Булган аймгийн Гурванбулаг сумын баяр наадам өнгөрсөн өдрүүдэд болж, хүчит 42 бөх барилдлаа.
Энэ оны ууган наадмын бөхийн барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, залуу бөх Отгонбаатарын Ганбат түрүүлж, сумын заан цол хүртсэн бол Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн заан Б.Мөнхбаяр үзүүрлэв.
Түрүү бөх О.Ганбат нь нэгэн цаг үед монгол бөхийн торгон ногоон дэвжээнээ хүч бяраа, уран мэхээ, ид хаваа гайхуулан барилдаж явсан аймгийн арслан А.Отгонбаатарын хүү юм. Удамт бөх О.Ганбатын бөх болох зам энэ өдрөөс эхэлж, эцгийнхээ хүрч чадаагүй улсын цолонд хүрэх биз ээ. Түүний аав А.Отгонбаатар нь 2006 онд аймгийн начин, 2007 онд аймгийн арслан цол хүртэж байв.
Олон түмнээ “Гоё Отгоо” хэмээн алдаршсан А.Отгонбаатар нь Улсын наадмын дэвжээнээ цолны даваанд нэг бус удаа хүрсэн сайн бөх. Түүнийг танихгүй хүн цөөн. Жилийн жилд улсын цолтны тааварт багтаж явсан А.Отгонбаатар арслан 2008 оны наадмын тавын даваанд дархан аварга Г.Өсөхбаярт, 2011 оны наадмын тавын даваанд улсын начин Б.Сангисүрэнд харамсалтай нь унаж, хүссэн цолоо аваагүй билээ.
Сэтгэгдэл (8)