Ховд аймгийн Булган суманд бог малын Мялзан өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралджээ.
Хурлаар, үүссэн нөхцөл байдал, шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж холбогдох хуулийн дагуу хэд хэдэн шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, тухайн бүс нутагт сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын бүсийг тогтоож, хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах, Булган, Алтай, Үенч сумын 650 мянга орчим малыг вакцинжуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр ажлын хэсэг томилсон байна.
Халдвар бусад сумдад болон байгалийн ан амьтанд тархсан байж болзошгүй. Тиймээс энэ сарын 25-ны дотор тандалт судалгаа хийж ажиллах чиглэлийг бүх сумдын Засаг дарга нарт өглөө. Вакцинжуулах ажилтай холбогдуулан бусад сумдаас эмч мэргэжилтнүүдийг татан ажиллуулахаар болсон аж. Нийтдээ 90-ээд алба хаагчийг томилж холбогдох зардлыг шийдвэрлэсэн байна.
Ховд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын захирамжаар Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг томилж мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу хариуцлагатай ажиллахыг үүрэг болгожээ.