Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны гал гарсан тоглолтууд Герман даяар үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө Португалын шигшээ баг Словенийн шигшээтэй 120 минут тоглож, эцэст нь торгуулиар яллаа.
Энэ удаагийн тэмцээнийг дэлхий даяар 5 тэрбум хүн үзэж буй гэх судалгаа саяхан гарчээ. Энэ олон хүний дийлэнх нь Португалын шигшээ баг, Саудын Арабын Аль-Наср багийн тоглогч, домогт хөлбөмбөгч Кристиано Роналдугийн тоглохыг үзэх гэж байгаа нь мэдээж.
Цэнхэр дэлгэцийн өмнө шөнө бүр биднийг уяж буй энэ удаагийн ЕАШТ түүний хувьд замналынх нь хамгийн сүүлийн том тэмцээн байх болно. Агуу Месси, домогт Роналду нар нас өндөр болж, бидний мэддэг гайхалтай тоглолтууд үгүйлэгдэх цаг айсуй гэхээр гуниг бүчнэ.
Анх 2004 онд шигшээ багтайгаа ирж байсан 19 настай Роналду өнөөдөр зургаа дахь удаагаа энэхүү тэмцээнд оролцож, түүх бүтээсэн. Түүний энэхүү амжилтыг гүйцэх нэгэн үгүй гэж спортын шинжээчид ярьж байгаа. Хөдөлмөр л түүнийг өнөөдрийн Роналду болгосон. Энэ тэмцээнд тэр алдраа мөнхөлж, 2004 онд мөнгө, 2012 онд хүрэл, 2016 онд аварга болсон. Энэ удаад ч тэр аварга болох зорилготой байгаа нь мэдээж.
Тэр өмнөх таван тэмцээндээ бүгдэд нь гоолдсон амжилттай. Энэ удаад ч түүний зорилго нь гоол. Дэлхий даяар түүнийг үзэж байгаа олон хүний хувьд ч гоол оруулахыг нь харна гэдэг туйлын хүсэл болчихсон гэхэд буруудахгүй. Гэвч тэр өнгөрсөн шөнө Словенийн шигшээ багийн хаалганд чиглүүлсэн торгуулийн цохилтоо алдаж, дэлхий нийтийг уйлууллаа. Эсрэг багийн хаалгач Облак ч лут амьтан тулдаа хаасан.
Сүүлийн 20 торгуулийн цохилтоо бүгдийг нь хаалганд хийсэн түүнийг алдана чинээ бодоогүй хүмүүс халаглаж байсан нь мэдээж. Өдгөө 39 настай тэр дэлхийн аваргын цомоос бусад бүх шагналыг шүүгээндээ эгнүүлсэн. 2022 оны ДАШТ-ий чухал тоглолтод тэр дасгалжуулагчийнхаа аясыг дагасаар талбайд гараагүй. Баг нь ч ялагдал хүлээсэн. Тэр үед дэлхий нийт түүнтэй цуг уйлж байлаа.
Энэ удаа түүний гоолын төлөө хэт шунаг байгааг буруутгах хүн олдохгүй байх. Тэр нээлтийн тоглолтоос хойш бүх тоглолтод багаа манлайлж, өнгөрсөн шөнө Словенийн эсрэг 120 минут алалцах шиг болов. Хэт их хичээсэн учир л торгуулийн цохилтоо алдлаа гэж хэлмээр. Цохилтоо алдаад уйлж байгааг нь харахад өр эмтрэх ч багадмаар. Ямартай ч тэр алдаагаа засаж, багаа ялахад чухал нэгэн байж чадсан. Тэр "пеналти"-д багийнхандаа урам зориг өгч, хамгийн түрүүнд цохихдоо зүүн доогуур ганган гоол хийв.
Багийнх нь хаалгач ч сайн байж, Бруно, Бернардо андууд нь цохилтоо алдсангүй. Португал шөвгийн наймд Францтай цус үзнэ. Тэр гарцаагүй зорьсон гоолоо хийнэ. Дэлхий түүнд итгэж байгаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (10)