Украины газрын зургийн "DeepState" албаны мэдээлснээр, Оросын арми Украины зүүн нутгийн Покровск хотоос ердөө гуравхан километрийн зайд тулж ирлээ. Тэд мөн хотын ойролцоох "Украины цэргүүдийн салааг устгасан эсвэл эзэлсэн" гэж Украины армийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
"Дайснууд Новотроицкийн өмнөд хэсэгт орших Видродзенниа тосгоны баруун талд байрлах Покровск дахь манай бэхлэлт рүү довтолсон. Удаан үргэлжилсэн тулалдааны үр дүнд манай хоёр байрлал сүйдэж, нэг салаа нь байрлалаа алдсан. Украины зүүн фронтын Харьков мужийн Шевченков тосгоны захад байлдааны ажиллагаа үргэлжилж байна" гэж Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Назар Волошин телевизээр ярьжээ.
Украины цэргийн блогчид тосгон оросуудын мэдэлд очсон гэж мэдээлсэн. Гэвч Украин болон Оросын албаныхан үүнийг батлаагүй байгаа юм. Үүний зэрэгцээ Украины байгалийн хийн хангамжийн зохицуулагч Донецкоблгаз байгууллага "нөхцөл байдал хүндэрсэн" учраас Покровск хот руу пүрэв гаргаас эхлэн байгалийн хийн нийлүүлэлтээ зогсооно гэж анхаарууллаа.
"Хий дамжуулах хоолойд их хэмжээний хохирол учирч, дайсны довтолгооноос болж хийн түгээх систем дэх гэмтлийг засварлаж, хэрэглэгчдийн хийн хангамжийг сэргээх боломжгүй" гэж Донецкоблгаз байгууллага мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Хэдэн сарын турш Покровск нь зүүн фронт дахь хамгийн ширүүн тулалдааны газар байсан бөгөөд Орос улс уг байрлалд шунаж байгааг олон улс мэдээлсэн. Энэ нь Украины Донецк, Днепропетровск мужуудаас 11 милийн зайд оршдог бөгөөд Москвагийн стратегийн зорилт юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн хэсэг болох Донецк, Луганск мужуудыг эзлэх зорилгоо тодорхой илэрхийлсэн.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)