Амсхийх чөлөөгүй амьдралын дунд бороон чимээ шиг "тунгалаг" шүлэг уншицгаая.
"Үүр цайхын шүлэг"
Үүр цайж байна, цоо шинэ орчлон дуншиж байна
Үр минь гэгээн зүүдэндээ од гарагийн нууцсыг нээж байна
Өчигдөр айлын минь эр эм хоёр муудалцаагүй юм шиг
Өрөөнийх нь салхивчаар шинэ өглөөний салхи салхилж байна
Холын ууланд азарга адуу зогсоолдоо унтаж
Хонгор гүү хойтон хаврын унага зүүдэлж байна
Холхи алсын мянган таавар зүрхэнд ороолдож
Хожмын тухай бодоход үүрийн туяа л итгэл өгч байна
Зөөлхөн шаргал гэгээ салхи түлхэн дээшилж
Зөн совингийн тухай одоо л бодмоор, амьдрах хүсэл төрж байна
Зөрөг зам дээр хэн учиртай нүдээр хараад зөрсөнийг
Зүрх сэтгэл минь надаас чимээгүйхэн нэхэж байна
Дээврийн ирмэг дээрээс унаж зүүдэлсэн болжмор
Дэрхийтэл бусдыгаа цочоогоод шувууд сэрж байна
Дэлхий дээгүүр урьд шөнө юу болоод өнгөрснийг
Дэмий нэг бодоход баяр гуниг хоёр л төрж байна
Сайхан өглөө болох нь дээ, гэвч ижий минь яаж байгаа бол
Салхи тогтуухан байх нь дээ, гэвч үдээс хойш яах бол
Саруулхан орчлон билээ дээ, үүл нь хаашаа нүүх бол?
Санамсаргүйн хорвоо шүү дээ, амьдрал яаж эргэх бол?
Арлааны Эрдэнэ-Очир 2000.05.11