БАРИМТ 1
Монгол улс засаглалын тогтолцоогоо өөрчилж, 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар шууд ардчилал, иргэний оролцооны хэлбэр шинэ шатанд хүрчээ. Өдгөө УИХ-ын найман удаагийн сонгуулийн ард гарчээ.
БАРИМТ 2
Төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч гэгдэх УИХ-ын гишүүний бүрэн эрх, үүрэг бол хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа Төрийн сүлдэд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдог билээ.
БАРИМТ 3
Анхны сонгуулийг хийхдээ газар зүй, хүн амын төлөөллөө тооцож энэ тоо байвал зохистой хэмээн гаргаж ирсэн гэдэг. Өнгөрсөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор 76 гишүүний тоог нэмэх асуудал яригдаж 126 гишүүн сонгохоор болсон юм.
БАРИМТ 4
УИХ-ын сонгуульд ялсан намын дарга засгийн газраа эмхлэн байгуулж, ерөнхий сайдаар сонгогддог нь "бичигдээгүй хууль". Тиймээс санал өгнө, сонгуульдаа оролцоно гэдэг бол зөвхөн таны амьдарч буй тойргийн төлөөлөгчөө парламент руу илгээж буй хэрэг бус, гүйцэтгэх засаглалын тэргүүнээ ч мөн сонгож буй хэрэг.
БАРИМТ 5
Сонгууль болгоны үеэр сонгогчдын хүсэн хүлээдэг, итгэж найддаг зүйл бол ёс зүйтэй өрсөлдөөн. Нэр дэвшигчдийн ёс зүй гэдэг цаасан дээр хараар буугаагүй ч ухамсар сэтгэлгээнд тодоор бичигдсэн байх учиртай дэг журам юм. Энэ жилийн сонгуульд шинэ үеийнхэн, залуу нөлөөлөгчид нэр дэвшигчдийг өрсөлдөгчөө хүндлэх, хар ПиАр хийхгүй байх, шударга байхад хүчтэй уриалж, зарим талаар шаардаж байгаа нь онцлууштай.
БАРИМТ 6
Дөрвөн жилд нэг л удаа тохиодог, улс нийтээрээ анхаарал хандуулдаг энэ үйл явдлыг, энэ цөөн хоногийг та бид сонгуулийн мэдээгээр бөмбөгдүүлэх залхаан цээрлүүлэлт бус, харин нийгмээ илүү сайн ойлгож, сонголтоо зөв хийх чухал үе хэмээн харах нь зүйтэй.
БАРИМТ 7
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар бага сургуульд суралцаж буй хүүхдүүдийн 65 хувь нь ирээдүйд өнөөдөр бий болоогүй, цоо шинэ ажил хөдөлмөр эрхэлдэг болно хэмээн тооцоолж буй билээ. Гэвч өдгөө дэлхийн хүн амын тэн хагасыг 30-аас доош насныхан эзэлж байгаа хэр нь тэдний ердөө хоёр хувь нь Засгийн газрын гишүүнээр ажиллаж, улс төрийн шийдвэр гаргах нөлөө бүхий эрх мэдэлтэй байна.
БАРИМТ 8
УИХ-ын сонгуульд оролцогчдын тоо хэмжээ 1992 оноос хойш алгуурхнаар буурсаар 2016 оны сонгуульд нийт сонгуулийн насны 73 хувь нь оролцсон байна. Үүнээс 60-аас дээш насныхны 97 хувь нь саналаа өгсөн бол 18-25 насны хоёр хүн тутмын нэг нь сонгууль өгөөгүй хэмээх статистик бий. Сонгуулийн тухай хуулиар тухайн тойрогт хамаарах нийт сонгогчдын ирц 50 ба түүнээс дээш хувьтай байх ёстойг хуульчилсан байдаг.
БАРИМТ 9
Энэ удаагийн сонгуульд нийт 25 нам, 2 эвсэл өрсөлдөнө. Энэ нь Монголын хамгийн анхны 1992 оны УИХ-ын сонгуультай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Үндсэн хуульд заасны дагуу 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн бүр сонгуульд нэр дэвших эрхтэй.
БАРИМТ 10
Нэр дэвшигчид өөрсдийн хөрөнгө, орлогын үзүүлэлтийг нээлттэйгээр мэдүүлдэг болсон нь том дэвшил юм. Өөрийн тойрог дахь нэр дэвшигчдийн мэдээллийг ил тодоор үзэх боломжтой болсон нь тухайн хүнийг илүү бодитой үнэлж дүгнэхэд тустай. Цаашид ч улстөрчдөд тогтмол хяналт тавьж, ил тод байлгахад хөшүүрэг болох баримт юм.
БАРИМТ 11
Сонгуулийн тогтолцоо нь аливаа улс орны онцлог, нийгмийн нөхцөл байдалтай уялдан тодорхойлогддог. Монгол улсын хувьд өнгөрсөн жилүүдэд олон улсад хамгийн түгээмэл ашиглагддаг пропорционал болон мажоритар, хосолсон мажоритар тогтолцоонуудыг ээлж дараалан ашигласаар иржээ. Пропорционал бол ард иргэд намд саналаа өгч, саналын хувиар намаас эрэмбэлсэн дарааллын дагуу суудлаа эзэлдэг тогтолцоо.
БАРИМТ 12
Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоох хуультай. Сурталчилгааны хугацааг 22 хоног байхаар заасан бөгөөд нэр дэвшигчид хуулийн хүрээнд ухуулах байр ажиллуулж, материал хэвлүүлэн тарааж, байрлуулж, таних тэмдэг, уриа ашиглаж, уулзалт, хурал, цуглаан хийж, радио, телевиз, сонин, сэтгүүл, цахим орчин ашиглах боломжтой байдаг.
БАРИМТ 13
Саналын хуудас бол таны сонголтыг баталгаажуулах гол талбар. Тиймдээ ч саналын хуудасны баглаа боодол, битүүмжлэлийн нарийн шалгаж, хадгалалт, хамгаалалтыг чанд сахих учиртай байдаг. УИХ-ын 2016 оны сонгуулиар гэхэд Сонгуулийн ерөнхий хороо нийт 72 хайрцаг цаасыг Канадын компаниас худалдан авч, 1.9 сая ширхэг саналыг хуудсыг арав хоногийн турш хэвлэжээ.
БАРИМТ 14
2024 оны сонгууль бүчилсэн тойргоор явагдах нь онцлогтой. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, Улаанбаатарт 6, нийт 13 байхаар батласан.
БАРИМТ 15
Сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансаа нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаас хойш нээх боломжтой байдаг бөгөөд сонгуулийн зардлаа намаас, хувиас, хандиваар гэсэн гурван эх үүсвэрээс бүрдүүлэх боломжтой. Нэр дэвшигчийн сонгуулийн дансанд цуглах хөрөнгийн хэмжээг тусгайлан хязгаарладаггүй ч, тухайн сонгуульд зориулан зарцуулах зардлын дээд хэмжээг нь Монгол улсын ерөнхий аудитороос сонгууль бүрийн өмнө нэгдсэн байдлаар тогтоож өгдөг байна.
БАРИМТ 16
Өнөөгийн цахим эринд мэдээлэл асар хурдтай дамжих болсон. Нэг хүний санаандгүй хийсэн үйлдэл, алдаж хэлсэн үг, хазгай гишгэсэн алхам бүр сошиал платформоор дамжин хормын дотор хэдэн мянган хүнд тарж “насны онигоо”-нд оруулах нь бий. Яг энэ онцлогийг ашиглаж сонгуулийн энэ үеэр хэдэн зуун хуурамч хаяг нээгдэж, зураг бичлэгийн мастерууд хуруугаа уралдуулан ажиллуулж, хөлсний бичээчид хэмээх ажлын байрны тоо өсөж, цусгүй дайн цахим орчинд өрнөдөг.
БАРИМТ 17
Монголчууд бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахаар тэмүүлж байгаа билээ. Ийм нийгэмд эдэлбэл зохих амин чухал эрхүүдийн нэг нь бол сонгох, сонгогдох эрх юм. Нэгэнт эрх нь байгаа тул эрхээ эдэлж, үүргээ ухамсарлацгаая.
БАРИМТ 18
Нэр дэвшигчдийн юу юуг харж, ямар ямар шалгуур тавьж сонгох вэ гэдэг хамгийн чухал. Яг одоо кампанит ажил өрнөж буй энэ үед бол нэр дэвшигчид гол төлөв “би сонгогдвол ингэнэ тэгнэ” хэмээн ирээдүй цаг дээр ярьж байгаа. Мэдээж юу хүсэж зорьж, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж буйг нь харах нь зөв.
БАРИМТ 19
Өнгөрсөн сонгуулиас хойш Монголын ард түмэн сонгуулийн үр дүнг санал авах хугацаа дууссан даруйд нэгэн зэрэг, тэр дор нь дэлгэцээр хүлээн авах боломжтой болсон билээ. Энэ бол сонгуулийн автоматжуулсан систем, бидний хэлж заншсанаар "хар хайрцагны" ач тус. Шуурхай, ил тод үр дүнг зарласнаар хүмүүсийн эргэлзээ, үл итгэлцлийг арилгаж, шударга сонгууль явах гол баталгаа нь болох учиртай.
БАРИМТ 20
Ийнхүү 2024 оны УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 28-ны өдөр болно.
Сэтгэгдэл (2)