Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын иргэд 9 удаа сонгууль өгч, ардчиллаа баталгаажуулж ирлээ. Гэхдээ энэ хүртэл УИХ-ын сонгуулийн тухай хуулиа таван удаа өөрчилж, гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, дөрвөн өөр сонгуулийн тогтолцоог ашиглажээ. Харин одоо холимог тогтолцоогоор 126 гишүүнийг парламентад сонгоод байна. Нэг ёсондоо монголын улс төр улаанаас алгуур шилжиж буй дүр зураг харагдана. Гэвч "хамтарсан" Засгийн газар байгуулахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Содбаатар нар парламентад суудалтай намуудтай зөвшилцөлд хүрэхээр буюу цавын цаанаа эгнээндээ элсүүлэхээр уулзсан тухай мэдээлэл хөвөрч байна. Чухамдаа илүү их "сөрөг хүчинтэй боллоо" хэмээн нэг талаар талархаж байсан ард түмэн "гошгорсон" болох нь. Ялангуяа Ардчилсан намд дагзаараа савуулж мэдэхээр болов. ХҮН ч яах вэ, дарга нь МАН-ын хүн гэгдээд удаж байгаа.
Гүйцэтгэх засаглалд сөрөг хүчний суудал ихэсвэл эрх баригч намын хүчийг зузаатгасан хэрэг болно гэж зарим судлаачид тайлбарласан байна билээ. Хууль тогтоох дээд байгууллагын дотор "холион бантан" болж, хонь чоноороо "эвсэж" суугаад хуулинд "гар хүрдэг" болох нь. Заавал зөвшилцөж байж ажил хэрэг урагшилдаг бол энэ парламентад "сөрөг хүчин"-ий хэрэг байна уу гэх нь ч бий. Ардчилсан намын зодоонтой байсан жилүүдэд МАН дангаараа шахуу засаглачихаад Монгол орноо "мандуулвал" мандуулахаар болов биш үү. Тоглоомын дүрмийг өөрчлөөд ч тоглогчид өөрчлөгдөхгүй бол үр дүн нь адил юм гэдгийг бүгд мэдэж буй ч яах ч аргагүй юм. Үнэндээ УИХ-ын толгой дээр Засгийн газар гарч суугаад, "хөдөлгөдөг" болох янз руугаа орсон.
Зөвшилцөлд хүрээд сөрөх хүчээ МАН-д сайдын суудлаар арилжвал АН, ХҮН намын ярианд тэгтэл итгээд байх хэрэггүй болно. Парламентын "хөдөлгөөний найруулагч" нь Засгийн газар болж, зөвшилцөл нэрээр "өөр үг, өөр үзэл бодол, өөр хүч"-ийг сорно л гэж ойлгогдож байна. Зарим гишүүд "хамтарсан Засгийн газар" байгуулах нь зөв, буруу гэсэн байр суурин дээр талцаж байгаа. Уг нь парламент илүү хүчтэй байх ёстой сон.
МАН-аас бол бусад намуудын мөрийн хөтөлбөрийн хөдөлгөхийн тулд, илүү сайхан ирээдүйн төлөө "гар гараасаа хөтлөлцөх" ёстой гэж буй. Эрхийг атгаж буй нь илүүг зарцуулах жамтай байдаг нь үнэн боловч хожмын өдөр "юуны төлөө вэ" гэдэг нь харагдах нь дамжиггүй.
Танхимаар дүүрэн эсэргүүцэгчдийг "эрхшээх"-ийн тулд парламентыг "царцаах"-аас зайлахгүй. Угтаа бол ардчилсан улсын парламентын "сөрөг хүчин" хоолойгоо боомилуулчихаад, тэлчилж байгааг ийнхүү нотоллоо. Шинэчилсэн дор бүрмөсөн шинэчилж, "цай уунгаа, мөр мөрөө цохилцон хөхрөлдөж" хөгжил ярьцгаадаг болох нигууртай өдрүүд айсуй.
М.Жаргал
Сэтгэгдэл (24)