Тэртээ 1999 онд Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан халз барилдааныг зохион байгуулсан түүхтэй. Тухайн үеийн барилдаан хоёр багийн тэнцээгээр өндөрлөж байжээ. Дархан аварга А.Сүхбат 10 барилдахдаа 10 давж байсан нь түүх болон үлджээ. Тэгвэл 25 жилийн дараа эл амжилтыг Улсын начин Э.Батмагнай санууллаа. Түүний хувьд арванхоёрдугаар сарын 15-нд болсон халз барилдаанд 6 барилдахдаа 6 давсан юм. Ийнхүү тэртээх жилүүдийн хайнааг чөлөөтийнхөн хожлоор хагалсан билээ. Халз барилдааны түүхэнд ахин шинэ түүх нэмсэн бөхийг энэ удаад бид онцлон хүргэж байна.
Улсын начин Э.Батмагнай чөлөөт бөхийн төрлөөр чамлахааргүй амжилт гаргаж, өсвөр, залуучууд, элс, ази, армийн дэлхийн аваргын тавцанд зогссон нэгэн. Дурдахад, 2016 онд “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмаас хүрэл медаль хүртэж байв. 2017 онд Өсвөр үеийн УАШТ болон “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмаас алт медаль хүртсэн байдаг.
2018 онд Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээнээс хүрэл, Өсвөр үеийн УАШТ болон Залуучуудын УАШТ-ээс алт, Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээнээс мөнгө,
2019 онд Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн болон “Монголиа Опен” тэмцээнээс хүрэл, мөн Залуучуудын УАШТ-ий алт, 2020 онд Залуучуудын УАШТ-ий алт, О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээний алт, 2021 онд Залуучуудын УАШТ-ий алт, 2022 онд Азийн АШТ-ээс хүрэл, УАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ. Харин энэ онд чөлөөт бөхийн 37 дахь удаагийн цэрэг, армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ийн жинд алтан медаль хүртсэн юм.
Тэрбээр 2001 оны нэгдүгээр сарын 12-нд Баянхонгор аймгийн Жинст суманд төрж өсжээ. Баянхонгор аймагтаа амьдарч, бэлтгэл сургуулилтаа базаадаг байв. Түүний анхны багш бол Байдрагийн хүчтэн чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагч С.Мөнхдуулах юм.
Тэрбээр, үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д 16, 17, 18 насанд сүүлийн гурван жил дараалан түрүүлж ховорхон амжилтыг үзүүлж байлаа. Тухайлбал, 2017 онд 16 насны ангилалд 29 барилдаж 27 даваагаар, 2018 онд 17 насны ангилалд түрүүлэхдээ 29 барилдаж 28 даваагаар улсын хошой аварга болсон юм.
Мөн 18 насандаа Баянхонгор аймгийн баяр наадамд тав даван шөвгөрч аймгийн начин цол хүртэж байв. Үүнээс нэг жилийн дараа буюу 2020 онд Баянхонгор аймгийн баяр наадамд долоо давж үзүүрлэн Аймгийн заан цол хүртжээ.
Э.Батмагнай бөхийн өргөөнд анх 2020 онд бүх цэргийн наадмаар зодоглож, хоёрын даваанд тухайн үед аймгийн арслан цолтой байсан өдгөө улсын начин Ц.Сандагдоржид өвдөг шороодож байжээ. Ташрамд дурдахад, Э.Батмагнай нь улсын начин П.Нямжанцангийн удмын бөх юм.
Тэрбээр 2012 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул Энхтүвшиний Батмагнай тав давж, Улсын начин цол хүртсэн билээ.
Сэтгэгдэл (3)