Хотын гэр хорооллын өрхийн тоо 2000-2020 онд гэхэд л 2.4 дахин нэмэгдсэн байна. Цаашилбал хүлцэхээс аргагүй байдалд хүрч байсан тул Засгийн газрын 2018 оны тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг “хориглосон” юм. Ийнхүү нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх замд шуударсан билээ. Ингээд анх удаа 2019 оны 1, 12 дугаар саруудад агаарын чанарын үзүүлэлт болох тоосонцор 40 хувиар буурсан судалгаа гарч байжээ. Гэвч өдгөө өвлийн тэргүүн байтугай намрын адаг сард ч утаа угаартаа “угжуулж” суугаа нь дэгс зүйл бус. Жилийн жилд агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор тэрбум тэрбумыг төсөвлөдөг ч бодитой үр дүнд хүрч чадаагүй л байна.
Хамгийн хүйтэн саруудад агаарын чанар үүнээс илүү муудахыг үзэх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүйн түвшнээс даруй хэд дахин давсан “бохирдол” нийслэлийг бүрхэн авсан ч тоохгүйн замдаа оров бололтой.
PM10 буюу том ширхэглэгт тоосонцор нь агаарт урт хугацааны туршид дэгдэмхий байдлаар оршиж хүний биед амьсгалын замаар нэвтэрч өвчин үүсгэдэг байна. Энэ бол “үзэгддэггүй дайсан” л гэсэн л үг. Агаар мандалд буй олон төрлийн бодисууд хүний эрүүл мэндэд нөлөөлдөгч хамгийн сөрөг нөлөөтэй нь РМ2.5 болон РМ10 тоосонцор хэмээн дурдагдсан байдаг.
Тиймээс “агаарын чанарын үзүүлэлт”-ийг харж, амны хаалт зүүх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна.
Агаарын бохирдлын хор уршгийг хүртэгч, хамгийн их “хохирогч” нь хүүхдүүд юм. Энэ үед тав хүртэлх насны хүүхэд ихээр өвчилж байгаа нь хүүхдийн цээжний хэнхэрцэг, өрцний сул хөгжилтэй холбоотой аж. Үүгээр зогсохгүй, 10000 хүнд ноогдох өвчлөлийн зонхилох ангилалд амьсгалын тогтолцоо, зүрх судасны өвчлөл багтдаг. Хүйтний улиралд агаарын бохирдлын улмаас уушгины үрэвсэл, багтраа, астма, уушгины архаг бөглөрөлт, хатгалгаа сэдэрдэг байна.
Утаа үе үеийн албан тушаалтнуудын ярианы сэдэв, халаасны найз байсныг гэрчлэх ганц л жишээг дурдах гээд үзье. Энэ бол НИТХ-ын дарга асан Ж.Батбаясгалангийн үг, үйлдэл юм. "Утаагаар зарим нь мөнгө хийсэн, ашиг олсон" хэмээн уран гуугчиж асан Ж.Батбаясгалан ТУЗ-ийн гишүүн байхдаа алдагдалтай ажилласан компаниасаа 22,5 сая төгрөгийн урамшуулал авсан нь өнгөрөгч оны сонсголоор шинжээчийн дүгнэлтэд дурдагдаж байлаа шүү дээ. Өөрийгөө утааг бууруулсан л гэж ярьдаг. Үнэндээ буурсан ч зүйл алга. Гашуун, эхүүн хот болсон нь худлаа ч биш. Тэгээд дарга нар яасан гээ... Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойгоор НИТХ-ын дарга А.Баяр захирамж гарган, нийслэл хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хүн ардын эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг нийслэлийн дээд "Хангарди" одонгоор шагнасан. Энэ дунд Ж.Батбаясгалан ч байлаа.