БАРИМТ 1
Шанхай хотноо 1996 онд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстан зэрэг таван орны тэргүүн уулзаж, хилийн районуудад цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Ийнхүү "Шанхайн хамтын ажиллагааны байгууллага" нь 2001 онд "Шанхайн тав"-ын гэрээнд суурилан бий болсон.
БАРИМТ 2
Энэ нэгдлийн гол зорилго нь хуучин Зөвлөлтийн харьяанд байсан орнууд болон Хятадын хилийн дагуу тогтвортой байдлыг хангах явдал байлаа. ШХАБ 1997 онд байгуулсан гэрээгээрээ хил орчмын бүс нутгууд дахь зэвсэгт хүчний тоог харилцан бууруулах тохиролцоонд хүрч, үүнийгээ Ази Номхон далайн бүсэд цэргийн хурцадмал байдлыг намжаах, анхны алхам гэж байв.
БАРИМТ 3
“Шанхайн тав” 2000 онд Шанхайн чуулга болон өөрчлөгдсөн. “Шанхайн тав”-д Узбекстан нэмэгдсэнээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бий болгох тунхагт гарын үсэг зурсан байна. Харин 2002 онд албан ёсны байгууллага болжээ.
БАРИМТ 4
Ингэхдээ ШХАБ-ын зорилгоо бүс нутгийн аюулгүйн болон тогтвортой байдал, терроризм, хэт даврагчидтай хийх тэмцэл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний түншлэл ба хамтран ажиллах явдал гэж тодорхойлж байжээ.
БАРИМТ 5
Манай улс ШХАБ-д ажиглагчийн байр сууринаас оролцох болсноор "анхны ажиглагчийн статустай улс" болжээ. Одоогоор хамгийн удаан ажиглагчийн статустай яваа нь Монгол Улс. Ажиглагч улс болсноосоо хойш төр засгийн тэргүүнүүдийн томоохон хэмжээний уулзалтад байнга оролцож ирсэн байна.
БАРИМТ 6
Тус байгууллагад ажиглагчаар Иран, Пакистан, Энэтхэг, Афганистан элссэн бөгөөд одоо дээрх улсын зарим нь гишүүнчлэлээр элсээд байгаа. Тухайн үед ШХАБ-ын дүрэмд газар нутгийн маргаантай орнуудыг үндсэн гишүүнээр элсүүлэхгүй гэдэг ч Энэтхэг, Пакистан хоёр гишүүнээр элссэн нь анхаарал татаж байсан тухай хэвлэлд бичжээ. Америк дундад азийн орнуудыг өөртөө татах сонирхол явуулж эхэлсэн учраас АНУ-ын нөлөөний эсрэг зогсохын тулд ШХАБ өөрийн байр суурийг өргөтгөх шаардлага тулгарч, зарим улсыг гишүүнээр татан оруулсан нь Энэтхэг, Пакистан гэжээ.
БАРИМТ 7
ШХАБ нь дэлхийн нөлөө бүхий эвсэл юм. Тодруулбал, ШХАБ-ын 8 бүрэн эрхт гишүүн орон дэлхийн хүн амын тал, Евразийн газар нутгийн 80 хувийг бүрдүүлж байна.ШХАБ-ын дээд байгууллага нь Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт жилд нэг удаа хуралддаг. Энэ жилийн уулзалт Казахстанд болж байна.
БАРИМТ 8
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад манай улс элссэнээс арван жилийн дараа буюу 2014 онд Хятад, Оросын тэргүүнүүд жинхэнэ гишүүнээр элсэн орохыг дэмжихээ илэрхийлж байв. Гэхдээ түүнээс дахин 10 жилийн хойно буюу энэ оны дөрөвдүгээр сард болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичиг нарын хурлын үеэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч байх бодлогыг тууштай баримталж, тус байгууллагаас хэрэгжүүлж ирсэн аюулгүй байдлын хамтын ажиллагааны олон талт арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох” байр суурийг илэрхийлсэн юм.
БАРИМТ 9
Гэхдээ Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад өндөр ач холбогдол өгсөөр ирсэн. Гэлээ ч ямагт төвийг сахих байр суурин дээр байж, бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн үйл явцуудад идэвх нэмэртэй, оролцоо өндөртэй байхыг эрмэлзсээр буй.
БАРИМТ 10
Үнэн хэрэгтээ Монгол улс ШХАБ-д элссэн тохиолдолд худалдаа, хөрөнгө оруулалт, тарифын хөнгөлөлт, тусгайлсан төсөл хөтөлбөрийн хувьд эдийн засгийн ямар үр өгөөжтэй байх нь тодорхойгүй хэвээр байна.
БАРИМТ 11
"БНХАУ болон бусад түншүүдтэйгээ хамтран ШХАБ-д элсэх дараагийн улсын тодорхой нэр дэвшигч нь Монгол Улс байх болно. Газрын зурагт ШХАБ-ын орон зайд органик байдлаар нийцэж байгаа тул бид Монголын хөршүүдээ ийм шийдвэр гаргахыг уриалах болно" гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлсэн байдаг.
БАРИМТ 12
ШХАБ-ын бас нэг тэргүүлэх чиглэл нь санхүүгийн салбарын хамтын ажиллагаа юм. Үүний хүрээнд Хөгжлийн банк, Хөгжлийн санг байгуулсан. Хөгжлийн банк байгуулах санаачилгыг Хятад 2010 онд гаргасан юм. Улс хоорондын дэд бүтцийн төслүүдийг энэ банк санхүүжүүлэх юм. Харин Хөгжлийн сан байгуулах санаачилгыг Владимир Путин 2013 онд санал болгожээ. 2015 онд байгууллагын банк хоорондын нэгдлийн бааз дээр Төслийн санхүүжилтийн олон улсын төвийг байгуулахаар шийдсэн байна.
БАРИМТ 13
2013 онд Оросын санаачилгаар ШХАБ-ын Эрчим хүчний клуб ажиллаж эхлэв. Үүнийг байгуулах дурсамжийн тунхаглалд ОХУ БНХАУ-аас гадна Афганистан, Беларус, Монгол, Казахстан, Тажикстан, Турк, Шри-Ланка, Энэтхэг гарын үсгээ зурсан байдаг.
БАРИМТ 14
ШХАБ-ын Бишкекийн тунхаглалд тус байгууллагын гишүүн орнууд “улс төр, эдийн засаг, нийгмийн аюулгүй байдлыг бусниулах үүднээс мэдээлэл, холбооны технологийг ашиглахын эсрэг мөн хар тамхи, зэвсгийн хууль бус наймаатай хийх тэмцлийг идэвхжүүлэх” тухай заасан байдаг аж.
БАРИМТ 15
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын нутаг дэвсгэрийг холбосон олон улсын дэд бүтцийн сүлжээ буюу авто зам, агаарын нислэгийн зам болон төмөр замын шугамуудыг бий болгох санаачилга гаргаад байсан.
БАРИМТ 16
ШХАБ-ын эргэн тойрны орнуудыг хамарсан бүс нутагт Хятад улс арван жилийн өмнө 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан бол 2022 он гэхэд 84 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулах болжээ. Харин ОХУ Шанхайн байгууллага нь илүү геополитикийн нөлөөллийн хүчин зүйл болох талаас буюу улс төрийн “зэвсэг” болгох сонирхол нь давамгайлж байгаа гэж ажиглагчид үзэж байгаа талаар хэвлэлд дурдсан байна.
БАРИМТ 17
Төв Азийн орнуудаас Бээжин Казахстанд хамгийн их хөрөнгө оруулжээ. 2009 онд Казахтсанд 10 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг олгосон байдаг Харин хариуд нь Казахстаны үндэсний хэмжээний томоохон компани болох “РД Каз Мунай Газ”-ийн 11 хувийг эзэмших болсон байна.
БАРИМТ 18
Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа "ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан төвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна" гэсэн байр суурийг илэрхийлж байжээ. Харин Гадаад Харилцааны Сайд асан Ц.Гомбосүрэн Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй гэж байв.
БАРИМТ 19
"Монгол Улс ШХАБ-ын гишүүн орон болчихвол Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын төслүүд хэрэгжиж эхэлнэ. ШХАБ-д элссэн Казакстан гэхэд 2030 он хүртэл улсаа хөгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Астана хотоо 30 миллярд доллараар босголоо. Казакстанаар дайраад Москва хүртэл төмөр зам татаж байна. Хэрвээ манайх суудлаа олчихсон байсан бол Москва руу дөрвөн хоног биш хоёр өдрийн дотор хүрэх боломж байлаа" гэж Шинжлэх ухааны профессор Ж.Баясах хэвлэлд ярьж байжээ.
БАРИМТ 20
ШХАБ нь 2004 онд НҮБ-тай харилцаа тогтоосон бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн үүрэгтэй оролцдог. ШХАБ Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлтэй 2005 онд, Зүүн Өмнөд Азийн холбоо буюу АСЕАН-тай 2005 онд, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагатай 2007 онд, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай 2007 онд, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газартай 2011 онд, Ази дахь харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралтай 2014 онд, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисстой 2015 онд тус тус харилцаа тогтоосон байна.
БАРИМТ 21
ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн зөвлөл нь тус байгууллагын шийдвэр гаргагч гол бүтэц юм. Гол тоглогчид нь Алмазбек Атамбаев /Киргизстан/, Эмомали Рахмон /Тажикистан/, Шавкат Мирзиёев /Узбекистан/, Ши Жиньпин /БНХАУ/, Нурсултан Назарбаев /Казахстан/, Владимир Путин /ОХУ/, Рам Нат Ковинд /БНЭУ/, Ариф Алви /Пакистан/ юм.
БАРИМТ 22
Узбекистаны нийслэл Ташкент хотод төвтэй ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг тэмцэх байгууллага нь терроризм, салан тусгаарлах үзэл, хэт туйлшрах үзлийн эсрэг гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжих үүрэгтэй байнгын бүтэц юм. Тус байгууллагын даргыг гурван жил тутам сонгодог бөгөөд гишүүн орон бүрээс байнгын төлөөлөгч суудаг.
БАРИМТ 23
ШХАБ-ын үйл ажиллагаанд албан ёсоор хятад болон орос хэлийг ашигладаг.
БАРИМТ 24
Түүнчлэн тус байгууллагаас “хүний оюун ухаан, ёс суртахуун, соёлын ба бусад хэм хэмжээнд” хортой мэдээлэл тараах нь “аюулгүй байдалд заналхийлсэн” алхам болно хэмээн кибер дайныг дахин тодорхойлсон юм. “Мэдээллийн дайн”-ыг мөн нэг улс нөгөөгийнхөө “улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоо”-г сулруулах гэсэн оролдлогын нэг хэлбэр хэмээн 2009 онд баталсан баримт бичигт тодорхойлжээ. The Diplomat сэтгүүлийн 2017 оны нэгэн нийтлэлд дурдсанаар RATS-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнийхээ хүрээнд ШХАБ нийт 600 хорлон сүйтгэх ажиллагааг урьдчилан сэргийлж, террорист бүлэглэлийн 500 гишүүнийг барьж өгсөн байдаг аж.
Сэтгэгдэл (6)