БНХАУ-ын тусгай муж Хонг-Конгод Коммунист намыг эсэргүүцсэн жагсаал улам бүр хүчээ авсаар байна. Их Британийн колонид 100 жил байсан тус хот 1997 онд БНХАУ-ын талд шилжсэн ба үүнээс хойш тус бүс нутаг дахь эдийн засгийн чөлөөт байдал, ардчиллын ололтыг БНХАУ-ын төр засаг хүндэтгэн үзэж өөрийгөө удирдах статустайгаар улсынхаа бүрэлдэхүүн хэсэг болгосон билээ. Дэлхийн санхүүгийн томоохон төв болсон тус хот БНХАУ-ын талд шилжсэн ч улстөр, эдийн засаг, нийгэм, соёлын хувьд барууны ертөнцтэй багагүй холбогддог. Энэ байдлыг нь харгалзаж коммунист нам аядуу бодлого баримталсаар ирсэн билээ. Эрх баригчид 2017 он гэхэд Хонг-Конгод ардчиллыг тогтооно гэсэн амлалтыг 2010 онд өгч байсан юм. Энэ нь тус хотынхонд өөрийн удирдагчаа өөрсдөө сонгоно гэсэн итгэлийг бий болгоод байсан. Гэтэл сүүлийн үед Хятадын Засгийн газар, Коммунист нам энэхүү амлалтаасаа ухрах болсонд хотын иргэд дургүйцлээ илэрхийлж жагсаал тэмцлийн хэлбэрийг сонгоод байна. Тэд коммунист нам 2017 оны Хонг-Конгийн удирдагчийн сонгуульд нэр дэвшигч болох 2-3 хүнийг нэр дэвшүүлж тэдний дотроос ард түмэн сонголтоо хийхээр болоод байгааг ийнхүү эсэргүүцэж байгаа юм. Эсэргүүцлийн жагсаалыг хянаж хэв журам сахиулахаар 2640 цагдаагийн албан хаагч ажиллаж байгаа бол жагсагчдын зүгээс 5000 хүн ажил хаялт зарлахаа мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар талууд хүч хэрэглэхээс татгалзаж, хурцадмал байдал үүсэхээс эрс болгоомжилж байгаа гэв. Эрх баригчдын зүгээс жагсаал тэмцэлд туйлын аядуу хандаж байгаа нь шинэ хандлага болоод байна.