"ЕВРО-2024" тэмцээний шөвгийн 16-ийн ээлжит тоглолтууд өнгөрсөн шөнө дуулиантайхан болж өндөрлөв. 29-30-ны шөнө эхэлсэн шөвгийн 16-ийн эхний учраанд Швейцарын шигшээ баг өнгөрсөн ЕАШТ-ий аварга Италыг 2:0-ээр ялж, гэрт нь буцаасан бол талбайн эзэн Германчууд Данийг шигшээ багийг мөн 2:0-ээр илүүрхсэн.
Швейцарын шигшээгээс Ресо Фройлер 37 дахь минутад, 46 дахь минутад Рубин Варгас нар гоолдов. Харин Германы шигшээгээс Кай Хаверц торгуулийн цохилотоор, 68 дахь минутад Жамал Музиала гоолдсон.
Харин өнгөрсөн шөнийн тоглолтод чансаа хамгийн өндөр гэгдээд байгаа Английн шигшээ баг Соволакийн шигшээг 2:1-ээр арай чүү хожсон. Тоглолтын үндсэн 90 минутад ялагдаж байсан Английн шигшээгээс Жуд Беллинхэм нэмэлт цаг дуусааас 60 секундын өмнө гоолдож багаа аварсан. Улмаар нэмэлт 30 минут сунгаж, багийн ахлагч нэмэлт цагийн эхний минутад оруулсан Харри Кэйн-ий гоолоор 2-1 харьцаатай Словакийн шигшээ багийг хожиж дараачийн шатанд шалгарлаа. Английн шигшээ баг шөвгийн 8-ийн тоглолтоо Швейцарын шигшээ багийн эсрэг хийх болно.
Нөгөө талд хүчирхэг Испанийн шигшээ баг анх удаагаа ЕАШТ-д оролцож, хэсгээсээ шалгарч түүх бүтээсэн Гүржийн эсрэг үзэлцэв. Тоглолтын эхний гоолыг Гүржийн шигшээ баг оруулсан ч Испанийн шигшээ баг Гүржийн шигшээ багийг 4-1 харьцаатай буулган авч дараачийн шатанд шалгарлаа. Тэдний шөвгийн 8-ийн өрсөлдөгчөөр Германы шигшээ баг хүлээж байна.
ЕАШТ-д түүхэндээ анх удаа оролцсон Гүржийн шигшээ баг дэлхий даяарх сая сая хөлбөмбөгийн фанатуудын зүрх сэтгэлийг догдлуулсан тоглолтуудыг үзүүлсэн ч энэ хүрээд тэдний аялал өндөрлөлөө.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)