Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Уг ойд зориулан японы алдарт “Токио Комаки” балетаас Токио хотын Улсын эрдмийн их театрын тайзнаа нэгдүгээр сарын 28-29-ны өдрүүдэд тавьсан “Хунт нуур” бүжгэн жүжигт МУГЖ Д.Алтанхуяг тусгай зочноор уригдан бүжиглэжээ.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг энэ оны турш тэмдэглэх бөгөөд энэ хүрээнд “Токио Комаки” балет ирэх зургадугаар сард Улаанбаатар хотноо бүрэн хэмжээний тоглолт толилуулах юм.
“Токио Комаки” балет нь 1946 онд байгуулагдаж, Япон Улсад анх удаа “Хунт нуур” бүжгэн жүжгийг тавьсан түүхтэй бөгөөд 2002, 2012 онуудад Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 30 болон 40 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод айлчлан тоглож байжээ.