Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Хууль зүйн латин-англи-орос-монгол толь бичиг бүтээж өнөөдөр номын нээлтийн ёслол хийлээ. Номын нээлтийн баярт Монголын хууль зүй, хэл шинжлэлийн салбарын тэргүүлэх эрдэмтэн мэргэд, хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл оролцов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж уг номын үнэ цэнийг үнэлж хэлсэн үгэндээ “Монголын шилдэг олон эрдэмтэн мэргэд номын баярт цугларснаар энэхүү толь бичгийн үнэ цэнэ илэрч байна. Латин хэл бол шинжлэх ухааны хэл юм. Хууль зүйн шинжлэх ухаанд латин хэл маш чухал. Олон орны хуульчдыг латин хэл нэгтгэдэг. Хууль зүйн латин-англи-орос-монгол толь бичиг бүтээсэн нь хууль зүйн онолын сэтгэлгээг Монгол Улсад хөгжүүлэхэд том хувь нэмэр боллоо. Мөн хууль зүйн шинжлэх ухаанд оруулж буй том хөрөнгө оруулалт юм” гэлээ.
Хэл шинжлэлийн салбарынхан уг толь бичгийг зөвхөн хууль зүйн салбарт төдийгүй хэл шинжлэлд чухал хувь нэмэр оруулсан бүтээл болжээ хэмээн үнэлсэн юм. Толь бичгийг латин-англи-орос-монгол гэсэн дөрвөн хэлээр бүтээснээс гадна үг бүрийг уйгаржин монгол бичгээр хавсарган оруулжээ.
Толь бичгийг зохиогч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан бүтээлийнхээ талаар дурдахдаа “Гадаад дотоодын хуульчидтай уулзаж, харж, ажиглаж байхад латин хэл, Ромын эрх зүйн талын ойлголтыг хуулийн сургуулиудын сургалтын хөтөлбөрт гүнзгий тусгахгүй бол манай хуульчид, эрх зүйн салбарын хүмүүсийн өрсөлдөх чадвар дутах юм байна гэж ойлгосны үндсэн дээр хоёр жилийн өмнө ийм толь бичиг зохиох санаа төрсөн. Толь бичиг зохиох болсон бас нэг шалтгаан нь Монгол Улс хөгжлийнхөө гараан дээр ирээд байна. Монгол Улсын гадаад дотоод харилцаа хөгжихийн хэрээр гэрээ хэлэлцээр, эрх зүйн зохицуулалт их хийх болсон. Бусад улс оронтой харилцахын тулд зайлшгүй латин нэр томъёотой гэрээ, конвенц байгуулах шаардлагатай байдаг. Шүүхийн шийдвэрт латин нэр томъёог өрнөдийн орнууд бүү хэл Азийн орнууд хэрэглэдэг болсон. Даяаршиж байгаа дэлхий ертөнцөд Монгол Улс бусадтай хөл нийлүүлж алхахын тулд зөвхөн хуульч төдийгүй ямар ч хүн түгээмэл хэрэглэгддэг латин нэр томъёог мэддэг болох нь хэрэгтэй юм байна гэж ажигласан.
Орчин үеийн олон улсын гэрээний эрх зүйн салбар шинжлэх ухааны суурь зарчим Ромын эрх зүйгээс эхтэй. Тухайн үеийн Ромын эзэнт гүрний хэл нь латин хэл байсан. Тиймээс латин хэлний толь бичиг зохиох нь хэрэгтэй юм байна гэж үзсэн” гэлээ.
Ийнхүү хууль зүй, хэл шинжлэлийн ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулсан нэгэн шинэ толь бичиг өнөөдрөөс уншигчдын гарт хүрч байна.
Сэтгэгдэл (2)