УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордны Их Эзэн Чингис хааны танхимд “Дотоод орчны бохирдол ба бохирдуулагчаас урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах тухай” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Боловсролын сайд П.Наранбаяр оролцож дотоод орчны бохирдол ба бохирдуулагчаас урьдчилан сэргийлэх чиглэлээр "Боловсролын салбарт хэрэгжиж буй бодлого, төсөл хөтөлбөр"-ийн талаар мэдээлэл өглөө.
АШУҮИС-ийн НЭМС-аас 2022 онд “Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн анги танхимын дотоод орчны агаарын чанарыг үнэлэх судалгаа” хийсэн байна. Судалгааны үр дүнгээс харвал:
- Дотоод орчин дахь тоосонцрын хэмжээ агаарын стандартад заасан үзүүлэлтээс өндөр, агаарын бохирдол их (СХД, БЗД-ийн сургуульд харьцангуй өндөр)
- Хүнд металл буюу хүнцэл, кадми, хар тугалга, цайрын агууламж өвлийн улиралд харьцангуй өндөр хэмжигдсэн.
Зарим сургууль ачаалал ихтэй төв замд ойр байрладаг учраас автомашины гаралтай агаарын бохирдолд илүү өртөж байна.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотор агаарыг цэвэршүүлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөрөнгө оруулалт хийсэн аймаг, дүүргүүд:
- Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор аймгууд төвийнхөө бүх цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд
- Баянзүрх дүүрэг 61 цэцэрлэг;
- Чингэлтэй дүүрэг 39 цэцэрлэг, ерөнхий боловсролын 17 сургууль;
- Хан Уул дүүрэг 41 цэцэрлэг, ерөнхий боловсролын 5 сургууль;
- Баянгол дүүрэг 39 цэцэрлэг, ерөнхий боловсролын 4 сургууль;
- Сүхбаатар дүүрэг 6 цэцэрлэг, ерөнхий боловсролын 9 сургууль;
Сонгинохайрхан дүүрэг 67 цэцэрлэг, ерөнхий боловсролын 8 сургуульдаа агаар цэвэршүүлэх тор хийх, цонхондоо агаар шүүгч суурилуулах, агаар цэвэршүүлэгч анги танхимд авч өгөх зэргээр хөрөнгө оруулалт хийгээд байна.
Нийслэлийн нийт төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 79% нь агаар цэвэршүүлэх Pm2.5 манан ба утааны тоосноос хамгаалах цонхны тор суурилуулсан байна.