%8b%d0%bd-%d1%8d%d1%80%d1%8d%d0%bb%d0%b4/
-
2017 оны 1 сарын 31
Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага /ЮНЕСКО/-д Монгол Улс элссэний 55 жилийн ойг тохиолдуулан уран зураг сонирхогч хүүхэд багачуудын дунд “Соёлын өв бидний бахархал” сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа.
Соёлын болон соёлын биет бус өвийг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвүүдийг сурталчлах зорилгоор уралдааныг 8-10 нас, 10-13 нас,13-16 насны ангиллаар зохион байгуулах юм.
ЮНЕСКО-д бүртгэгдсэн дараах Соёлын биет бус өв Монгол наадам, Шагайн харваа, Монгол тууль, Монгол уран бичлэг, Ботго авахуулах зан үйл, Монгол ардын уртын дуу, Монгол ардын бий биелгээ бүжиг, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу шувуучлахуй, Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа зэргийг бүтээлдээ тусгасан байх шаардлагатай.
Бүтээлүүдээс эхний гурав болон тусгай байр тус бүр гурван оролцогч шалгаруулан өргөмжлөл, бэлэг дурсгал, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм. Шалгарсан бүтээлүүдийг ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвийг сурталчлах ном товхимолд хэвлэн нийтлүүлэх аж.
Уралдааны бүтээлийг ирэх сарын 01-нээс гуравдугаар сарын 20-ныг хүртэл НҮБ-ын байранд хүлээн авна.
-
2017 оны 1 сарын 31
Дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтанд оролцогчид хэлний мэдлэг, компьютер, мэргэжлийн ур чадвар, спортын анагаах ухаан гэсэн дөрвөн үзүүлэлтээр шалгуулдаг байна.
-
2017 оны 1 сарын 31
Казакстаны Алмата хотноо ”Универсиад 2017” наадам болж байна. Тус тэмцээнд оролцож буй манай цанын тамирчид сонгомол болон тэших техниктэй холимог уралдааны эрэгтэй 10км, эмэгтэй 5км-т уралдлаа. Эмэгтэйчүүдийн 5 км-ийн уралдаанд нийтд 62 тамирчин гараанд гарснаас,
Ч.Отгонцэцэг 18:40.3 секундийн амжилтаар 38 дугаар байр
А.Энхтуул 19:27.7 секундээр 46 дүгээр байр
Б.Дэлгэрмаа 22:13.1 секундийн амжилтаар 57 дугаар байрт тус тус шалгарчээ.
Эрэгтэйчүүдийн 10км-ийн зайн уралдаанд нийтд 81 тамирчин уралдсанаас
Б.Ачбадрах 32:59.6 секунд уралдаж 56 дугаар байр,
Б.Амарсанаа 36:34.1 амжилтаар 73 дүгээр байр,
У.Батжаргал 38:03.2 амжилтаар 76 дугаар байрт шалгарсан байна.